Ц.Зоригийн шүүсэн ганц хэрэг нь С.Зоригийг хөнөөсөн хэрэг байжээ

Ерөнхийлөгч Х.Баттулга 2019 оны гуравдугаар сарын 28-ны өдөр зарлиг гаргаж Улсын Дээд шүүхийн ерөнхий шүүгч Ц.Зоригийг албан тушаалаас нь чөлөөлсөн.

Ингэхдээ “…Өөрийнх нь хүсэлтээр албан тушаалаас нь чөлөөллөө” гэсэн юм.

Тодруулбал, Ерөнхийлөгчийн зарлигт “…Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 4 дэх хэсгийг үндэслэн зарлиг болгох нь: Цэвэгмэдийн Зоригийг Монгол Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалаас өөрийнх нь хүсэлтээр чөлөөлсүгэй” гэжээ.

Гэтэл Үндсэн хуулийн 51.4-т “…Үндсэн хууль, Шүүхийн тухай хуульд заасан үндэслэл, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу огцруулах, эсхүл хүсэлтээр нь чөлөөлөхөөс бусад тохиолдолд аль ч шатны шүүхийн шүүгчийг огцруулахыг хориглоно” гээд заачихсан. Өөрөөр хэлбэл, Шүүхийн тухай хуульд Ерөнхийлөгчийн зарлигт заасан үндэслэл байхгүй юм.

За энэ яахав гэж бодъё.

Олон нийтийн зүгээс Улсын Дээд шүүхийн ерөнхий шүүгч /асан/ Ц.Зоригт шүүмжлэлтэй хандаж байгаа юм. Тэр албан тушаалдаа байсаар байх юм бол элдвийн л факт мэдээлэл ил болж балрахаар байсан.

Гэвч Ерөнхийлөгчийн зарлиг гарч, “хүсэлтээр нь” чөлөөлснөөр Ц.Зоригтой холбоотой дзуулиан намжиж байх шиг байна.

Гэхдээ Ц.Зориг өнөөдөр Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн ажлаа өгсөн болохоос Улсын Дээд шүүхийн шүүгч хэвээр байгаа. Товчхондоо, Ерөнхий шүүгчийн өрөөгөө Улсын Дээд шүүхийн шүүгчийн өрөөгөөр сольсон төдий юм.

Яг л, хэдэн жилийн өмнө С.Баярцогтын оффшорын асуудал дэлгэгдэхэд УИХ-ын дэд даргын албан тушаалаа өгөөд дуулианыг намдаадаг шиг аргыг Ц.Зориг хэрэглэсэн байгаа юм.

Ц.Зоригийн хувьд Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр ес дэх жилдээ ажиллаж байгаад ажлаа өглөө. Энэ хооронд цорын ганц удаа шүүх хурал даргалсан байдаг.

Тэр нь 2017 оны наймдугаар сарын 4-ний өдөр С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг Улсын Дээд шүүхийн Эрүүгийн танхимын тэргүүн Т.Уранцэцэгийг оролцуулалгүйгээр  Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр нарыг оруулж, өөрөө хурлыг удирдан яллаж байв. Тэр хуралд Улсын яллагчаар Улсын ерөнхий прокурорын орлогч /асан/ Г.Эрдэнэбат оролцсон байдаг юм.

Хэдийгээр Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч шүүх хуралдаанд оролцох, хурал даргалах эрхтэй ч С.Зориг лав чилийсэн найман жил Ерөнхий шүүгчээр ажиллахдаа ганцхан удаа хурал удирдаж оролцсон нь энэ болсон байгаа юм.

Энэ асуудлыг анхаарах газар нь анхаарч эхэлсэн бололтой.

Эх сурвалж: ura.mn Г.Тулга

SHARE