Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн: Г.Өсөхбаяр миний зүрхний бөх

“Бөх” сонинд ажиллаж байхдаа “Бөхийн хорхойтон” хэмээх булан нээж, чамгүй олон хүнээс ярилцлага авсан. Тэр буланд уригдсан бөхийн хорхойтнуудын нэг бол Монгол Улсын Ардын Уран Зохиолч Бавуугийн Лхагвасүрэн юм. 2001 оны хавар Б.Лхагвасүрэн гуайтай уулзахаар утсаар тохироод Хүүхэлдэйн театрыг зүглэсэн юм. Яруу найрагч тухайн үед тус театрын захирлаар ажиллаж байлаа. Ярилцлагын зуур Лхагвасүрэн гуай олон тамхи дараалуулан баагиулан сууж билээ. Яриаг таалан уншина уу.

Яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэн гуайтай нэгэнтээ уулзахаар утсаар ярихад “Өсөхбаяр заан бол миний зүрхний бөх” гэж хэлсэн юм. Тиймээс ч энэ тухай асуултаар ярилцлагаа эхэллээ.

  • Заан Г.Өсөхбаяр таны зүрхний бөх болсон нь ямар учиртай юм бэ?
  • Би бөхийн халуун агаарт нь орж бөх үздэг хүн биш ч гэсэн телевизээр хэзээ бөх гарна вэ тэр үед телевиздээ нүүрээ нааж, хүүхдүүдийнхээ эрхийг булааж авдаг хүн л дээ. Г.Өсөхбаяр бол миний сэтгэлд их гүнзгий байр эзэлдэг заан даа. Ерөөсөө түүнд монгол бөхийн бүх шинж бүрэлдсэн юм. Ганцхан өөлөөд хэлэх юм бол уруул нь жаахан омгор. Тэрнээс бусдаар бол монгол бөх гэдэг тийм бие хаатай, тийм дөлгөөн, хэнэггүй байх ёстой гэж би боддог. Өсөхөөг би олон наадмын түрүү авах байх гэж боддог юм. Өсөхбаяр гарч ирснээрээ монгол эртний бөхчүүд буюу мартагдсан бөхийн загварыг сануулсан байх. Эртний даншгийн аваргууд чинь одоогийнх шиг өөх дагасан бөх байгаагүй юм. Өсөхөөгийн зан чанарын төлөв байдал нь бас гайхамшигтай. Би олон барилдаан харж суухад миний нутгийн хүүхэд, ёстой шагай шиг бөх А.Сүхбатын маань барилдаж байгаа нь, барьц халж байгаа нь хүртэл таалагддаггүй юм. Тэгээд үзэгчид рүү түрж байгаад барьцаа ахиулдаг зэрэг нь их таагүй санагддаг. Бөх хүн бол ухаанаасаа өөр юмтай элбэж хүнийг унагадаггүй юм. Нэг үгээр хэлбэл, бөхийн овилгоороо сэтгэлд хүрэхгүй юм. Гэтэл Өсөхөө өөр шүү.
  • Өсөхбаяр заан Сүхбат арсланд нэлээдгүй уналаа. Заанд юу дутаж байна гэж та боддог вэ?
  • А.Сүхбатад байдаг шар дутаж байгаа юм. Шар гэдэг маань аа биш шүү дээ.
  • Та “элэг бүс” гэж монгол бөхөд байх ёсгүй гэж хэлж байсан. Яагаад тэр вэ?
  • Элэг бүс гэдэг бол анагаах ухаанд элэгний хагалгаа хийгээд задарсан элгийг сэмжээр нь ороож хийхийг хэлдэг юм. Элэг бүс гэдэг үг монгол бөхөд ерөөсөө байгаагүй. Элгэн дээр тогтдог бөх ч гэж монгол хэлэнд байж болохгүй. Язгуурын монгол хэлээр бол “зодгон дайс” гэж нэрлэмээр байгаа юм. Тэгээд яахав, зодгон дайсны барьцтай гээд ярих гэхээр л эвгүй байгаа байх л даа. Ер нь монгол бөхийн ёс жаягийг хэсэг бүлэг хүн шинэчилж зохиодоггүй юм. Би бөхчүүд давчихаад туг тойрдгийг ч хүлээн зөвшөөрдөггүй. Туг тойрч байгаа нь ямар ч утгатай юм. Яахав, тугандаа мөргөөд барилдаан эхэлж болно л доо. Одоо ч тэгээд гурван шороотой ч бөх барилдаж байх шиг, унаагүй гээд л хэрэлдээд байх болж. Энэ бүхэн бол жудаг ёсыг нь тогтоогоод хуульчлаагүйгээс болж байгаа юм.
  • Жилээс жилд наадам улам “зохион байгуулалттай” болж байна гэх юм…?
  • Энэ бол зохион байгуулалттай болж буй хэрэг биш хүнээс л улам холдож байгаа юм. Ерөөсөө л бөх барилдах ёстой гээд тохироод хэдэн бөх барилдаад, заримыг нь начин болгодог тохирооны зүйл болсон. Уг нь ардын цэнгэл шүү дээ.
  • Бөхчүүд бие биедээ бууж өгөөд байгааг юу гэж үзэх вэ?
  • Энэ бол ард түмний хүндэтгэл, жаргал цэнгэлийг л наймаалцаж байгаа явдал юм. Би энийг ерөөсөө ойлгохгүй байна. Бат-Эрдэнэ аваргын бууж өгснийг ч би ерөөсөө ойлгоогүй. Магадгүй Бат-Эрдэнэ аваргын бөхийн түүхэнд орж ирснээсээ хойшхи хамгийн тэнэг үйлдэл энэ байсан байх гэж бодож байна. Хүн чинь бусадтай нийлж барилдах ёсгүй юм шүү дээ.

  • Их аварга тахимаа өгөхөд танд ямар санагдсан бэ?
  • Тэгэхэд тэр наадам тэр чигээрээ гутсан. Миний сэтгэлд дүрэлзэж байсан наадмын гал тэр дороо л унтарсан. Түрүүлж чадахгүй болтлоо л түрүүлэхийн төлөө барилдах ёстой байхгүй юу. Өөрөөр хэлбэл, он цагийг эзэгнэсэн хүчтэн Монголд байх явдлаас Бат-Эрдэнэ татгалзсан юм. Аваргыг ингээд тахимаа өгөхөд өндөр хясаан дээрээс монголчуудын бэлгэдэл болсон сайхан амьтан нисэж байгаа юм шиг надад санагдсан. Бат-Эрдэнэ аварга бодохдоо, хавир үтэр гэсэн Ойрад Монголын болон Халхын бөхчүүдийн сэтгэлийн ялимгүй зөрчлийг багасгахыг бодсон байж болно. Гэлээ ч тэгж бодлоо гэхэд тийм аргаар түүнийг тэгшилж болохгүй л дээ.
  • Танд хамгийн их гэрэл гэгээ өгсөн наадмаа дурсана уу?
  • Анх үзсэн сумын наадам л байдаг юм даа. Ижий аавтайгаа яваад би тэр жаахан сумын наадам дээр төөрчихөөд бас хуушуур авч идээд… хуушуурны тос нь гарын салаагаар садраад байж байсан нь зүйрлэшгүй сайхан санагддаг. Мөнхбат бид хоёр нэг сургуулийн хоёр л доо. Тэгээд хоёулаа наадам үзээд явж байх сайхан байсан.

  • Мөнхбат аварга ямаршуу хүү байв даа?
  • Би Мөнхбатыг “Халзан Бухандай” гэдэг байсан юм. Тэгээд би сүүлд Мөнхбатад “Улс орон чамд олон цол өглөө. Гэхдээ хамгийн том цол чинь Лүнгийн сургуулийн халзан Бухандай” гэдэг байх шүү” гэж хэлж байлаа. Мөнхбат шатар их тоглодог, нэг л их нөмөртэй сайхан хүү байсан даа. Тэр Лүнгийн сургууль Мөнхбатад багадаж байсан байхдаа гэж би сүүлд бодож байсан. Мөнхбат дараа нь хэнд ч дийлдэхгүй бөх болсон ч гэсэн бие нь яг л жаахан хүүхдийнх шиг булбарай, хатигны ч сорвигүй байлаа. Естой л нэг түүхий сүүний бяслаг шиг л бөх байсан даа. Тэгээд бас багынх нь хамраа шанхайлгадаг зан нь яг л хэвээрээ байсан.

  • Таны нутгийн бас нэг сайхан бөх Хадаа аваргын тухай дурсана уу?
  • Хадаа маань айхавтар хэцүү “аавынхаас” гараад надад ирж 50 төгрөгөөр золгоод явсан л даа. Тэгэхэд нэг жаахан биетэй Бадарч нэртэй хүнтэй цуг явсан. Яг л аав нь хүүгээ цэцэрлэгээс аваад явж байгаа юм шиг л харагдсан даа. Хадаа өөд болсны дараа би дууль гэж хэлж болохоор том шүлэг түүнд зориулж бичсэн. Тэгээд тэр шүлгийн дөрвөн мөрийг авч чулуун дээр нь сийлсэн. Сүүлд Хадаагийн тэмдэглэлийн дэвтэр олдоод түүнийг уншиж байхад “Тэнэг хүн байгаагүй. Том биетэй хүүхэд л байж дээ” гэсэн бодол төрж байсан. Яг л бичиггүй цэвэрхэн цаас шиг сэтгэлтэй хүн байсан дээр нь олон хүн янз бүрийн будгийн харандаагаар их юм сараачсан байхаа л гэж би боддог юм шүү дээ. Ер нь би тэр тэмдэглэлийг нь олон түмэнд ил болгож болдоггүй л юм байх даа гэж боддог.

  • Та бөх үзээд уйлж байсан уу?
  • Олон удаа уйлж байсан. Би Цэрэн аваргыг дэвээд гарахад нь дотор хачин болдог байсан. Ёстой жинхэнэ бөхийн бие хаа тийм л байдаг байх даа. Би Цэрэн аваргыг Ахуйн үйлчилгээний газар ачигч хийж байхад нь Ж.Лхагватайгаа хамт очсон юм. Тэгсэн:

Ахуйн үйлчилгээний ачигч

Аварга Цэрэн гэвэл

Андахгүй мэднэ… гээд л шүлгээр яриад угтаж байж билээ.

  • Та хамгийн сүүлд бөх үзээд уйлснаа дурсахгүй юу?
  • А.Сүхбатыг түрүүлэхэд л одоо би загнаад байгаа мөртлөө л эрхгүй уйлсан даа. Тэр нулимсны найрлагыг судалбал нутгийн шороо бас бий биз дээ. Би А.Сүхбатад хайртай болохоор зэмлэж байх шиг байгаа юм. Чи дөлгөөн байгаач ээ, халахдаа хүртэл зөв халаачээ гэж хэлмээр санагддаг юм.

  • Та Болор цомд шүлгээ уншчихаад “Миний шүлгэнд үнэлгээ бүү өгөөрэй” гэчихээд гараад явчихсан. Та тэр Болор цомоос гутсандаа тэгсэн үү?
  • Би шүүгчдээс нь гутсан юм. Тийм доктор шүлгийг тэгж ойлгож, тийм оноо өгч байна аа гэдэг нь инээдтэй санагдсан. Хоёрдугаарт, миний хүүгийн шүлгийг хоёрын даваанд хассан. Аливаа сүүдрийг тухайн хүн дээр нь л тусга. Урд хөл нь бүдрэхэд хойд хөлийг нь бүү ороолго гэдэг шүү дээ. Миний хүүгийн шүлэг сайн шүлэг байсан. Тэгээд ч би Монголын уран зохиолд найр тавьсан хаалгаар орж ирээгүй. Би Монголын уран зохиолд орж ирж, анхны шүлгээ хэвлүүлснээс хойш 20 жилийн дараа анхны түүврээ гаргасан. Энэ завсар би улаан булан тохижуулах, театрт зураг зурах аргаар хэдэн хүүхдээ тэжээж байсан. Би шүлгийг тахин шүтэж, далд бичиж, шүлгээ аваачаад өгөхөд буцаадаг байсан. Би 20 жил доромжлуулсан. Миний түүврийг редакторлах хүн байхгүй байхад Явуу багш зориг гаргаж “За яахав, би авья” гээд гаргаж байсан юм.
  • Та Г.Өсөхбаяр зааныг хэд түрүүлнэ гэж бодож байна?
  • Ямар ч байсан Мөнхбатын түрүүлсний дайны юм бий дээ гэж бодож байна.
  • Танд бөхөөс өөр юу нь таалагдахгүй байна вэ?
  • Би бөх хүний хаягийг нутаг гэж боддог. Гэтэл одоо тэр компанийн бөх, энэ компанийн бөх гээд зарлах болж. Энэ чинь зүгээр л манай компани бөхтэй гэж гайхуулах гэж, компаниа алдаршуулахын тулд л реклам болгож байгаа юм. Бөх бол ашиг сонирхлын реклам биш шүү дээ. Яахав, бөхөө хүндлээд цалин өгч, тусалж дэмждэг л юм байгаа биз. Гэхдээ би энэ бөхийг амжилт гаргахад тус болж, ар гэрт нь тусалж байсан гэж хожим хэлэх үгтэй л байх нь бахархал шүү дээ. Гэтэл манай компанийн бөх түрүүлсэн гэж өрсөж орилох гэж л бөхөд хандахаа болимоор санагдах юм.

  • Таны үзсэн барилдаануудаас хамгийн сайхан нь ямар барилдаан байв?
  • Манай нэг нэртэй зохиолч бөх үзэж байгаад “Еэ чааваас!” гээд ширээгээ шаагаад өөд болчихож байсан юм гэнэ билээ. Би Ганбаатарыг түрүүлэхэд эмнэлэгт хэвтээд наадам үзэж байсан юм. Тэгэхэд тэр гэнэтийн, хэний ч санаанд оромгүй наадмыг үзээд үхчихээгүй нь яамай даа гэж боддог шүү. Тийм гэнэтийн юм чинь сайхан юм билээ.

  • Бөхийн тухай сайхан дурсамж ярихгүй юу?
  • Мөнхбат арван жилд байхдаа надаар охидод захиа зөөлгөдөг байлаа. Тэгээд л “Хариу нь яасан бэ?” гэж асууна. Тэгэхээр нь “Мөнхбат аа, миний өгсөн захианы хариуг өгөхгүй юм аа. Чи тэр захиа Батсүхээр зөөлгө” гэснээс хойш надаар захиа зөөлгөхөө больсон юм. Тэгээд нэг өдөр хичээлдээ ирсэн чинь Мөнхбат, захиа Батсүх гээд есөн хүүхдийг охидод захиа тараасан хэргээр багш нарын зөвлөгөөнөөр орууж загнаж байсан даа. Яг нэг ижил захиаг охидод хувилаад л тараачихдаг байсан хүн дээ, Мөнхбат чинь.
  • Захиаг нь та бичиж өгдөг байсан уу?
  • Үгүй ээ, Мөнхбат өөрөө бичнэ. Би зүгээр л алдаа байвал засдаг. Гэтэл Мөнхбат харин захиа бичсээр байгаад намайг яруу найрагч болох замаа эхэлсэн гэж байсан. Яаж тийм юм байх вэ дээ.
  • Ярилцлага өгсөн танд баярлалаа.

Р.Мөнхдаваа /Р.Гэгээ/

“Бөх” сонин. 2001 оны гуравдугаар сар.

 

 

 

SHARE