“Эко Алт” ХХК уурхайн ослыг газар хөдлөлт гэж гүрийсээр байна гэв үү?

Төв аймгийн Заамар сумын нутагт алт олборлож байсан “Эко Алтан Заамар” буюу “Эко Алт” ХХК-ийн Баянголын эх нэртэй тусгай зөвшөөрөлтэй уурхайд 2019.02.28-ны өдөр нуранги үүсч 4 уурхайчин амь эрсэдсэн юм. 80 метрийн гүн, байнгын ус шүүрч уурхайд онцгой байдлын аврагчид эрэн хайх ажиллагаа явуулахад хүндрэлтэй байсаар хамгийн сүүлчийн уурхайчны цогцсыг өнөөдөр өглөө олсон  тухай ОБЕГ-аас мэдээлэв.

Одоо ослын голомтод бусад техник хэрэгслийг татаж гаргах ажил үргэлжилж байгаа бөгөөд уурхайд нуранги үүссээр байгаа гэнэ.

Одоогийн байдлаар ослын шалтгааныг мэргэжлийн байгууллагууд албан ёсоор зарлаагүй байна. Аймгийн мэргэжлийн хяналтын газрынхан ослын голомтоос авсан усны дээжийг Улаанбаатарт шинжлүүлж байгаа аж.

“Эко Алт” ХХК-ийн уурхайн дэргэд нуур байгуулахдаа хоорондын зайн стандартыг алдсанаас нуурын ус уурхай руу нэвчин нуранги үүсгэсэн гэж мэргэжлийн байгууллагууд эхний байдлаар дүгнээд байгаа юм. Үүнийг батлахын тулд ослын голомтоос усны дээжийг нарийн шинжилгээнд шилжүүлсэн нь тэр аж.

Харин “Эко Алт” ХХК-ийн зүгээс энэ дүгнэлтийг эрс эсэргүүцэж байгаа мэдээлэл байна. Тэд ослыг газар хөдлөлттэй холбон тайлбарласаар байгаа аж. Өөрөөр хэлбэл, газар хөдлөлтөөс үүдсэн осол хэмээн мэлзэж, ийм мэдээллийг орон нутгийнханд тарааж байгаа бололтой. Нутгийн иргэд тус компанийг лабораторийн шинжилгээнд нөлөөлөх вий гэсэн болгоомжлолтой байгаагаа хэлж байна.

Дашрамд дурдахад, ОБЕГ-ын дэд даргаар ахлуулсан ажлын хэсгийнхэн ослын голомт дээр анх очихдоо уурхайн ослыг газар хөдлөлтөөс үүсээгүй гэдгийг албан ёсоор мэдэгдсэн билээ. Энэ бол мэргэжлийн байгууллагын мэргэшсэн албан хаагчийн байр суурь гэдгийг онцлох учиртай.

Эх сурвалж: news1.mn Б.ЭНХ

 

 

SHARE