Анагаахын сургууль С.Мөнхбаярлахын мөнхийн тоглоом юм уу ?

1.

АШУҮИС-ын Анагаахын сургуулийн захирал, ноён С.Мөнхбаярлах гэгчийн тухай тус салбарынхан сүүлийн үед ихэд ярих болжээ. Нэртэй төртэй эмч ч юм уу, эсвэл энэ салбарт хүлээн зөвшөөрөгдсөн зүтгэлтэн ч биш болохоор салбарынхан уг нь төдийлөн мэддэггүй. Харин сүүлийн хэдэн жил энэ улсын анагаах ухааны салбарын боловсон хүчнүүдийг бэлтгэн гаргадаг АШУҮИС-ын орчинд түүний бужигнуулж буй бусармаг үйлдлүүд, дур зоргоороо авирладаг хэрээс хэтэрсэн ааш аяг, хийдэг гайхаш төрөм хөндлөн алхам, болчимгүй шийдвэрүүдээрээ салбарынхны нүдийг орой дээр нь гаргадаг болсноор “танигдсан”.  АШУҮИС-ын гол салбар сургуулиудын нэг болох Анагаахын сургуулийн захирлаар түүнийг хэн гэгч улстөрч залж, оройн дээд болгосныг янз бүрийн эх сурвалжаар анагаахынхан ярих юм. Хувийн ёс суртахуун, ажлаа явуулдаг мугуйд арга барил зэргийг алгасан яагаад түүнийг Анагаахын сургуулийн захирлын ажлыг гүйцэтгэж чадахгүй гэж үзэж буй  үндэслэлүүдийг уншигч танд сонирхуулья.

С.Мөнхбаярлах нь хуучин хийж байсан Биоанагаахын сургуулийн захиралын ажлаа ч дутуу дулимаг хийж байжээ. Үүнийг нотлох баримтын нэгийг иш татахад  АШУҮИС-ын захиралаар ажиллаж байсан  Ц.Лхагвасүрэнгийн үед тэрбээр Биоанагаахын сургуулийн захирал, тэнхмийн эрхлэгчийн үүрэгт ажлаа санаачлагагүй, хариуцлагагүй хийсэн үндэслэлээр албан тушаал буурч ажиллаж байсан байх юм. Энэ шийдвэрийг гарсны дараа захирал Ц.Лхагвасүрэнгээ ихэд занаж, өөрийгөө өмөөрөн элдэв далд явуулга хийж ч үзэж байж. Гэхдээ одоо тэд нэг завин дээр суусан гэх.

За энэ ч яахав, ер нь яагаад салбарынхан энэ захиралд таагүй ханддаг төдийгүй, Анагаахын сургуулийг тоглуулж болохгүй гэж үздэг вэ гэхээр С.Мөнхбаярлах нь анагаахын эмнэлзүйн чиглэлээр ажиллаж байгаагүй, судалгаа шинжилгээний ажлын чиглэл нь суурь шинжлэх ухаан буюу физиологиор хийсэн юм байна. Мэдээж ланжгар профессорууд ийм хүнийг авч хэлэлцэхгүй л дээ.

2.

С.Мөнхбаярлах нь Биоанагаахын сургуулийн захирлаа хийж чадахгүй алдаа дутагдлаар цоллуулж явсан ч гэнэтийн татаасаар Анагаах ухааны сургуулийн захирал болсон сүйхээтэй нэгэн. Сургуулийн хүрээнд бол энэ нь том орон зай. Тийм ч учраас тэрбээр ёстой санааныхаа зоргоор Анагаахын сургуулийг самарч эхэлсэн. Мэдээж ийм самрааных нь жишээ дэндүү олон. Юун түрүүн тэрбээр Эмнэлзүйн гол тэнхим болох клиник лаборатори, эмгэг судлал, эмнэлзүйн эм судлалын суурь анагаах ухааны тэнхмүүдийг татан буулгажээ. Татан буулгах гэх нэр ч гоёдож мэднэ. Үндсэндээ сургуулийн гол цөмийг татаад унагасан гэхэд хилсдэхгүй.  Тэдгээр анагаах ухаан судлалын суурь тэмхимүүдийг мань самраанч Биоанагаахын сургуульд нэгтгэсэн гэж байгаа. Энэ шийдвэрийнх нь үед анагаахын салбар даяар яриа хөөрөө үүсч, бүгд ангайцгаасан гэдэг. Түүний энэ бодлогогүй шийдвэрүүд АШУҮИС-ын эмнэлэг ашиглалтанд орох гэж буй өнөө цагт тухайн чиглэлээр зөвлөх, арга зүйгээр хангах гол цөм болох Анагаахын сургууль мэргэжлийн тэргүүлэх үүргээ алдахад хүрсэн гэж үзэх мэргэжилтнүүд олон байна. Анагаахын шинжлэх ухааны хөгжлийн чиг хандлагатай нийцэж байсан  тэнхмүүдийг олноор нь татан буулгаж нэгтгэн дотрын анагаахын 1, 2, 3-р тэнхим болгосон нь аргагүй л эмнэлзүйгээ мэддэггүй захирлын шийдвэр байсан гэлтэй. Тухайлбал, нүд чих хамар хоолойн хоёр тэнхмийг нэгтгэн нэг тэнхим, бөөр дотоод шүүрлийн хоёр тэнхмийг нэгтгэж нэг болгоод, үе судлал, зүрх судас судлал, хоол боловсруулах зэрэг тэнхмүүдийг мөн нэгтгэн нэг тэнхим, хавдар цус судлалын тэнхмийг бас нэг болгох шийдвэр гаргаж хөл толгойгүй бужигнаан хийжээ. Ингэснээр эдгээр чиглэлүүдийг бие даан хөгжих боломжуудыг хаасан балагтай гэж мэргэжилтнүүд үздэг юм байна. АШУҮИС бол Монгол улсын анагаах ухааны салбарын гол бааз их сургууль. Энэ сургуулийг хэн нэгэн ингэж дур зоргоороо жижиглэх, улмаар тус сургуулийн томрох, өрсөлдөх чадваруудыг ухраах эрхийг хэн түүнд олгов оо.

3.

Хүний их эмчийн мэргэжлээр төгсгөж буй сургуулийн захирал атлаа Анагаахын сургуулийн хүний нөөцийн бодлогыг алдагдуулж, ахмад профессор багш нарыг олноор халж, залуу халаа багш нарыг бэлтгэх бодлогыг гажуудуулсан бас нэгэн том урхагийг энэ нөхөр тарьжээ. Чингээд зогсохгүй спортын анагаахын мэргэжлээр төгссөн, их эмчийн сургалтанд хичээл заах үндэслэлгүй 4-5 хүнийг Анагаахын сургуульд хувийн үзэмжээр дур мэдэн багшаар авсан нь энэ хүнд мэргэжлийн ямар ч этик байхгүйг илтгэж байна. Энэ салбарт  зүрх сэтгэлээ өгсөн, эрдэм мэдлэгээ, амь амьдралаа зориулсан мэргэжилтнүүдийн мэргэжлийн идеал дээр ийм хүнээр гишгүүлсээр суух уу. Жишээ нь, эрүүл мэндийн сайдын гаргасан 2015 оны шийдвэрээр түний авсан тэдгээр багш нарт нь мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгогдохгүй болсон. Мэдээж үүнийг тэр хүн мэдэхгүй.Учир нь тэр салбарын бодлого, хөгжилд мэргэжлийн үүднээс огт ханддаггүй.

Тухайлбал, Хавдар судлалын тэнхмийн профессор, МУ-ын гавьяат эмч Сандуйжав, гавьяат эмч АУ-ны доктор, профессор Авирмэдийг халаад оронд нь дөнгөж АУС-ийг төгссөн, АШУҮИС-ын захирал асан Г.Батбаатарын хамаатан Б.Энхзулыг томилж байх жишээтэй. Зөвхөн энэ жишээ л С.Мөнхбаярлахыг Анагаахын сургуулын захирлын үүрэгт ажлаас чөлөөлөх үндэслэл болох юм. Гэвч ийм баримтууд манай хяналт шалгалтынхан хийгээд, салбарын бодлого тодорхойлогчдын хаагуур нь өнгөрчихдөг юм бол.

Ахин нэг жишээ дурьдая л даа. Хүүхдийн анагаахын тэнхимд өөрийн үзэмжээрээ авсан дадлагажигч багш Эрдэнэбаясгалан нь гэхэд спортын анагаахын эмч мэргэжилтэй гэх мэт.

Профессорын баг, тэнхмийг цол хэргэмгүй, туршлагагүй залуу багш нараар удирдуулж байгаа нь сургалт, эрдэм шинжилгээний ажлын чанарыг эрс бууруулж, энэ сургуулийн үнэлэмж, цар хүрээ, нэр хүндэд сөрөгөөр нөлөөлж байгааг ч салбарынхан шүүмжлэн ярьцгааж байна. Иймэрхүү ул суургүй шийдвэрүүдээс нь үүдэж Анагаахын сургууль эмнэлзүйд ажилладаггүй, туршлагагүй багш нарын холхидог тоглоомын хонгил болоход ойрхон болоод байгааг хэлэхэд илүүдэхгүй биз ээ. Эрхэм уншигч та бусад улсын Анагаахын их сургуулиудын нүүр царай ямар мэргэжилтнүүд, ямар зиндааны профессорууд байдгийг эрхбиш мэдэх байх.

4.

С.Мөнхбаярлахын хийдэг олон зарчимгүй, ёс суртахуунгүй үйлдлүүдийн нэг Япон улсад Монгол- Японы эмнэлэгт ажиллах эмч, багш нарыг сургах сургалтанд хувийнхаа харшлын эмнэлгийн залуу эмч нарыг явуулж байсан нь. Ийнхүү “Sakura science” –ийн тэрхүү сургалтанд жинхэнэ явах ёстой эмч нарын дээр хувийн явцуу эрх ашгийг нь дагасан ёс зүйгүй, бохир шийдвэр нь гишгээд л өнгөрч байх жишээтэй.

С.Мөнхбаярлахын өөр нэг ой гутам дүр төрх нь Анагаахын сургуулийн захирал атлаа олон нийтийн өмнө телевизийн олон сувгаар хувийн эмнэлгээ сурталчилж гардаг явдал нь. Түүнийг ийнхүү ичгүүр сонжуургүй аашилж байгааг салбарын бодлого баригчдаас хэн ч олж хардаггүй нь сонин. Энэ бол ашиг сонирхлын зөрчлийн ил тод жишээ төдийгүй Төрийг басамжлан доромжилж буй дээд зэргийн тохуурхал юм.

Тэрбээр АШУҮИС-ийн захирлын зөвлөл дээр яригдсан ажлуудыг хов жив болгож гадагш дамжуулан, хамт олныг буруу мэдээллээр цэнэглэж, хагалан бутаргаж, талцуулах мэтийн удирдагч хүнд байж боломгүй алдаа завхарлын байнга хийдэг аж. Энэ бол багаар ажиллах чадваргүй, удирдах арга барил нь хоцрогдсон хүний л хийх үйлдэл.

Гэх мэт энэ хүний тарьсан балаг дуусашгүй. Сургалтын бодлого зохицуулалтыг алдагдуулах төвшинд үр урхаг нь хэдийнэ тусч эхэлснийг сургууль даяар ил далд ярьцгааж байна. Нэг хүний хийж буй энэ бүх тавьтаргүй үйлдлүүд олон жилийн түүхтэй уг сургуулийн нэр хүндийг ганхахад хүргэж байна. Жишээ нь, сургалтын төлөвлөгөөг өөрчилж 2+4 хөтөлбөрт шилжүүлснээр оюутан элсүүлэх үйл ажиллагаа ойлгомжгүй болж, БСШУСЯ-аас мэргэжил, анги салбараар тогтоосон оюутан элсүүлэх квот алдагдан, хөдөө орон нутгийг эмч, мэргэжилтнээр хангах ЭМЯ-ны бодлогод сөргөөр нөлөөлөх болсныг Эрүүл мэндийн яамны сайд анхааралдаа авах биз ээ.  Тухайлбал, Завхан аймгаас хүний  их эмчээр хоёр, нүүр ам судлалаар нэг, эм зүйн ангид нэг оюутан элсэхээр төлөвлөж ирүүлсэн аж. Орон нутагт боловсон хүчний нөөцийн бодлого тойрсон тодорхой хүндрэлүүд газар авсан. Гэтэл мань том толгойт захирал энэ бүхнийг үл харгалзан, бүгдийг нь ерөнхий мэргэжлийн нэг ангид оруулж, хоёр дамжаа төгссөний нь дараа дүнгээр нь жагсааж мэргэжил сонгуулах болгочихсон. Ингэж дураараа загнаснаас нь болж Засгийн Газар болон төрийн захиргааны төв байгууллагуудаас гаргасан бодлого алдагдаж, хөдөө орон нутгийг эмч, мэргэжилтнээр хангах төлөвлөлтөд саад гарч байна. Энэ нь цаанаа оюутнуудыг дүнгийн хойноос улайран хөөцөлддөг болгож, ерөнхий эрдмийн багш нар дотор ч шударга бус дүн тавих мэтийн хортой үр дагаваруудыг бий болгох болжээ. Мэдээж үр төлөөсөнд нь хожим монголын анагаах ухааны салбар хохирно. Өнөөдрийн оюутнуудын эрх ашиг ч ноцтой зөрчигдөж байна гэсэн үг. Анагаахын сургууль ийм нэгэн “Хаан”-тай болоод удаж байна. Тэр хаан өөртөө зориулан бусад үндсэн мэргэжлийн хичээлийн цагийг хасч, 5-р блок дотор хоёр кредитийн хичээлийг нэмж оруулах мэтээр мэргэжлийнхэн ичээд хэлэх үггүй гайхширах олон тоглоом тоглосоор. Анагаахын сургуулийн шинэ байранд АШУҮИС-ийн захиргаа болон төрийн өмчийн хорооны зөвшөөрөлгүйгээр дур мэдэн кофе шоп нээх мэт бол зүгээр л айж ичихээ байсан “Хаан”-ы хувьд юу ч биш. Төр засаг Анагаах ухааны салбарын үндсэн суурь бааз болох энэ орчноос түүнийг холдуулах цаг нэгэнт болжээ.

Б.Суурь

SHARE