“Шинь Шинь” ХХК-аас хандив авсан Засаг даргад хариуцлага тооцно

Дорнод аймгийн Дашбалбар сумын нутагт уул уурхайн үйл ажиллагаа явуулж байгаа БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Шинь Шинь” ХХК-ийг тойрсон хэл ам тасардаггүй. Байгаль орчин сүйтгэхээс эхлээд Монгол Улсын хууль тогтоомжийг ноцтой зөрчдөг талаар мэргэжлийн байгууллагууд дүгнэж, үйл ажиллагааг нь зогсоож байв. Гэтэл ийм компаниас төр захиргааны байгууллагынхан хандив авч албан байгууллагаа тохижуулсан зөрчил илэрчээ.

АТГ-т энэ талаарх гомдол ирж шалгахад Дорнод аймгийн Дашбалбар сумын Засаг дарга Б.Баттулга Засаг даргын Тамгын газрын хурлын танхимыг тохижуулахад зориулж “Шинь Шинь” ХХК-аас 29 сая төгрөгийн хандив, санхүүгийн туслалцааг авчээ. Ингэхдээ тэрээр өөрийн удирдлага, эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл аваагүй нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-т заасан хязгаарлалтыг зөрчсөн үйлдэл хэмээн АТГ үзсэн аж. Тиймээс Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.3 дахь заалтыг үндэслэн Дашбалбар сумын Засаг дарга Б.Баттулгад хариуцлага тооцож, авсан арга хэмжээний талаарх хариуг ирүүлэхийг Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэнд мэдэгджээ.

Эх сурвалж: news1.mn Б.ЭНХ

SHARE