Багануурын уурхай ийм байдалтай байна

Улсын эрчим хүчний хэрэглээний нүүрсний талаас илүү хувийг хангадаг Багануурын уурхай дээр өнжихөөр өнгөрсөн баасан гаригийн өглөө хотоос гарлаа. Цонжинболдог хүртэл хотын утаатай “найзлав”. Биднийг уурхайд хүргэж өгөх жолооч “Утаа энэ хүртэл үргэлжлэх нь тийм гайхмаар юм биш ээ” гэж байна. Чингисийн морьт хөшөөнөөс цааш утаагүй, цасгүй, тал хөндийгөөр давхисаар “Багануур” ХК-ийн үүдэнд хүрч очлоо. Хамгаалагч залуу бидний суусан машиныг нарийн шалгасны эцэст “Машинаасаа бууж бүртгүүлсний дараа орох ёстой” гэв. Улсын онцгой объект болохоор хяналт шалгалт хатуу юм. Уурхай руу нэвтэрч байгаа зорилго энэ тэр гээд цөөнгүй асуултад хариулж, бичиг баримтаа шалгуулсны эцэст нэвтрэх эрх авлаа. Улсаараа тог, цахилгаантай байх эсэхийг шийддэг уурхай учраас арга ч үгүй байх гэсэншүү юм бодсоор компанийн төв оффисын хаалгыг татав.

ЛИЦЕНЗИЙН МАРГААН СУНЖИРВАЛ НҮҮРС ОЛБОРЛОЛТ ДОГОЛДОЖ МАГАДГҮЙ НЬ

Эхлээд уулзсан хүн маань Багануур ХК-ийн гүйцэтгэх захирал Э.Номинчулуун. Хотоос ажлын уулзалттай гээд хоёр хүн ирчихэж. Э.Номинчулуун захирал биднийг өнөө хүмүүстэй танилцуулав. Өмгөөлөгчид гэнэ. Багануурын уурхайн лицензийн маргаан шүүхээр явж байгааг уншигчдын цөөнгүй нь гадарлах байх. Товчхондоо Багануурын хайгуул хийсэн, хайгуулынхаа мөнгө төлбөрийг төлсөн талбайн нэг хэсгийг хувийн нэг компани нэр дээрээ хууль бус арга хэрэглэж авсан гэсэн асуудал энэ компанид бий. Тэр лицензийн маргаан өнөөг хүртэл дуусаагүй байгаа юм. Хотоос ирсэн хоёр өмгөөлөгч эдний компанийн маргаан дээр ажиллаж байгаа юм байна.

Гүйцэтгэх захиралтай уулзахаар ирсэн өмгөөлөгчидтэй хагас цаг хэртэй лиценз тойрсон яриа өрнүүлэв.Бидний уулзсан өмгөөлөгчдийн нэг нь Монгол Улсын гавьяат хуульч Д.Данзандорж. Нөгөө нь гуч гаруй насны гав шавхийсэн залуу байна. Тэрээр төрийн өмчийн компаниудын иймэрхүү төрлийн маргаан дээр ажиллаад чамгүй туршлага суусан нэгэн бололтой. “Шивээ-Овоог яг ингэж алдсан. Одоо лицензээ түрээслээд ажиллаж байгаа. Адуунчулуун бас тийм. Уурхайнхан лицензээ алдсан компанидаа туслан гүйцэтгэгчээр ажилладаг. Эрдэнэт дээр ийм маргаан үүсч, манай багийн өмгөөлөгч ажиллаад ялж байсан. Оюу толгой дээр бас бид ажиллаад маргаанаа авсан. Багануурын хэрэг дээр энэ туршлагаараа орж ирж өмгөөлөл хийж байна” гэж яриа дэлгэлээ.

Сайд нарын зөвлөл 1973 онд тогтоол гаргаснаар Багануурын хүрэн нүүрсний ордыг эрчим хүчний хэрэглээнд ашиглахаар болж. 1973, 1989 онд судалгаа хайгуул хийж 899 сая тонн нүүрсний нөөцтэй гээд тогтоочихож. Хайгуулын зардал болох 94 мянган ам.долларыг ерээд оны дундуур улсаараа долларгүйн зовлон туулж байх үед “Багануур” компани өөрсдөөсөө мөнгө гаргаж төлсөн түүхийг өмгөөлөгчид нь ярилаа. Шилжилтийн хүнд цагт ганц Багануур ч биш Эрдэнэт, Шивээ-Овоо гэх мэт төрийн өмчит уурхайнуудад нэг асуудал үүсч. Эдийн засаг жижигхэн байсан тэр үед зардлаа хүчрэхээ больсон уурхайнууд Ашигт малтмалын газартай нэг тохироо хийжээ. Олборлож байгаа хэмжээгээрээ лицензийн талбайгаа томсгоод явъя гэсэн тохироо. Талбайн төлбөр нь дийлдэхгүй байсан гэх шалтгаанаар ийм тохироо хийсэн гэнэ. Мэдээж цаг наашлах хэрээр талбайгаа томсгоод явна гэсэн нөхцөлтэйгөөр. Хайгуулын зардлыг нь төлчихсөн талбай учраас цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалж ийм шийдвэр гаргасан гэх тайлбарыг энэ уурхайн үе үеийн дарга нар хэвлэлээр ярьсан харагддаг.

Оператор жолооч О.Эрдэнэбилэг

Гавьяат хуульч Д.Данзандорж тэр үед гарсан шийдвэрүүдийн хуулбарыг сонирхуулангаа “Хамгийн сонирхолтой нь 2006 онд “Алтай голд” гэдэг компанид орд газрын яг тал дээр хайгуулын тусгай зөвшөөрөл өгчихсөн. Нэг ч өрөм зоогоогүйгээр барахгүй ямар ч судалгаа хийгээгүй компани. Хайгуулын зөвшөөрлийг авахдаа орон нутгаас санал авдаг. Хайгуулын зөвшөөрөл авсан хэсгээ Төв аймгийн Баяндэлгэр сумын нутагт хамаарна гээд орон нутгаас нь зөвшөөрсөн гэх бичиг авсан байдаг л даа. Сүүлд тэр бичиг нь хуурамч болж таарсан. Сумын захиргаа хожим нь тийм бичиг гаргаж өгөөгүй гэсэн. Өөрөөр хэлбэл хуурамч бичиг үйлдэж АМГ-аар хууль бус зөвшөөрөл гаргуулчихсан гэсэн үг. Лицензтэй талбай Багануур дүүргийн Баруунхонхор гэдэг газарт харьяалагддаг юм. Дараа нь бүр сонин юм болсон. 2008 онд хайгуулын тусгай зөвшөөрлөө шууд ашиглалтын тусгай зөвшөөрөл болгочихсон. Ядаж хэдэн цооног өрөмдсөн бол өөр хэрэг шүү дээ” гэж ярилаа.

“Өрөм зоож, хайгуул хийгээгүйг нь та нар яаж батлах вэ” гэж сонирхоход “Та анзаарсан бол уурхайн лицензтэй талбайг тойруулаад хүн орохын аргагүй загон татчихсан байгаа. Тэгэхээр өрөм зоосон үгүйг эд мэднэ шүү дээ. Ямар ч хайгуул хийгээгүй хэрнээ ашиглалтын тусгай зөвшөөрөл авсан компани нь “Алтай гянт”. Ингэж байтал 2012 он болсон. Сонгуулийн дараа “Монголиан коал корпорэйшн” Багануурын уурхайн 17 хувийн хувьцааг эзэмшдэг Австралийн компаниас хувьцааг нь авсан байдаг юм. Компанийн нэрийг орчуулбал Монголын нүүрс корпораци гэсэн үг л дээ.Тэгээд лицензээ 2012 онд хүчингүй болгуулчихсан. Тэр үеийн үйл явдлыг одоо эргээд харах нь ээ Багануур ХК дээр дахин хувьцаа гаргах замаар уурхайн 51 хувийг хувьчилж авна гэж тооцсон байсан гэж анзаарагддаг. За тэгээд 2016 оны зургадугаар сарын 27-ны өдөр Хөрөнгийн биржээр хувьцаа нь арилжаалагдах боллоо. Түрүүн дурдсан Монголын нүүрс корпораци бүх хувьцааг нь авах гээд зургаан тэрбум төгрөг урьдчилаад хийчихсэн байсан. 51 хувьтай учраас лицензтэй маргах хэрэггүй болчихно гэсэн логикоор хандсан хэрэг. 51 хувийн хувьцааг авчихвал уурхай тэр чигтээ Монголын нүүрс корпорацийнх болно. Гэвч процесс эхлэхээс өмнө бүгдийг зогсоосон” гэсэн хариу өгөв.

2016 оны сонгуулийн дараагаас асуудал зогсч, нөгөө талаас лицензийн маргаан эхлүүлжээ. Нэг бол 49 хувиа авна, эсвэл лицензээ бидэнд зар гэсэн байдал руу шилжсэн нь ийм түүхтэй аж. Өнөөг хүртэл ямар нэг шийдэлд хүрээгүй шалтгааныг нь лавлахад Д.Данзандорж өмгөөлөгч “Уг нь Ашигт малтмалын газраас лицензийг нь цуцалснаас хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэх гаргах ёстой. Гэтэл таван жилийн дараа захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэх гаргасан байдаг. Нийслэлийн захиргааны хэргийн шүүгч н.Батзориг таван жилийн хөөн хэлэлцэх хугацааг сэргээгээд захиргааны хэрэг үүсгэчихсэн. Лицензээ буцааж авах маргаан үүсгэсэн гэсэн үг. Энэ үед Багануурт үндсэн лицензтэй газраа ашиглаад дуусчихсан гэсэн асуудал гарч ирсэн. Маргаан үүсгээд яваа компанийн мэдэлд байгаа гэх талбай руу аль хэдийнэ ороод 800 мянган тонн нүүрс олборлочихсон байсан. Хэрвээ өнөө компани лицензээ авчихсан бол Багануур Адуунчулууны уурхайнхан шиг туслан гүйцэтгэгч болж хувирна. Алтай гянтын маргаад байгаа талбай 468 сая тоннын нөөцтэй. Анхан шатны шүүх дээр Багануур ялсан. Улсын төсвийн хөрөнгөөр геологийн судалгаа хийгдсэн, хайгуул нь тогтоогдсон нөөц бүхий орд газрыг бусдад эзэмшүүлэхээр бол сонгон шалгаруулалтын зарчим барих ёстой. Гэтэл тэгээгүй шууд өгсөн учраас шүүх дээр Багануур ялсан юм. Ингээд Дээд шүүх дээр очлоо. Хамгийн хачирхалтай нь энэ асуудлыг хэлэлцэх хурал Дээд шүүх дээр 14 хоногоор дөрвөн удаа хойшилдог юм. Улсын дээд шүүх дээр ийм түүх байдаггүй. Надад хардах эрх бий. Тэр эрхийнхээ хүрээнд ярья. 49 хувь гэхээр Захиргааны танхимын ерөнхий шүүгч Батсуурийн асуудал яригдана. Тэр хүний ард Эрдэнэбилэг гэдэг нэр яригддаг. Дахиад хэлэхэд хардах эрхийнхээ хүрээнд ярих ёстой асуудал гэж бодож байна. Одоо дахиад маргаад эхэлчихлээ. Энэ сарын 23-нд давж заалдах шатны шүүх хурал болно. Гуравдугаар сард Дээд шүүх дээр очно. Дээд шүүх дахиад буцаах байх. Асуудал дараа жилийн сонгууль хүртэл сунжрахыг үгүйсгэх аргагүй” гэсэн хариу өгөөд цагаа харав. Д.Данзандорж өмгөөлөгч дараагийн ажлынх нь цаг тулсан гэж учирлаад гарснаар уурхайн лиценз тойрсон яриа өндөрлөв.

Уурхайд өнжихөөр ирсэн учраас жирийн уурхайчинтай уулзах хүслээ хэллээ. Гүйцэтгэх захирал утас цохиж нэг хүн дуудсан нь тэгтэл хүлээлгэсэнгүй. Хориод минутын дараа 50 шүргэж яваа насны өндөр, бор эр орж ирэв. Уурхайд оператор жолоочоор ажилладаг гэнэ. О.Эрдэнэбилэг гэж өөрийгөө танилцуулсан жолооч хэлэмгий яриа байрын нөхөр гэдэг нь харваас илт. “Сая өмгөөлөгчидтэй зөрж таарлаа. Сурвалжлагчид манай өмгөөлөгчидтэй ярилцаа юу. Лицензийн асуудлыг сайн бичээд өгөөрэй. Энэ асуудал шийдэгдэхгүй сунжрах тусам уурхайд доголдол үүсэх гээд байна. Олборлох талбай хумигдаж маргаан үүсчихээр юугаа хийх юм бэ. Жирийн ажилчин надад бол машин минь бүрэн бүтэн, төлөвлөгөөгөө биелүүлж цалингаа авах л чухал. Гэтэл машин засварт орчихсон. Сэлбэггүй болохоор таг гацчихлаа. Сэлбэг авах мөнгө уурхайд алга. Лиценцийн маргаантай газар мөнгө хөрөнгө оруулдаг газар хаана байхав” гэж ирээд ярих шинжтэй тухлаад суучихав. О.Эрдэнэбилэгийг ийн ярих зуур хөрсөн кофегоо ууж дуусгаад уурхайгаар явах бэлтгэлээ хангалаа. Бэлтгэл хангах гэдэг нь хамгаалалтын малгай, хүрэм, гутал өмсөх. Ер нь ямар ч уурхайд биед дадаагүй ийм хувцас хэрэгсэл заавал өмсөх үүрэг ирдэг юм. Утаа, тоос шүүгчтэй маск нэгжээдийг бэлджээ. Цасгүй учраас олборлолт явуулж буй талбай тоосжилт ихтэй байгаа гэнэ.

ХӨДӨЛМӨРИЙН БААТАРЫН ЭКСКАВАТОРТ СААТСАН ХОРИН МИНУТ

Ингээд нүүрс хэрхэн олборлож буйг сонирхохоор уурхайн зүг хөдөллөө. Үнэхээр л ид тоосон дундаа манарч байна, уурхай. Хаа нэг KAT гэсэн бичигтэй нүүрс, шороо ачсан аварга машин зөрөх уурхайгаар хоёр цаг гаруй давхив. Нүүрс олборлохын тулд хөрсийг үе үеэр нь хуулдаг гэж О.Эрдэнэбилэг сонирхуулав. Дороос дээш үелэн хуулсан хөрсийг дээрээс нь харахад яг л үелүүлж хээлсэн зураг шиг харагдана. Нэлээд хэдэн жилийн өмнө танил геологичтойгоо Эрдэнэтийн уурхайгаар явах үед мань эр “Маш гоё харагдаж байгаа биз. Яг зураг шиг” гэж бахдангуй өнгөтэй ярьсан нь том уурхайнуудыг сонирхох бүр санаанд ордог юм. Уулын нэгдүгээр хэсгийн нэгдүгээр зам гэж танилцуулсан хэсгээр явах зуур О.Эрдэнэбилэг “Тэр харагдаж байгаа аварга эд чинь алхдаг экскаватор. Хөрс хуулж байгаа юм. Одоогоор 50 гаруй метр хөрс хуулчихсан байна. Тэр харлаж байгаа нь нүүрс. 10 гаруй метр үргэлжилж байгаа биз. Манай уурхай чинь 24 цагийн тасралтгүй ажиллагаатай. Ажилчид нэг ээлжиндээ 12 цагаар ажиллана. Чиний харж байгаа энэ экскаваторт нэг ахлах, гурван туслах ажилладаг. Сая зөрж өнгөрсөн ачааны аварга машин АНУ-ын КАТ-777. 2012 онд ашиглалтад орсон. Нэг удаа л их засварт орсон. Уг нь гурав дахиа орсон байх учиртай. 12 мянган мот/цаг ажиллаад их засвар хийх ёстой. Гэтэл одоо 40 гарчихсан яваа” гэж ирээд яриа дэлгэнэ.

Бидэнд замчилсан О.Эрдэнэбилэг байсхийгээд л “Алтан уурхай минь” гэх нь чихэнд содон дуулдана. Ер нь бидний уулзсан хүн бүр энэ үгийг бүр нэг сэтгэлээсээ хэлэх юм. “Улс орныхоо гал голомтыг бадрааж яваа гэж бодохоор утгатай сайхан санагддаг” гэж уурхайн талбай дээр таарсан Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат уурхайчин Н.Мөнхбаяр ярьсан юм. Н.Мөнхбаярын ахлахаар нь ажилладаг алхдаг экскаватор нэг удаадаа 15 куб метр буюу 30 тонн шороо хутгаж 90 метрийн цаана шиддэг гэнэ. Бөөрөндөө ЭШ 15-90 гэж бичсэн нь ийм учиртай юм байна. Монголдоо гуравт ордог аварга эд аж. СССР гэсэн бичиг, өнгө будаг энэ тэрийг нь харахад их л эртний эд гэдэг нь нүднээ илэрхий юм. Ашиглалтын хугацаа нь 20-25 жилээр яригддаг энэ техник 38 дахь жилдээ, ямар ч их засваргүйгээр зүтгэсээр яваа гэж Н.Мөнхбаяр сонирхуулав. “Уг нь шинэ экскаватортой болчихвол хэчнээн сайхан. Улсын эдийн засаг хэцүү үед шууд ингэмээр тэгмээр байна гэхэд хэцүү. Гэхдээ шинийг авчихвал бүтээмж эрс дээшилнэ. Тэгэхээр улсад л хэрэгтэй байх тийм үү” хэмээн энгийн даруухан хүүрнэх Хөдөлмөрийн баатар арваа төгсөөд л илгээлтээр ажиллаж эхэлжээ. Эхлээд зөвлөлтийн барилгын байгууллагад өрлөгчинөөр нэг жил ажиллаад Украин явж цахилгаан экскаваторын тоног төхөөрөмжийн засварчин мэргэжилтэй болоод ирж. Тэр үеийн залуусын жишгээр гурван жилийн цэргийн алба хаачихаад Багануурт данстай хүн болжээ. Н.Мөнхбаяр “Техникт нь хорхойсоод ирсэн” гээд инээмсэглэв.

Ер нь л их дуу цөөтэй хүн юм. Асуултанд ганц хоёр өгүүлбэрээр хариулаад экскаватор руугаа харна. Ажилдаа яарч байгаа бололтой. “Ерээд оны үед уурхай их хэцүүдсэн гэдэг. Хамаг хүн нь яваад байгаа хэд нь ачааны хүндийг үүрсэн гэл үү” хэмээн үг өдөхөд “Зөвлөлтийн мэргэжилтнүүд буцсан, зөвлөлтөөс нийлүүлдэг сэлбэг байхгүй болсон, инженер техникийн ажилтнууд ганзагын наймаа энэ тэр гээд ажлаасаа гарсан гээд яривал хэцүү юм байсан. Гэхдээ ажилдаа дуртай болохоор хэцүүг мэдрээгүй даваад гарсан. Харин одоо л хэцүүдэж байна. Алтан уурхай гэж бидний сүсэглэн зүтгэж ирсэн энэ компанийн хувьцааны 75 хувийг төр эзэмшдэг. Тэр хэрээрээ хөрөнгө оруулалт хийгээсэй гэсэн хүсэл л байна. Бидний энэ хүслийг л дамжуулаад өгөөрэй. Уурхайн эдийн засаг үнэхээр хүндэрчихлээ. Тоног төхөөрөмж хуучирсан. Сэлбэг материалын хэрэгцээ их байна. Энэ өвөл бүр хүндэрчихлээ” гэж байна. 2012 онд хөдөлмөрийн баатар болсноо мэдсэн агшнаа “Амарч байтал орой таван цагийн үед захиргаанаас хүний нөөцийн хэлтсийн дарга Шагдарсүрэн утасдаад дээрээс ярив уу гэж асуудаг юм. Дээрээс гэдгийг нь ойлгосонгүй, яриагүй л гэлээ. Ахиад хагас цагийн дараа залгаад өнөөхөө асууж байна. Бүр гайхчихлаа. Цаг гаруйн дараа утас дахиад дуугардаг юм. Ерөнхийлөгчийн Тамгын газраас ярьж байна, зарлиг гарсан, та хөдөлмөрийн баатар боллоо гэхэд нь л учрыг нь олсон шүү. Сандраад яахаа мэдэхээ байчихдаг юм билээ” гэж хэлээд хөгжилтэй инээв. Эскаваторыг нь сонирхож болох уу гэтэл харин үг нь олшроод ирэв. Бололгүй яахав, хуучин ч гэсэн сайн эд шүү гэсээр биднийг экскаватор руугаа дагуулаад алхлаа. Овоохон зайтай амины орон сууцархуу хэмжээтэй экскаватор руу нь яваад орлоо. Араа, мотор гэх мэт хамаг эд анги нь ил болоод тэр үү экскаваторын дотор тал сүр бараатай гэж жигтэйхэн санагдав. Яг л үйлдвэрт ороод ирсэн мэт нүсэр дуу чимээ нь анх орж байгаа хүнд бол удаан байхад хэцүү орчин юм.

Хөдөлмөрийн баатар Н.Мөнхбаярын ажлаа хийдэг өрөө нь харин арай чимээ багатай, плитка, ханын самбар, жижиг буйдан, ширээ гээд хөөрхөн тохижилттой санагдав. Ширээн дээр байхуу цай саяхан уусан бололтой, дөрвөн шилэн аяга өржээ. Ханаараа дүүрэн өргөмжлөл өлгөчихөж. Эдний бригад үйлдвэрийн 14 удаагийн аварга гэнэ. Бидний дотор нь хэсэг хугацаанд саатсан энэ алхдаг экскаватор 87 сая куб метр уулын цул хуулжээ. Хөдөлмөрийн баатрын экскаваторт хорин минут саатаад гарлаа.

ТЕХНИКИЙН СУЛ ЗОГСОЛТООС БОЛЖ ОЛБОРЛОЛТ БАГАСЧЭЭ

Тээр доор өнөө зөрж өнгөрсөн KAT-ын хоёр машин, өөр гурван жижиг машин эгнэжээ. KАТ-ын машин нь Улаанбаатарын станцууд руу тээвэрлэх нүүрсийг ачиж байгаа бол жижиг оврын Howo машинууд хэрэглэгчдэд зориулсан нүүрс авахаар иржээ. О.Эрдэнэбилэг “Хэрэглэгчид зориулсан нүүрс авахаар ирсэн машинуудад нүүрсийг их гоё ялгаж шигшиж ачиж өгдөг. Н.Алтанхуягийн нүүрсийг энэнээс гоё ачиж өгч явуулж байлаа шүү дээ. Н.Алтанхуяг тонныг нь 27 мянгаар авч ард түмэнд 80 мянгаар өгч байсан. Тэр дор байгаа нөхдүүд тонныг нь 39 мянгаар аваад ченжүүдэд 50 мянгаар өгдөг. Өнөөдүүл нь хэдээр зардаг юм бүү мэд” гээд мөрөө хавчив. Насаараа ажилласан болоод тэр үү, юу л асуусан товхийтэл хариулах юм. Заримдаа бүр элдэв түүх дэлгээд яриа халих үе ч олон гарав.

Нүүрсний наймаа ярьсан шигээ уруудаж явтал уулын хоёрдугаар хэсгийн 476 экскаваторын машинч Ж.Доржсэмбэтэй ажлаа хийж явахад нь таарсан юм. Тэрээр “Миний ашиглаж байгаа техникийн цагийн бүтээмж нь 4000 куб метр шороо ачих хүчин чадалтай. Уурхайн КАТ буюу ачилтын техник цөөн учраас сул зогсолт ихтэй. Уурхайн эдийн засаг хүнд байгаа учраас ингээд байна л даа” хэмээн ярив. Тэнд таарсан өөр нэг ажилтан бол КАТ-ын оператор жолооч Г.Баярсайхан. Өдөртөө 25-30 удаа тээвэр хийдэг гэнэ. “Хөрөнгө мөнгө л их дутагдаж байгаа анзаарагдах юм. Дутуу мөнгийг нь шийдээд өгчихвөл алтан уурхай минь сайхан шүү дээ” гэж байна. 1996 оноос хойш Багануурын уурхайд жолоо мушгиж яваа Г.Баярсайханы хүү нь бас уурхайчин аж.

Уурхайн хамгийн хүнд ажил нь өрмийн машинчийн туслах санагдав. Өрмийн машинч Ю.Батчулуунтай ажлынх нь талбай дээр таараад түр ярилцах зуур төрсөн бодол л доо. Эхэндээ яаралтай ажилтай байна гэж их л дургүйцэнгүй цаг гаргасан Ю.Батчулуунтай арваад минут ажлынх нь талаар яриа дэлгэсний эцэст ааш нь овоо наашлав. Үнэхээр ч цаг завгүй үед нь ирж таарчээ. Маргааш нь тэсэлгээтэй, тэсэлгээнд газраа бэлдэх гээд өрөмдлөг хийж байхад нь бид яваад оччихож. Шөнөжингөө өрөмдлөг хийнэ гэнэ. Ю.Батчулууны туслахыг Д.Мөнхдэлгэр гэдэг аж. Өрмийн туслах өвөл, зун ялгаагүй бүтэн 12 цагийн турш гадаа зогсож ажилладаг юм байна. Хар үгээр тайлбарлавал өрмийн машинчийг өрөмдлөгөө хийнгүүт хошууг нь солих ажлыг хийдэг байна. Өргөхөд даагдахын аргагүй хүнд төмрийг өдөрт 30 удаа өргөнө гэдэг бэрх даваа санагдав. Хаврын цагт бүр 60 удаа өргөх өдөр ч гардаг гэнэ. Багануурын олборлолт явуулдаг яг энэ хэсэг өвөлдөө Тосонцэнгэлийн дараа тачигнадаг газар гэж О.Эрдэнэбилэг сонирхуулав. Машинаас гараад жаахан удахаар жиндэхээр өдөр байхад Д.Мөнхдэлгэр ажирч байгаа юм алга. Өнөөдөр сайхан байна, ид хүйтэнд ямар гээч хэмээн хэлээд өрмийн хошуугаа солихоор яарав. Зундаа ч жигтэйхэн халдаг бололтой. Өрмийн машин дотор ажилладаг Ю.Батчулууны хувьд зун хамгийн хэцүү байдаг аж. Битүү төмөр дотор ид халуун цагаар өдөржин сууж ажиллана гэдэг хэр бэрх даваа болохыг уншигчид төсөөлчихсөн суугаа байх. Завгүй хоёртой хальт хэдэн үг солиод уурхайн оффисын зүг буцсан юм.

Монгол улсын хөдөлмөрийн баатар, гавьяат уурхайчин Н.Мөнхбаяр

ОПЕРАТОР ЖОЛООЧИЙН “УЛСТӨРЖИЛТ”

Зам зуур О.Эрдэнэбилэг улстөржөөд авав. Одоогоор засвар хийлгэх мөнгөгүйгээс засварын газарт гацсан машинаа барьж чадахгүй яваадаа бухимдсан уу “Ажлаа тайван хийх нөхцөлтэй бол ингэж улс төр рүү ормооргүй байна. Даанч тэгэх боломж завдал өгөхгүй юм. Олон толгойтой мангас гэгчээр аль яаманд харьяалагдаад байгаа нь мэдэгдэхгүй зовлон байна. Төр өмчөө мэдээд тэр хэрээрээ хөрөнгө оруулалт хийж өөриймсөг байх ёстой. Өр зээлийн асуудлыг нь цэгцэлж өгнө гэсэн Засгийн газрын шийдвэр гарсан хэр нь хэрэгжихгүй юм. ТЭЦ-үүдтэй өрийн сүлжээнд орчихсон яваа шүү дээ. Өрийн дарамтгүй болоод ирвэл уурхай өөрсдийгөө аятайхан аваад явчихна. Уулын ажилчид бултаараа гадаа, өвөл зуны хүйтэн халууныг үл ажран ажиллаж байна. Гэлээ гээд ялархаад суух юм алга. Цалин нэмээч гэж бид гуйгаагүй. Цалингаа аваад аятайхан ажиллах боломж, нөхцөлийг нь бүрдүүлээд өгөөч гэж л хүсч байгаа. Уурхайчид халуун сэтгэлээрээ зүтгэсээр өнөөдрийг хүрлээ. Одоо хамгаа шавхаад байна. Нүүрснийхээ үнийг буулга гэж захиргааддаг шигээ уурхайд эзэмшдэг хувийнхаа хэмжээгээр хөрөнгө оруулах хэрэгтэй биз дээ. Төр менежмэнтээ сайн хиймээр байна” хэмээн урсгалаа. Машин нь хэзээ засвараас гарахыг сонирхоход “Хэлж мэдэхгүй байна. Та бод доо. Уг нь машин маань зогсоогүй бол би төлөвлөгөөгөө биелүүлээд цалингаа авна. Би ажлаа хийвэл олборлолт хэвийн явагдана. Манай уурхайн олборлолт тасарвал улсаараа тог цахилгаангүй хэцүүднэ. Багануурын уурхайн асуудлыг энгийнээр яривал ердөө л энэ шүү. Улсаа гэрэлтэй байлгая гэвэл уурхайд тулгамдсан асуудлыг шийдэхээс өөр гарц байхгүй байгаа биз” гэж байна. Бидний суусан машин Багануурын уурхайн оффисын гадаа иржээ. О.Эрдэнэбилэгт талархалаа илэрхийлээд саллаа.

БАГАНУУРТ БОДЛОГЫН ДЭМЖЛЭГ ХЭРЭГТЭЙ БАЙНА ГЭВ

Бид уурхайн ажилчдын цайны газар орж өдрийн хоол идлээ. Энэ өдрийн цэсэнд багтсан хоолноос хонины шарсан мах, сүүтэй цай сонголоо. Ажилчдадаа эрүүл, чанартай хоол өгөхөд анхаардаг нь цэсэн дээрх “Замагтай шөл” гэх мэт хэр баргийн газарт элбэг харагддаггүй нэрнээс харж болохоор юм. Ажилчдын хооллодог саруулхан өрөөний үүдэн хэсгийн ханаар дүүрэн эрүүл хоолны тухай мэдлэг авахаар самбарууд өлгөжээ. Багануурын уурхайн ажилчдын тал хувь нь хандлага өөрчлөх аялалд хамрагдаад эхэлчихэж. Арлын Япон руу аялаад ирсэн хүмүүс нь ажил дээрээ шинэ санаа нэвтрүүлээд эхэлжээ. “1100 санаа 1100 ажил” гэсэн өөдрөг нэртэй энэ хөтөлбөрт хамрагдсан ажилчдын хандлага их өөрчлөгдсөн гэнэ. Эмх цэгцийг ажлын байрандаа хэрэгжүүлэх, ариун цэврийн өрөөгөө цэвэрхэн ашиглах, ухаалаг амьдралын хэв маягийг гэр бүлээрээ дагах гээд олон сайхан жишээг уурхайчдаас сонслоо. Тэд “Манай уурхайд бодлогын дэмжлэг л хэрэгтэй байна. Манайх 1200 ажилтантай. Цаана нь байгаа гэр бүлийнхийг нь оруулбал 6000 хүний хувь заяа энэ уурхайтай холбоотой. 40 жилийн түүхтэй алтан уурхайдаа бүгд л хайртай, ажилдаа дуртай. Олон жилийн өмнө ажлын байрны нөхцөл, цалин хөлс гэхчлэн нийгмийн асуудалд гомдол санал гаргадаг байсан бол одоо машин техник маань л эвдрэхгүй,зогсохгүй бол ажлаа хийгээд амьдралаа өөд татаад явахаа мэддэг болсон” гэцгээх аж.

1990 оны зах зээлийн шилжилтийн үеийг Багануурын уурхайнхныг тойроогүй. Техникийнхээ хоцрогдлыг арилгахаар гадаад дотоодын хүү багатай, урт хугацааны хөгжлийн зээлүүд авч уурхайн хүчин чадлаа нэмэгдүүлсэн олзуурхам тал “Багануур”-ынханд бий. Гэсэн хэдий ч үе үеийн Засгийн газрууд эрчим хүчний тарифыг чөлөөлөөгүй өнөөдрийг хүрсэн нь энэ уурхайн хөгжилд багагүй түвэг удсан нь өнгөрсөн жилүүдэд болсон үйл явдлаас анзаарагддаг. Нүүрсээ цахилгаан станцуудад олон жил хямд үнээр нийлүүлж, олборлолтын зардлаа нөхөхгүйгээр өнөөг хүрсэн учраас урт хугацаанд мөнгөн хөрөнгийн дутагдалд орсон нь нуух аргагүй үнэн. Ийм шалтгаанаар Багануурын уурхай урд хормойгоороо хойд хормойгоо нөхсөөр ирснийг монголчууд бултаараа мэднэ. “Багануур” ХК-ийн техник тоног төхөөрөмж хуучирсан, шинэ ТЭЗҮ-ийн дагуу хөрөнгө оруулалт татах шаардлага үүссэн зэрэг асуудалтай ч нүүр тулжээ. “Багануур”-ын хувьцааны 21.06 хувийг “Монголиан коал корпорэйшн” эзэмшдэг бол 3.94 хувь нь 4000 гаруй жижиг хувьцаа эзэмшигчдийнх. 75 хувийг нь “Эрдэнэс Монгол” эзэмшдэг тухай өмнө өгүүлсэн.

“Эрдэнэс Монгол”-ын хувьд Багануурын төрийн мэдлийн хувьцааг эзэмших болсноос хойш зүгээр суугаагүй гэнэ. Энэ компанийг илүү хариуцлагатай ажиллуулах чигт анхаарч Монголд анх удаа олон улсын хариуцлагатай уул уурхайн зарчмыг нэвтрүүлэх гэх мэт цөөнгүй ажил сэдэж эхлүүлжээ. Ямартаа ч уурхайд саатах хугас өдөрт нэг зүйл их тод анзаарагдлаа. Багануурын уурхайчид, уурхайн удирдлагууд Улаанбаатар хотыг гал алдуулчихгүйн тулд байгаа боломжоо шавхан ажиллаж яваа юм байна. Төгсгөлд нь дахин онцлоход лицензийн маргаантай талбайн асуудал шийдэгдэхгүй бол уурхай олборлолтоо явуулахад хэцүү болж эхэлжээ.

 

Ц.БААСАНСҮРЭН

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Эх сурвалж: dnn.mn

SHARE