Нийслэлд хэрэгжүүлэх БСШУС-ын салбарын төсөл, арга хэмжээнүүдийн явцыг хэлэлцлээ

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас 2019 онд дэвшүүлсэн салбарын хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлуудыг эрчимжүүлэх зорилтын хүрээнд харилцан уялдаатай ажиллах холбогдох албаныхны хурлыг БСШУСЯ-ны санаачилгаар зохион байгууллаа.

Хурлыг БСШУС-ийн дэд сайд Г.Ганбаяр удирдаж, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Барилгын хөгжлийн төвийн хөрөнгө оруулалт, барилга, бүтээн байгуулалтын асуудал эрхэлсэн дарга, мэргэжилтнүүд оролцов.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарт Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, “Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” төслийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2019 оны улсын төсөвт шилжих 222, шинэ 381 төсөл арга хэмжээний 616.4 тэрбум төгрөг батлагдсан юм. Үүнээс зөвхөн Нийслэлийн хэмжээнд 2019 онд урьд оноос шилжин хэрэгжиж буй 40, шинээр хэрэгжүүлэх 51 төсөл, арга хэмжээний явц байдлын мэдээлэлтэй танилцаж, аль шатанд ямар бэрхшээл байгааг нэгбүрчлэн тодрууллаа. Тухайлбал, дээрх 91 төсөл, арга хэмжээний ажлын гүйцэтгэлийн хувь, зураг, төсөв нь батлагдаж, тендер зарлагдсан эсэх, газар чөлөөлөлтийн явц, үнэлгээ зэргийг тодруулж, зарим ажлыг эрчимжүүлэх талаар шуурхай арга хэмжээ авахыг холбогдох газруудад үүрэг болголоо.

Салбарын хөрөнгө оруулалтын богино болон дунд хугацааны тэргүүлэх чиглэл нь хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулах, анги дүүргэлт хэт өндөртэй буюу 3 ээлжээр хичээллэж байгаа сургуулийг 2 ээлжид шилжүүлэх, малчдын хүүхдийг дотуур байранд бүрэн хамруулах, шинжлэх ухаан, технологи, инновацын салбарт дэд бүтцийг сайжруулах, үндэсний урлагийн ордон, байгалийн түүхийн музей, театр байгуулж, соёл урлагийг дэмжих зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэгдэж байна.

SHARE