Ерөнхийлөгчөө уурлуулахгүйн тулд туркменчүүд хар өнгийн автомашинаа цагаанаар будуулах болжээ

 

Туркменистаны Ерөнхийлөгч Гурбангулы Бердымухамедов улсынхаа Дашогуз хотноо хэдэн хоногийн дараа ажлаар очих юм байна. Үүнтэй холбогдуулан тус хотын хар өнгийн автомашин эзэмшигчдийг хэдэн хоногийн турш машинаа унахгүй байх эсвэл цагаан өнгөөр будуулахыг цагдаа нар шаарджээ.

Гуравдугаар сарын 4-нд Гурбангулы Бердымухамедов тус хотод очих тул цагдаа нар хар өнгийн машинуудыг зогсоож, дээрх хатуу сануулгыг өгч буй гэнэ.

Яагаад хар өнгийн машин унаж болохгүй талаар хуулинд заасан тодорхой зүйл байхгүй ч ам дамжсан яриагаар бол Ерөнхийлөгч Гурбангулы Бердымухамедов нь цагаан өнгөнд дуртай, цагаан өнгийг аз хийморь авчирдаг гэж үздэг ажээ. Тиймээс Туркмений бүх автомашиныг цагаан өнгөтэй болгох ажиллагааг өнгөрсөн жилийн хавраас эхлүүлсэн байна.

Гэвч үүнийг дагаад цагаан өнгийн будагны үнэ өсч, цагаан өнгөөр машинаа буудуулах дугаарлал үүсч, сар орчим хүлээх шаардлагатай болсон гэнэ. Туркмений нийслэлийн оршин суугчид хар өнгийн машинаа бусад бүс нутгийн иргэддээ зарах явдал ч газар авсан байна.

news1.mn Р.Гэгээ

 

SHARE