Жеко шүүгч рүү нулимж, хөлбөмбөгчдийн хөвгүүд гоол оруулсан Италийн цомын дуулиантай тоглолтууд

Италийн цомын шөвгийн наймын тоглолтууд дуулиантай болж өнгөрлөө.

“Рома”-гийн хожигдлоос эхэлье. Тэд “Фиорентина”-гийн талбайд зочлон 7:1-ээр хожигдлоо. Эдин Жекогийн уур цухал дээд цэгтээ хүрч, шүүгч Жанлука Маньяниелло рүү нулимж орхив. Мэдээж, шууд улаан хуудас хүртсэн. Одоо түүнд нэмж олон тоглолтын шийтгэл ногдуулах биз ээ.

“Фиорентина”-гийн долоон гоолын тавыг нь 1990-ээд онд гялалзаж явсан хөлбөмбөгчдийн хөвгүүд орууллаа. Энрике Кьезагийн хүү Федерико Кьеза хет-трик хийсэн бол Диего Симеонегийн хүү Жованни Симеоне дубль хийсэн юм.

“Ингэж хожно чинээ огт төсөөлөөгүй. Багийнхныхаа хүчээр би хет-трик хийлээ. Тиймээс тэдэндээ гоолуудаа зориулья” гэж Федерико Кьеза өгүүлжээ. Тэрбээр сүүлийн дөрвөн тоглолтод долоон гоол оруулчихаад буйг дурьдах нь зөв биз ээ.

Мэдээж, долоон гоол алдаж гутамшигтай хожигдоно гэдэг дасгалжуулагчид эргэлзэх сэтгэлийг шууд төрүүлнэ. Тэгвэл Эусебио Ди Франческо “Өнөөдрийн тоглолт бидний асуудлуудыг дэлгэж тавилаа. Үе үехэн сул тал анзаарагдаад байсан бол одоо бүгд харлаа. Гэхдээ ингэж хожигдлоо гээд намайг халахгүй. Би лав тийм зүйл огт бодохгүй байна” гэжээ.

Харин “Рома”-гийн спортын захирал Мончи “Миний мэдэх хамгийн хэцүү, эмзэглэмээр тоглолт энэ боллоо. Урьд нь би ийм хожигдол харж байсангүй. Одоо бид фанатуудаасаа уучлалт гуйхаас өөр аргагүй. Уучлаарай, уучлаарай, уучлаарай” гэж хэлсэн байна.

Фиорентина – Рома 7:1
Италийн цомын шөвгийн найм.
Гоол: Кьеза 7, 18, 74, Коларов 28, Муриэль 33,Бенасси 66, Симеоне 79, 89
Фиорентина: Лафон, Пеццелья, Бираги, Миленкович, Витор Уго (Лорини, 22), Фернандеш, Верету, Кьеза (Жерсон, 77), Бенасси, Миральяс, Муриэль (Симеоне, 73).
Рома: Ольсен, Флоренци, Манолас, Коларов, Фасио, Нзонзи (Пеллегрини, 46), Кристанте, Заньоло, Пасторе (Жеко, 46), Эль-Шаарави (де Росси, 77), Шик.
Шар хуудас: Заньоло (11), Эль-Шаарави (31), Муриэль (69), Пеллегрини (71).
Улаан хуудас: Жеко (72).

“Аталанта” талбайдаа “Ювентус”-ыг 3:0-ээр хожлоо. Нэгдүгээр үеийн дундуур Жоржо Кьеллинигийн оронд сэлгээгээр Жоао Кансело гарснаар Турины багийн бүтэлгүйтэл эхэлсэн. Португал хамгаалагч бөмбөгөөсөө салалгүй удаж байгаад алдаж, түүнийг нь бельги залуу Кастань гоол болгосон юм.

Харин дараа нь энэ улиралд тогтоож зогсоохыг эцэсгүй эрчтэй байгаа колумб довтлогч Дуван Сапата дубль хийлээ. Сери А-д Криштиано Роналдотой ижил тооны гоол оруулсан Сапата энэ улиралд бүх тэмцээнд 20 гоол оруулчихаад байна. Ганцхан баримт дурьдахад, Сапата сүүлийн 10 тоглолтдоо 17 гоол оруулсан.

Тоглолтын дараагаар Массимилиано Аллегри “Биеэ хянах чадвараа алдсан тул намайг шүүгч хөөсөн нь буруу гэж хэлэхгүй. Гэхдээ энэ тоглолтыг тэгтлээ яриа болгох хэрэггүй. Зүгээр л бидний муу өдөр байлаа. Цомоос хасагдсан нь харамсалтай. Гэвч “Ювентус” үргэлж хожоод байна гэж байхгүй шүү дээ” гэжээ.

“Ювентус” эхний үед хаалга руу ганц ч цохилт хийгээгүйг хэвлэлүүд онцлон дурьджээ. Өмнөх тоглолтод “Лацио”-той таарахад ч мөн эхний үед хаалга руу цохилт хийж чадаагүй гэсэн статистик харагдаж байсан.

Италийн цомд сүүлийн 23 жилийн хугацаанд “Ювентус” ийм хол зөрүүгээр хожигдоогүй юм билээ.

Аталанта – Ювентус 3:0 
Италийн цомын шөвгийн найм.
Гоол: Кастань 37, Сапата 39, 86
Аталанта: Бериша, Гимшити, Паломино (Масьелло, 89), Кастань, Толои, Иличич (Пашалич, 27), Фройлер, Гомес, де Рон (Госенс, 90), Хатебур, Сапата.
Ювентус: Шчесны, Ругани, Алекс Сандро, Де Шильо, Кьеллини (Жоао Кансело, 27), Хедира (Пьянич, 71), Бентанкур, Матуиди, Бернардески, Дибала (Дуглас Коста, 61), Роналдо
Шар хуудас: Гимшити (43), Фройлер (45), Хатебур (54), Пьянич (79), Матуиди (88).

Үүн дээр уржигдар “Милан” талбайдаа “Наполи”-г 2:0-ээр хожсныг нэмбэл бүр ч сонирхолтой. Миланы багийн хэдхэн хоногийн өмнө худалдан авсан 23 настай польш довтлогч Кшиштоф Пиантек дубль хийсэн юм.

“Энэ бол зөвхөн эхлэл” гэж бардам хэлсэн польш залуугийн тухай Женнаро Гаттузо “Хоёр дахь гоолын боломжийг тэр өөрөө үүсгэж, өөрөө дуусгалаа. Алуурчны зөн мэдрэмжтэй залуу юм” гэж магтсан байна лээ.

Милан – Наполи 2:0 

Италийн цомын шөвгийн найм
Гоол: Пиантек 10, 27
Милан: Доннарумма, Романьоли, Мусаккьо, Абате, Лаксальт, Лукас Пакета (Родригес, 85), Бакайоко, Кастильехо, Кессиэ, Борини (Чалханоглу, 60), Пентек (Кутроне, 79).
Наполи: Мерет, Максимович, Гулям, Малькюи (Кальехон, 85), Кулибали, Аллан (Уна, 46), Диавара (Мертенс, 58), Фабиан Руис, Зелиньски, Инсинье, Милик.
Шар хуудас: Малькюи (29), Милик (35), Кулибали (40).

News1.mn Р.Гэгээ

 

SHARE