Их Британийн Хатан хааны нөхрийг уучлалт гуйхыг шаардав

Их Британийн Хатан хаан Елизавета II-ийн нөхөр, Эдинбургийн гүн 97 настай Филип хэдэн хоногийн өмнө Виндзорын шилтгээний ойролцоохь замд жолоо алдан, өөр нэгэн машинтай мөргөлдсөн хэрэг гарсан. Машин нь хөмөрч унасан ч гүн биедээ ямар нэгэн гэмтэл аваагүй юм.

Тэгвэл гүнгийн машинтай мөргөлдсөн машины жолооч эмэгтэй Эмма Фэйрвезер албан ёсоор уучлалт гуйхыг шаарджээ. Хэвлэлүүдийн мэдээлж буйгаар Эдинбургийн гүн Филипийн нүд гялбасны улмаас жолоогоо алдаж, авто осол хийсэн байна. Эмма Фэйрвезерийн машинд тухайн үед найз бүсгүй нь есөн сартай охиныхоо хамт явсан байна.

“Азаар л бид амьд үлдсэн шүү дээ. Гэтэл тэд бүр уучлалт ч гуйхгүй юм. Надад Хатан хаан болох түүний нөхөр сайн сайхан хүмүүс шиг санагддаг. Мөн тэднийг их ажилтай байдгийг ойлгож байна. Гэхдээ уучлалтад гуйхад хэдхэн хором л хэрэгтэй шүү дээ” гэж Эмма Фэйрвезер өгүүлсэн байна. Ослын улмаас Фэйрвезерийн бугуйны яс хугарсан ажээ.

news1.mn Р.Гэгээ

SHARE