УИХ-ын дахь АН-ын бүлэг тарснаа зарлалаа

УИХ-ын дахь АН-ын бүлэг хуралдаж, бүлгийг тараах шийдвэр гаргаснаа мэдэгдлээ. Энэ талаар бүлгийн дарга Д.Эрдэнэбат “АН-ын бүлэг өнөөдөр хуралдаж бүлгийн үйл ажиллагаагаа дуусгавар болгож зөвлөл болгох асуудлыг хэлэлцэн, шийдвэр гаргалаа. Мөн Стандарт банканд тавьсан өрийн асуудлаар ажлын хэсэг байгуулах нь зүйтэй гэж үзлээ. Эхний асуудлын тухайд, олон сарын турш АН-ын бүлэг байх байхгүй асуудлаар улс төржсөн. УИХ-ын гишүүн Л.Болд бүлгээс албан ёсоор гарснаар бүлэг өөрөө тарах шийдвэр гаргаснаа мэдэгдэж байна. АН-аас Их хуралд сонгогдсон долоон гишүүний хурлаар УИХ дахь АН-ын зөвлөлийн дүрмийг баталсан. АН-ын долоон гишүүн зөвлөл байгуулж байгаагаа УИХ-ын даргад албан бичгээр мэдэгдсэн. Түүнчлэн зөвлөлийн даргын сонгууль явуулж Д.Эрдэнэбат миний бие улиран ажиллах боллоо.

Хуулийн дагуу энэ долоо хоногийн Пүрэв гарагийн чуулганы хуралдаан дээр УИХ-ын дарга мэдээлснээр энэ асуудал албан ёсоор шийдэгдэнэ. Зөвлөл байгуулснаар сөрөг хүчний хувьд зарим зүйл өөрчлөгдөнө. Тухайлбал, сөрөг хүчний хувиар завсарлага авч чадахгүй болно” гэв.

Түүнээс гадна өнгөрсөн долоо хоногт Засгийн газар Стандарт банкны өрийг дарсан асуудлаар АН-ын гишүүд ажлын хэсэг байгуулахаар болсныг дуулгав.

 

 

 Эх сурвалж: news1.mn Б.ЭНХ
SHARE