Н.Төгсцогт өрсөлдөгчөө оноогоор ялж, Гэри Расселтай тулах болзлоо хангалаа

АНУ-ын Нью-Йорк хотын Barclays Center-т болсон хагас хөнгөн /57.2 кг/ жингийн IBO-гийн бүсийн төлөөх тулаанд Монгол Улсын гавьяат тамирчин Нямбаярын Төгсцогт Доминиканы БНУ-ын Клаудио Маррерог оноогоор яллаа. Гурван шүүгч санал нэгтэйгээр манай тамирчинд 114-113, 115-112, 116-111 оноогоор ялалт өгсөн байна.  Ингэснээр олимп, дэлхийн мөнгөн медальт Н.Төгсцогт мэргэжлийн боксын рингэнд 11 тулаан хийж /9 нокаут/ бүгдэд нь ялалт байгуулав.

Н.Төгсцогтыг эхний болон төсгөлийн раундуудад маш сайн тоглосон гэж мэргэжилтнүүд дүгнэжээ. Хоёр боксчны цохилтын тоо болон хувийг компьютер ингэж тооцож гаргажээ.

Н.Төгсцогт-Клаудио Маррерогийн тулаан нь WBC-гийн дэлхийн аварга Гэри Расселын өрсөлдөгчийг тодруулах тулаан гэж өмнө нь зарлаж байсан. Тиймээс манай тамирчны дараагийн өрсөлдөгч нь WBC-гийн дэлхийн аварга Гэри Рассел байх магадлал өндөр боллоо.

Гэри Рассел нь сонирхогчдын боксоор 2005 онд дэлхийн аваргын хүрэл медаль хүртэж байсан АНУ-ын тамирчин.  Тэрбээр мэргэжлийн боксын рингэнд 30 тулаан хийж 29 ялалт /17 нокаут/ байгуулж, олимпийн хошой аварга, Украины алдарт Василий Ломаченкод ганц удаа ялагдсан юм.

news1.mn Р.Гэгээ

SHARE