Уорнок: Дэлхийн хамгийн шилдэг лиг ч гэлээ дэлхийн хамгийн муу шүүгчидтэй

 

Английн Премьер лигийн 32 дугаар тойргийн “Кардифф”-“Челси”-гийн тоглолт 1:2-оор өндөрлөсөн. Талбайн эзэн “Кардифф”-ынхан 1:0-ээр тэргүүлж яваад, хоёр гоол алдснаар хожигдсон юм. “Челси”-гийн оруулсан Аспиликуэтагийн гоол илт отон байсан ч шүүгч Крейг Поусон анзаараагүй мэт өнгөрсөн.

Премьер лигт үлдэхийн төлөө тэмцэж буй Уэльсийн багийн хувьд энэ нь шүүгчийн уучлашгүй алдаа байлаа. Тиймээс дасгалжуулагч Нил Уорнок ч тоглолтын дараагаар үгээ гамналгүй хэлжээ.

“Шүүгч нар чамайг хожчихоор хурдхан л VAR-тай болохсон гэж бодох юм. Бид гурван долоо хоногийн турш энэ тоглолтод бэлдсэн. Гэвч шүүгч нар биднийг хожчихлоо. Бид юуны төлөө махаа идэн зүтгэж буйг шүүгч нар яаж мэдэхэв.  Би “Бернли” юмуу эсвэл “Брайтон”-ы фанат байсансан бол одоо үсэрч цовхрон баярлаж байгаа биз.

Шүүгч отонг хараагүйг бидний алдаа л гэж битгий хэлж үзээрэй. Миний дасгалжуулагчийн замналынхаа туршид харсан хамгийн тодорхой илт отон энэ байлаа. Мөн заавал пенальти заах ёстой алдаа ч тэд гаргасан. Одоо бид юу хийх вэ? Биднийг яалаа гэж ингэж шийтгэж байгаа юм бол?

Дэлхийн хамгийн шилдэг лигтэй хэрнээ дэлхийн хамгийн муу шүүгчидтэй. Тэр шүүгч нар юуны төлөө тоглолт вэ гэдгийг ч мэдэхгүй. Ийм түвшинд алдаа гаргах ёсгүй. Ийм зүйл харах гэж би 70 хүртлээ ажиллаж буй хэрэг үү?

Манай залуус шанаадуулчихсан мэт болчихлоо. Яагаад биднийг байнга ингэж нүдээд байгаа юм бэ? Шүүгч нар яах гэж ингэнэ вэ? Энэ бол зөвтгөлгүй гэмт хэрэг. Манай залуус над шиг сэтгэлээр уначихвал энэ улирал дуусчихлаа л гэсэн үг” хэмээн Уорнок өгүүлсэн байна.

Кардифф – Челси 1:2

Гоол: Камараса 46, Аспиликуэта 84, Лофтус-Чик  90

Кардифф:  Этериж, Пелтьер, Моррисон, Манга, Беннетт, Гуннарссон, Артер (Роллс, 80), Мерфи (Мендес-Лэйнг, 90), Камараса, Хойлетт, Ньяссе (Зохоре, 85).

Челси: Аррисабалага, Аспиликуэта, Рудигер, Давид Луис, Алонсо, Ковачич, Жоржиньо (Лофтус-Чик, 64), Баркли, Педро (Азар, 53), Игуаин (Жиру, 77), Виллиан.

Шар хуудас: Жоржиньо (26), Артер (54), Аспиликуэта (61), Гуннарссон (86), Рюдигер (87).

news1.mn Р.Гэгээ

SHARE