21 настай Наоми Осака “Их дуулга”-ын финалд дараалан шалгарлаа

US Open-ийн финалд Серена Уильямсыг дуулиантайгаар хожиж,  “Их дуулга”-д анх удаагаа түрүүлсэн 21 настай япон теннисчин бүсгүй Наоми Осака Австралийн нээлттэй тэмцээний финалд мөн шалгарлаа. “Их дуулга”-д анх түрүүлсэн тамирчин дараалан финалд шалгарсан тохиолдол өмнө нь 2001 онд гарч байжээ. Женнифер Каприати тухайн үед ийм амжилтад хүрч байсан юм.

Наоми Осака ийнхүү “Их дуулга”-д 13 тоглолт дараалан хожигдоогүй явна. Түүний өрсөлдөгч нь “Их дуулга”-ын хошой аварга, Чехийн теннисчин Петра Квитова байх болно.

Хоёр жилийн өмнө Петра Квитовагийн байранд гэмт этгээд нэвтэрч, тамирчин бүсгүйг хутгалж зүүн гарыг нь шархдуулсан. Гэлээ ч Квитова тухайн үед эмч нарт хандан “Хурдхан хагалгаа хийгээд өг. Би түргэхэн шиг дахиад бэлтгэлдээ гарахыг хүсч байна” гэж хэлсэн гэдэг. Гэлээ ч Квитова гэмтлийн улмаас хагас жил талбайд гарч чадаагүй юм.

Австралийн нээлттэй тэмцээний финалд Наоми Осака-Петра Квитова хоёрын хэн түрүүлсэн нь дэлхийн чансааг ирэх даваа гаригт тэргүүлж эхлэх болно.

Австралийн нээлттэй тэмцээний эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн шөвгийн дөрөв:

Наоми Осака /Япон/ – Каролина Плишкова /Чех/ 6:2, 4:6, 6:4

Петра Квитова /Чех/ – Даниель Коллинз /АНУ/ 7:6, 6:0

News1.mn Р.Гэгээ

SHARE