Москвагийн Мисстэй гэрлэсэн Малайзын Хаан өөрийн хүсэлтээр хаан ширээнээсээ буулаа

Малайзын Хаан Мухаммад V өөрийн хүсэлтээр хаан ширээнээсээ буулаа. Малайзад Хаан угсаа залгамжладаггүй, таван жилээр сонгогддог юм. Мухаммад V 2021 он хүртэл хаан ширээнд суухаар сонгогдсон ч огцрох хүсэлтээ гаргажээ.

Тэрбээр өнгөрсөн арваннэгдүгээр сарын 22-нд Оросын нийслэл Москвагийн Миссээр 2015 онд тодорсон Оксана Воеводинатай хуримаа хийж, дэлхийн дахины анхаарлыг гойд татсан юм. Үүнийхээ дараагаар төрийн жолоог атгах ажлаасаа бүтэн хоёр сарын чөлөө авсан тул эзгүйд нь Хааны ажил үүргийг Перакийн султан Назрин Шах гүйцэтгэжээ.

Малайзын ард түмэн түүнийг хаан ширээнээс бууж магадгүй талаар таамаглаж байсан гэнэ. Гэхдээ тус улсын түүхэнд хаан ширээнээс өөрөө татгалзсан тохиолдол өмнө нь гарч байгаагүй ажээ.

Харин Москвагийн Миссийн хувьд Малайзын хаантай гэрлэхийн тулд хэдэн сарын өмнө мусульман шашинтан болж, Рихана гэх нэрийг авсан байна. Гэлээ ч Малайзын хуулийн дагуу Хаан нь харь орны бүсгүйтэй гэрлэсэн бол Хатан хаан гэж нэрлэдэггүй аж.

Мухаммад V хаан ширээнээс буусныхаа дараагаар орос эхнэрийнхээ хамт төрсөн нутаг Келантанд очиж, мужаа цаашид захиран ажиллаж, амьдрах юм байна.

news1.mn Р.Гэгээ

SHARE