Таканоивагийн зодог тайлах ёслолд Харумафүжи оролцлоо

Хоёрдугаар сарын 2 буюу өнөөдөр Таканоива А.Баасандоржийн зодог тайлах ёслол боллоо. 28 настай Таканоива 18 насандаа Японы алдарт аварга Таканоханагийн дэвжээнд орж, 2014 онд Макүүчи зиндаанд дэвшсэн. Гэвч өнгөрсөн жилийн сүүлчээр туслах бөхөө зодсон хэргийн улмаас зодог тайлахад хүрсэн юм.

Японы болон Монголын хэвлэлүүдийн анхаарлыг гойд татсан нэг зүйл бол Таканоивагийн зодог тайлах ёслолд мэргэжлийн сумогийн 70 дахь ёкозүна Харумафүжи Д.Бямбадорж оролцож, үсэнд нь хүрсэн явдал байлаа.

Харумафүжи Таканоивагаас мөн өөрийн болчимгүй үйлдлээс болж зодог тайлахад хүрсэн билээ. Таканоива А.Баасандорж ёкозүна Хакухо М.Даваажаргалыг давсан нэгэн башёгийнхоо  дараагаар тойргийн барилдааны үеэр “Би Хакухог давсан. Одоо бидний цаг ирсэн” гэж хашгирсан тухай яриа гарч, тэрхүү үгсийг хэн нэгэн Хакухо их аваргад дуулгасан байдаг.

Ингээд маргааш нь Хакухо, Харумафүжи, Какурюү, Тэрүнофүжи, Таканоива зэрэг монгол сумочид нэгэн газар цуглаж, ярилцсан гэдэг. Энэ үеэр Таканоива утсаа оролдоод байсан тул Харумафүжи уурлаж “Их аваргыг ярьж байхад хүндэлсэнгүй” гэж үг хаяхад “Найз бүсгүй рүүгээ зурвас бичиж байна” гэж Таканоива хариу дуугарсан тухай Японы хэвлэлүүдийн бичсэн юм. Энэ үгсийг сонсоод Харумафүжи бухимдан ойр байсан караокений удирдлагаар толгойг нь цохисон гэдэг.

Энэ явдлыг Таканоивагийн багш Таканохана мэдэж, хэдэн хоногийн дараагаар цагдаад гомдол гаргаснаар томоохон дуулиан дэгдсэн юм. Харумафүжиг ёкозүна цолтны хийж болшгүй үйлдлийг хийсэн хэмээн Мэргэжлийн Сумогийн Холбооноос шахаж, улмаар зодог тайлахад хүрсэн билээ.

Ингээд Харумафүжи өнгөрсөн есдүгээр сарын сүүлчээр зодог тайлсан. Түүний дараагаар дахин нэг дуулиан дэгдсэн нь Таканоива нөхөн төлбөрт 24 сая иен Харумафүжигээс нэхэж шүүхэд хандсан нь байв. Гэвч удалгүй хэд хоногийн дараагаар Таканоива гомдлоо буцаан авч, “Монголд ар гэрийнхэн маань маш их дарамтанд байгаа тул би гомдлоо буцаан авахад хүрлээ” гэж мэдэгдсэн юм.

Иймэрхүү үйл явдлууд өрнөсний дараагаар энэ оны эхээр хоёр сумоч Токиогийн нэгэн уушийн газар уулзаж, эвлэрсэн тухай яриа түгсэн. Тэднийг уушийн газраас гарахад “Та Таканоивагийн зодог тайлах ёслолд очих уу?” гэж нэгэн хүн асуухад “Тийм ээ” гэж Харумафүжи хариулсан тухай мөн Японы хэвлэлүүд мэдээлсэн нь ийнхүү өнөөдөр батлагдаж байна.

News1.mn Р.Гэгээ

 

SHARE