“Лион”-“Барселона”: Тоглолтын өмнөх яриа

Аваргуудын лигийн шөвгийн 16-гийн үлдсэн дөрвөн хос тоглолтын эхний хоёр нь өнөө шөнө Улаанбаатарын цагаас 04:00-д эхэлнэ.

Францын “Лион” талбайдаа Испанийн “Барселона”-г хүлээн авах юм. Тус тоглолтын өмнө хоёр багийн дасгалжуулагчид болон хөлбөмбөгчид юу өгүүлснийг сонирхуулья.

“Лион”-ы ахлах дасгалжуулагч Бруно Женезио тоглолтоос өмнө өөрсдийгөө хожигдоно гэсэн бодолтой байж болохгүйн чухлыг онцолжээ.

Бруно Женезио: Мессигийн хөлийг тушиж чадвал тэдний хүч суларна

“Манчестер Сити” болон “Барселона” бол хоёулаа довтолгооны баг. Бид хэсэгтээ “Сити”-г хожиж дөнгөсөн. Тэгэхээр одоо “Барселона”-тай хийх хоёр тоглолтынхоо төлөвлөгөөг нэг дор л гаргачихсан. Усман Дембелетэй хурдаараа манай Ферлян Мэнди өрсөлдөж ч чадна.

Гол нь бид хянамгай байж, тоглолтын тэнцвэрийг зөв олох ёстой. Набил Фекир бол манай багийн ахлагч мөн лидер. Түүнийг байхгүйд талбайд гарна гэдэг үргэлж хэцүү. Гэхдээ одоо нэгэнт тоглох боломжгүй учраас түүнгүйгээр тоглохоос өөр аргагүй.

Тонги Ндомбеле, Жейсон Денайер хоёр тоглож чадах эсэх нь тодорхойгүй байна. Гарааны бүрэлдэхүүнээ би дотроо бодчихсон яваа.

Эрүүлээр зөв сэтгэх хэрэгтэй. Бидэнд боломж байгаа ч тэдэнд ахиу боломж буйг тооц. Өөрсдийн хүчиндээ итгэх ёстой. Би хувьдаа бол сандраад байгаа юм алга. Тайван л байна. Хамгийн чухал нь тоглолтоос өмнө тархиндаа хожигдчихгүй байх.

Самуэль Умтитигийн гэмтэл эдгэхэд бид тус дэм үзүүлсэндээ баяртай байна. Түүнийг талбайд дахиад харах сайхан байх болно. Бид хоёр сайн харилцаатай.

Мессиг зогсоох боломжгүй шахам. Тэр ямар ч хувилбар, тактикт дасан зохицоод тоглочихдог хөлбөмбөгийн суутан. Тэгэхээр Мессид сул орон зай өгөхгүй байх чухал. Мессигийн хөлийг тушиж чадвал “Барселона”-гийн хүч илт суларна. Гэхдээ л мэдээж хэцүү байх болно. Том тэмцээний маш их туршлагатайгаараа тэд биднээс давуу”

“Лион”-ы хагас хамгаалагч Хассем Ауар: Фекиргүй ч бид сайн тоглож чадна

“Бид ямархуу хэцүү тоглолт хүлээж буйг ухамсарлаж сайтар бэлдсэн. Фанатуудынхаа дэмжлэгт их найдаж байна. Фанатууд биднийг бүрэн хөглөж өгөх биз ээ.

Лионель Месситэй Ферлян Менди тулахад бэлэн гэж бодож байна. Тэдний ур чадварын түвшинд өндөр ч гэсэн бид өөрсдийн хүч чадалдаа мөн итгэлтэй байгаа. Багадаа би “Барселона”-гийн тоглолтыг байнга үздэг байлаа. Харин одоо эсрэг нь тоглох нь.

Набил Фекир харамсалтай нь энэ удаад бидэнд тусалж чадахгүй. Гэвч түүнийг сэлгээд тоглочихоор залуус бий. Ганц хоёр хөлбөмбөгчийг анхаарах бус бүхэлд нь тун анхааралтай сайн тоглох хэрэгтэй.

Энэ улиралд бид том тоглолт хийсэн. “Манчестер Сити”-тэй ч тоглосон. Тиймээс “Барселона”-гаас эмээх зүйлгүй” хэмээн Ауар өгүүлжээ.

Тэгвэл “Барселона”-гийн франц залуу Усман Дембеле: “Лион” бол чанартай сайн тоглогчидтой баг. Тэднийг талбайд нь хожно гэдэг бэрх. “ПСЖ” болон “Манчестер Сити”-г хожоод тэд хичнээн хүчтэй гэдгээ энэ улиралд харуулчихсан.

Тэгэхээр хөнгөхөн хожчихно гэж бодолтгүй. Умтититай би “Лион”-ы талаар хэд хэдэн удаа яриад амжсан. Тэр их болгоомжтой байх хэрэгтэй гэж байна лээ.

Би өөрийнхөө хүчинд итгэж байна. Цаашид өөрийгөө дайчлан, чадлаараа л сайн тоглох болно. Мөн тоглолтын чухал үед гоол оруулах хэрэгтэй. Довтлогч хүн багийн гол дүнг авчрах ёстой. Бид Ла лиг болон Аваргуудын лигт түрүүлэхээр зүтгэж байгаа” гэсэн бол  “Барселона”-гийн ахлах дасгалжуулагч Эрнесто Вальверде “Лион” бол их хэцүү өрсөлдөгч. Ялангуяа талбайдаа гойд сайн тоглодог. Аваргуудын лиг шиг тэмцээнд хөнгөн тоглолт гэж үгүй. Умтити юу? Би заавал талбайд гарна гэж тэр хэлээгүй. Гарааг тоглолтын өмнө л зарлах болно.

Хариу тоглолтын тухай урьтаж бодох нь алдаа болно. Эхний тоглолтоо сайн хийхийг хичээх ётой. Өрсөлдөгчөө бүрэн хянаж, хариу сөрөг довтолгоо алдахгүй байх их чухал. Бид хожихыг хүсч байна. Энэ бол сайны дохио. Энэ бол бид ямар ч дарамт ирсэн давж гарч чадна гэдэгтээ итгэж байгаагийн илрэл” хэмээн өгүүлжээ.

Хоёр багийн тоглолтод оролцох боломжтой бүрэлдэхүүн

 

News1.mn Р.Гэгээ

SHARE