Хүчээр баригдаад хүчээр суллагдчихав уу

Д.Бат-Очир

“Эрдэнэт”-ийн 49 хувийг хууль бусаар авсан асуудлаар Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг, гүйцэтгэх захирал О.Орхон, Монголын зэсийн Ц.Пүрэвтүвшин нарыг энэ сарын 5-ны өдөр Эрүүгийн цагдаагийн албаныхан баривчилж, улмаар Хорих 461 дүгээр ангид саатуулсан.

Гэнэтийн энэ баривчилгаа нь Худалдаа хөгжлийн банкны нэр хүнд, харилцагчдын сэтгэл зүйд цохилт өгсөн явдал болов.

Банк бол эмзэг тогтолцоотой, нийтийн эрх ашгийг нэгтгэж үйл ажиллагаа явуулдаг байгууллага юм. Тиймээс Худалдаа хөгжлийн банкны удирдлагуудыг баривчилсан нь дан ганц Д.Эрдэнэбилэг, О.Орхон бус тэдний харилцагч, тус банкинд хөрөнгө мөнгөө даатгасан байгууллага, иргэдийн эрх ашиг цуг хөндөгдсөн гэсэн үг.

Гэхдээ төрийн хүч, төрийн сүрийг үзүүлсэн энэ баривчилгааны дуулиан намжиж амжилгүй, маргааш өглөө нь тэднийг сулласан юм.

Энэ шийдвэрийг Сүхбаатар, Баянзүрх, Чингэлтэй дүүргийн шүүхийн цагдан хохих асуудал хариуцсан шүүгч Х.Идэр гаргасан байна.

Х.Идэр нь УИХ-ын гишүүн асан, АН-ын ахмад гишүүн Д.Хувьтөгөлдөрийн хүү юм байна. Д.Хувьтөгөлдөр “Эрдэнэт” үйлдвэрт ажилладаг гэсэн мэдээлэл бий.

Мөн Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг, гүйцэтгэх захирал О.Орхон, Монголын зэсийн Ц.Пүрэвтүвшин нарыг баривчилсан орой экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Дээд шүүхийн Ц.Зоригийг дуудаж даалгавар өгсөн. Ц.Зориг маргааш өглөө нь Х.Идэрийг дуудаж үүрэг өгөөд дээрх гурван нөхөр суллагдсан гэсэн мэдээлэл цацагдсан.

24 цаг “суугаад” суллагдсан гурвын нэг болох  Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал О.Орхон 6-ны өдөр банкин дээрээ хэвлэлийн хурал зарлаж “Өчигдөр гэрээсээ ажил руугаа явж байхад хууль бус баривчилгаа болсон. Ингэхийн тулд хуулийн дагуу боломж байсан ч нэгийг нь ч ашиглалгүйгээр цагдаагийн тусгай хүчнийг ашиглаж онц ноцтой гэмт хэрэгтэн баривчилж байгаа мэтээр баривчилсан. Ингэхдээ миний асуултад огт хариулалгүй авч явсан” гэж мэдэгдсэн юм.

О.Орхон бол Монголын нэртэй банкируудын нэг. Харагдах байдлын хувьд дэгжин, бас нэлээд пээдгэр нөхөр байдаг юм. Харин 24 цаг хоригдоод гарч ирснийхээ дараах хурал дээр нэлээд зутарсан харагдана лээ.

Энэ бүхнээс үзэхүл Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг, гүйцэтгэх захирал О.Орхон, Монголын зэсийн Ц.Пүрэвтүвшин нар хүчээр баривчлагдаад хүчээр суллагдчихав бололтой.

Эх сурвалж: news1.mn

SHARE