Орхиж явсан охиноо хүлээн замын хашлага дээр 10 жил суужээ

Тайландын нийслэл Бангкокийн нэгэн замын хашлага дээр сүүлийн 10 жилийн турш нэг эр өдөр алгасахгүй сууж байгаа гэнэ. Цэргийн албан хаагч нэгэн хашлага дээр байнга суух тэр хүний тухай тодруулахаар ойр хавийн газруудаар орж лавлажээ.

Ойрхон кафе ажиллуулдаг хүний өгүүлснээр бол тэр өвгөн хашлага дээрээс буулгүй өдөржин суудаг гэнэ. “10-аад жилийн өмнө нэгэн машин яг тэнд зогсоод энэ өвгөн буусан санагдана. Нэгэн эмэгтэй түүнд баахан юм хэлж байгаад давхиад явчихсан. Тэр цагаас хойш өвгөн энд суугаад л байгаа юм. Тэр хүүхэн охин нь байх аа. Харин юу гэж хэлснийг мэдэхгүй” гэж ярьжээ.

Ойр орших дэлгүүрийн худалдагчид өвгөн “Миний охин намайг хүлээж байгаарай гээд явсан юм. Гэвч өчигдөр ирсэнгүй” гэж машинаас бууж үлдснийхээ дараа ярьсан гэнэ. Тэр цагаас хойш хавь ойрынхон өвгөнд хоол, хүнс ойртууж өгч, туслах болжээ.

Цэргийн албан хаагч эр хэрэгт дурлаж өвгөнөөс яагаад хашлага дээр хэдэн жилийн турш сууж буйг асуухад “Миний охин мөдхөн хүрээд ирнэ ээ, мөдхөн ирнэ” гэж хэлсэн байна. Ингээд энэ түүхийг фэйсбүүк хуудастаа хуваалцаж, өвгөний охиныг хайх, охинд нь энэ мэдээг хүргэхийг олон нийтээс хүсчээ.

News1.mn Р.Гэгээ

 

 

SHARE