“Капитал” банкинд алдсан 134.8 тэрбумаар хавдартай хэчнээн хүнийг эмчлэх вэ?

Капитал банк дампуурснаар Эрүүл мэндийн даатгалын сангийн 134.8 тэрбум төгрөг салхинд хийсэхээр болоод байна. Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл тус мөнгийг банкиар төлүүлнэ гэж мэдэгдэж байгаа ч дампуурсан банк, тэдний эзэд төрийн хохирлыг барагдуулсан тохиолдол өмнө нь үгүй юм.

Эрүүл мэндийн даатгалын сангийн мөнгөний зориулалт бол ард түмэн эрүүл мэнддээ эрсдэл учирсан үед санхүүгийн дэмжлэг авах эрхтэй сан юм.

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн “Хорт хавдрын зарим тусламж үйлчилгээний зардлын Эрүүл мэндийн даатгалын сангаас төлөх төлбөрийн хэмжээг батлах тухай” 2016 оны тогтоол гэж бий. Энэ тогтоолд хорт хавдрын химийн өдрийн эмчилгээний зардлын Эрүүл мэндийн даатгалын сангаас химийн өдрийн эмчилгээний зардлын төлөх төлбөрийн хэмжээг 450 000 төгрөг, туяа эмчилгээний зардлын нэг өдрийн төлбөрийн хэмжээг 66 000 төгрөг, хорт хавдрын хөнгөвчлөх тусламж үйлчилгээний зардлын төлбөрийн хэмжээг тохиолдол бүрт 300 000 төгрөгөөр тогтоожээ.

Монгол хүн бүр, өрх бүрт аюулын харанга дэлдэж байгаа хорт хавдар гээч аймшигт өвчний эмчилгээнд зарцуулагдах ёстой төсвийн хөрөнгийг хэсэгхэн хүмүүс хувааж завшчээ. 134.8 тэрбум төгрөгөөр хавдартай хэдэн хүнийг нэг өдрөөр ч болов урт наслуулах байсныг энгийн аргаар бодож үзье.

Химийн эмчилгээ шаардлагатай 299 500 хүнийг нэг өдрөөр ч болов илүү наслуулж болох байв.

Туяа эмчилгээ шаардлагатай хүмүүст Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлсэн бол 2 042 000 хоногийг тэдэнд бэлэглэх байв.

Хөнгөвчлөх эмчилгээ шаардлагатай 449 300 хүнд тусламж үйлчилгээ үзүүлэх боломжтой байжээ.

Эх сурвалж: news1.mn Б.ЗАЯА

SHARE