Эмилиано Салагийн талаар “Кардифф” мэдэгдэл гаргалаа

28 настай аргентин довтлогч Эмилиано Салагийн суусан жижиг нисэх онгоц Францын Нантаас Уэльсийн Кардифф руу нисээд сураггүй алга болсон явдал дэлхий дахины анхаарлыг татаж, зүрхийг шимшрүүлж буй билээ.

Тэгвэл Эмилиано Салаг 15 сая паундаар худалдан авсан Уэльсийн “Кардифф” клубээс мэдэгдэл гаргажээ.

“Эмилиано Сала болон нисэгч Дэвид Эбботсоны хувь заяаны талаархи сүүлийн үеийн мэдээг та бүхэнд хүргэж буйдаа бид их харамсаж байна. Их Британи, Франц болон Нормандын арлуудын нисэх хүчний тусламжтайгаар 1700 квадрат/миль нутаг дэвсгэрт ажиглалт хийн, нисэх онгоцыг эрж хайлаа. Холбоо харилцааны дохио мэдээллүүд, хиймэл дагуулын гэрэл зургуудыг ашиглаж, олон удаагийн эрэл хайгуул хийсэн ч онгоц болон нисэгч, зорчигчийн ямар ч ул мөрийг илрүүлж чадсангүй” хэмээн мэдэгдэлд дурьджээ.

Дашрамд сонирхуулахад, “Кардифф”-ын удирдлага болсон хэрэг явдалтай холбогдуулан наймааны цонх хаах хугацааг зөвхөн өөрийн клубтээ зориулан тодорхой хугацаагаар сунгахыг хүсчээ. Гэвч Английн Хөлбөмбөгийн Холбоо “Бүх клуб тэгш эрхтэй байх ёстой” гэсэн татгалзсан хариулт өгсөн байна

News1.mn Р.Гэгээ

SHARE