Роналдогийн цол хэргэмийг хураах тухай хэлэлцэнэ

Португалын шигшээ болон Италийн “Ювентус”-ын довтлогч Криштиано Роналдо хэдэн хоногийн өмнө Испанийн Мадридын шүүхээс татвараас зайлсхийсэн хэргийн улмаас 23 сарын тэнсэн харгалзах ял сонссон. Мөн 18.8 сая евро торгуульд төрсөн юм.

Тэгвэл тус хэрэг явдалтай холбогдуулан Португалын төр засаг хөлбөмбөгчийн цол хэргэмийг хураах эсэхийг шийдэхээр мөдхөн хуралдах юм байна.

“Хууль тогтоомжийн дагуу бол хэрэг үйлдсэн нь тогтоогдсон этгээд Португалын төрийн том цол хэргэмтэй байж таарахгүй. Тиймээс ойрын хугацаанд Криштиано Роналдогийн цол хэргэмийг хураах эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ” гэж Португалын Ерөнхийлөгч Марселу Ребелу де Соуза мэдэгджээ.

Криштиано Роналдо нь Португалын Инфант дон Энрикегийн нэрэмжит одонтой ажээ. Энэ нь Португалын соёл, түүх, үнэт зүйлсийг дэлхийн дахинд таниулж, эх орныхоо өмнө байгуулсан гавьяаг үнэлж олгодог одон юм байна. Мөн өөр ч цол хэргэм бий гэнэ.

Харин Криштиано Роналдогийн төрсөн нутаг Португалын Мадейра арлын захирагч Мигель Альбукерке тус явдалтай холбогдуулан мэдэгдэл гаргахдаа “Роналдо бол Португалын түүхэн дэх энэ үеийн хамгийн аугаа эрхэм. Тиймээс Мадейра арлын удирдлагаас олгосон цол хэргэмийг хураан авахгүй” гэж мэдэгджээ.

news1.mn Р.Гэгээ

SHARE