Гахай жилтний товч төөрөг засал

Зурхайч Л.Тэрбишийн 12 жилтний Шороон гахай жилийн товч төөрөг, засал

Арван хоёр жилтний төөрөг болон түүний засал ямар мэт болохыг доор хураангуйлан гаргав. Хүмүүний орчлонгийн үйл барагдашгүй ихийн тулд зайлшгүй хийвэл зохистой үйлсэд тухайн жилийн хэм хэмнэл харшлах шалтгаантай бол “Жанаг гаг дог” хэмээх номыг уншуулж заслаа хийгээд тухайн үйлд шамдваас “Гараг, од, үйлчин, барилдлага, жил, сар, өдөр тэргүүтний гэм, хорлол үл ирнэ” хэмээн өмнийн мэргэдийн эрхэм зарлигт айлдсан буй.

 

1911, 1935, 1959, 1983, 2007 оны эмэгтэйчүүд сайн муу тэмцэлдэх тул шүтээндээ залбиран сайн талаа сайжруул. 1911 оны эмэгтэйчүүд зүүд муудан, өвдөх гэм буй тул “Цэнд” уншуулбаас засагдна. 1971 оны эрчүүд болон эмэгтэйчүүд тэнгэр зэтгэр булаалдаж эд агуурсад гарз гарахын нигуур буй тул шүтээндээ “Түй” өргүүлбэл сайн. 1935 оны эмэгтэйчүүд болон 2007 оны эрчүүд зүүд муудан, өвдөх гэм буй тул “Цэнд” уншуулбаас засагдна. 1911, 1971, 1995оны эмэгтэйчүүд болон 1995 оны эрчүүд орлого хомсдож, эд агуурсын гарлага гарах гэмтэй тул “Намсрай” тахиулах буюу хишиг даллага авахуулахын аль нэгийг хий. 1971 оны эрчүүд эд агуурсад гарз гарах гэм буй тул хүүхэд ядууст өглөг өргө. 1935 оны эрчүүд болон эмэгтэйчүүд санаж сэдсэн үйлд саад гарч болзошгүй тул “Алтангэрэл” уншуулбаас засагдна. 1911, 1923, 1935, 1947, 1959, 1971, 1983, 1995, 2007 оны эрчүүд хийморь доройтож, цогийн наран бүдгэрч, аливаа явах суух үйл бүтэмжгүй тул хэл амнаас болгоомжилж, “Доржнамжом”, “Чогжүмүнсэл” уншуулах, сан олонтоо тавиулах, хийморийн дарцаг хийсгэх зэргийн аль нэгийг хийж засууштай. 1911, 1935, 1959, 1983, 2007 оны эмэгтэйчүүд хийморь доройтож, эд хөрөнгө хорогдож, өвчин ороож болзошгүй. Хүмүүний хэл ам ирнэ “Цагаан шүхэрт”, “Хамчүнагва”, “Хийморийн сан” тавиулах зэргийн аль нэгийг хийлгэж засаарай. 1911, 1923, 1935, 1947, 1959, 1971, 1983, 1995, 2007оны эмэгтэйчүүд насан сүлд доройтох, зүүд эвгүйдэх гэмтэй тул шөнө орой анхаарамжтай явж, “Цэнд“ уншуулбаас засагдна.

SHARE