Эмилиано Салагийн сууж явсан онгоцноос нэг цогцос олджээ

Францын Нантаас Уэльсийн Кардиффыг чиглэн хөөрсөн жижиг нисэх онгоц Ла Маншийн хоолой дээгүүр нисч явахдаа радарт үзэгдэхээ больж, алга болсон. 72 цагийн турш эрчимтэй эрэл хайгуул хийсний дараагаар эрлийг зогсоосон юм.

Тиймээс хөлбөмбөгчид онгоцны эрлийг үргэлжлүүлэхийн тулд хандив өргөж, гэр бүлийнхэн нь зохих байгууллагад хандснаар Эмилиано Салагийн сууж явсан онгоцыг хайх ажиллагаа өчигдрөөс дахин сэргэсэн.

Өчигдөр онгоц тэнгисийн ёроолд байгааг илрүүлсэн бол хэдэн цагийн өмнө онгоцонд нэгэн цогцос байгаа нь бичлэгээр тогтоогджээ. Онгоцонд нисэгч Дэвид Ибботсон болон хөлбөмбөгч Эмилиано  Сала хоёр л байсан юм.

“Бид тэнгисийн ёроолоос унасан онгоцны хэсгийг л оллоо. Үлдсэн хэсгийг олсонгүй. Гашуудалт мэдээ дуулгахад онгоцонд нэг цогцос байгаа нь бичлэгээр тогтоогдлоо. Хөлбөмбөгч болон онгоцны нисэгчийн гэр бүлийнхэнтэй ярилцаж байж дараагийн ажлаа төлөвлөх болно” хэмээн Агаарын осол аваарыг мөрдөх байгууллагаас мэдэгджээ.

News1.mn Р.Гэгээ

 

 

SHARE