Э.Идэрцог: Оюутолгойн гэрээтэй холбоотой хэргийн хүрээнд олон улсын байгууллагатай хамтран ажиллаж байна

УИХ-ын дарга Г.Занданшатар тэргүүтэй улстөрчид Швейцарь улсад албан ёсны айлчлал хийх үеэр Сангийн сайд асан Ц.Баярцогтын нууц дансны хуулгыг Монгол Улсад авчирсан гэх “дуулиан” дэгдсэн. Дуулианы эзэн нь Т.Аюурсайхан. Түүний ярьснаар УИХ-ын даргатай “үгсэж” Ц.Баярцогтын нууц дансны мэдээллийг авчрах зорилгоор айлчлалын багт багтсан гэнэ. Ингэж очоод Швейцарын “Credit Suisse AG” банкан дахь Сангийн сайд асан С.Баярцогтын ам.долларын гурав, еврогийн хоёр буюу нийт таван дансны 2008 оны есдүгээр сарын 30-наас 2013 оны арванхоёрдугаар сарын 31-нийг хүртэлх хугацааны гүйлгээний дэлгэрэнгүй хуулгыг авч иржээ.

Т.Аюурсайхан гишүүний энэ мэдэгдэл хэсэг хүмүүст маш таатай, бүр ардын баатар мэтээр цоллож байна. Гэтэл айлчлалд хамт явсан бусад гишүүд бүгд өөр тайлбар хийж байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Пүрэвдорж “”Швейцарьт гишүүд ажиллах үеэрээ тус улсын хууль хяналтынхантай огт уулзаагүй. Т.Аюурсайхан ганцаараа шѳнѳ дѳлѳѳр уулзчихаагүй л бол ѳдрийн цагаар ийм уулзалт болоогүй. С.Баярцогтод хамаарах дансны мэдээлэл биднийг Швейцарьт айлчлахаас 14 хоногийн ѳмнѳ Гадаад харилцааны яаманд ирсэн. Үүнийг өөрөө авчирсан мэтээр ярьсан байна лээ” гэсэн бол УИХ-ын гишүүн О.Баасанхүү “”Тэр хүн хэнтэй уулзсан, юу ярьсан, цүнхэнд нь ямар бичиг байсан гэдгийг нь тогтоох боломжгүй. Жишээлбэл, УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан намрын чуулганы хуралдааны үеэр “Гурван машин нотлох баримтыг шатаасан гэж мэдэгдсэн. Мөн гэрт нь тагнах, чагнах төхөөрөмж байршуулаад тэр нь илэрсэн” гэж Т.Аюурсайхан өөрөө ярьсан. Үүнд хуулийн байгууллага хариулт өгөөгүй.  Ирсэн гээд байгаа бичигт нь ч гэсэн хуулийн байгууллага хариулах ёстой. Сүүлийн үед янз бүрийн мэдээлэл гаргадаг айхтар сэтгүүлч мөн улстөрчид гарч ирсэн. Би 20 жил хуулийн ажил хийлээ. Зөвхөн хуулийн байгууллага мэдэх ёстой, мэдэх бололцоотой, цаашлаад зөвхөн гүйцэтгэх ажлаар мэдэх боломжтой тэр мэдээллүүдээр сүүлийн үед шоу хийх боллоо” гэсэн байгаа юм.

Тэгвэл яг энэ мөчид Сангийн сайд асан Ц.Баярцогт өөрөө тайлбар хийлээ. Тэрээр “Швейцарын тал ямар нэгэн материалыг шууд хүсэлт тавьсан улс төрч, шударга тэмцэгч байсан ч өгөхгүй. Яаж өгөх вэ гэвэл тодорхой хууль хүчний байгууллага нь эрүүгийн хэрэг үүсгэж шалгаад бүгдийг нь гаргаж, шүүхээр оруулж байгаад өгдөг. Энэ процес жил гаруй үргэлжилсэн. Тэр хугацаанд манай АТГ, прокурорын байгуулага Швейцарын талтай хамтарч ажилласан байх гэж бодож байна” гэлээ.

Яг энэ тухай жил гаруйн өмнө буюу 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдөр АТГ-аас хэвлэлийн бага хурал зарлах үеэр Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Идэрцог сэтгүүлчдийн асуултад ийн хариулж байжээ. Тэр яриаг сийрүүлбэл:

-Мөрдөн шалгах ажиллагааны явцад манай байгууллагаас НҮБ-ын Авлигын эсрэг конвенци, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг үндэслэн БНХАУ, Сингапур, Панам, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн вант улс Швейцарь, АНУ, Канад, Хонконг,  Австри улс зэрэг орнуудын хууль хяналтын байгууллагуудад хүсэлт хүргүүлж холбогдон ажиллаж байна.

Өөрөөр хэлбэл, АТГ Авлигын эсрэг НҮБ-ын конвенцийн хүрээнд FATF Инторпол Стар санаачилга Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллага Төв банкны Санхүү мэдээллийн алба зэрэг эрх зүйн харилцан туслалцааны гэрээ шаардлагдахгүй эх үүсвэрүүдийг ашиглаж холбогдох хүсэлтийг хүргүүлэн шаардлагатай мэдээллийг 2008 оноос хойш авч ажиллаж ирсэн…Тодотгож хэлэхэд С.Баярын хамаарал бүхий этгээдүүд АНУ-д 7 байшин худалдан авсан асуудлаар АНУ-ын эрх бүхий байгууллагуудтай шууд харилцаж мэдээлэл солилцож ажиллаж байгаа. Монголбанкны Ерөнхийлөгч асан Н.Золжаргалд холбогдох хэргийн хүрээнд Австрийн хуулийн байгууллагатай хамтран ажиллаж байна. Түүнчлэн Оюутолгойн гэрээтэй холбоотой хэргийн хүрээнд ИБУИНВУ-ын Онц залилангийн гэмт хэрэгтэй тэмцэх газар, Канадын Морьт цагдаагийн газар зэрэг байгууллагуудтай Авлигын эсрэг НҮБ-ын конвенцийн хүрээнд хамтран ажиллаж байгаа” гэжээ.

Үүнээс харахад АТГ-ынхан ажил үүргийнхээ хүрээнд аль жил гаруйн өмнө энэ ажиллагааг хийж байгаагаа зарлаж байж. Хуулийнхны хийсэн ажлыг өөрөө хийсэн мэтээр тайлбарласан Т.Аюурсайханы попролт хэрээс хэтэрч байгааг учир мэдэх хүмүүс ярих болжээ.

Эх сурвалж: news1.mn Б.ЗАЯА

SHARE