АНУ-ын десантын хөлөг онгоц Хар тэнгист орж ирлээ

АНУ-ын Зэвсэгт хүчний десантын хөлөг онгоц USS Fort McHenry (LSD 43)  өчигдөр Хар тэнгист орж ирлээ. Европын зүүн өмнөд хэсэгт байрлах Хар тэнгис нь Болгар, ОХУ, Гүрж, Украин, Турк, Румынтэй хиллэдэг билээ.

190 метрийн урттай энэ хөлөг онгоц дээр 500 тэнгисийн явган цэрэг байрлах боломжтойгоос гадна байлдааны онгоц болон пуужин харвагчтай юм.

USS Fort McHenry десантын хөлөг онгоцыг Хар тэнгист аваачсан нь НАТО-гийн холбоотнууд болон тухайн бүс нутгийн хамтрагч улс орнуудын харилцааг бат бөх болохыг илтгэх, шаардлагатай тохиолдолд аюулаас хамгаалахад бэлэн гэдгээ нотолсон үйл явдал юм” гэж АНУ-ын тэнгисийн цэргийн дэд-адмирал Лайза Франчетти мэдэгдлээ.

Өнгөрсөн арваннэгдүгээр сарын 25-нд Керчийн хоолойд Украины Зэвсэгт хүчний гурван усан онгоц  ОХУ-ын хилийг зөрчсөн явдал гарсан. Хил зөрчсөн гурван онгоцны 24 усан цэргийг Оросын тал баривчилж, хил зөрчсөн хэргээр зургаан жилийн ял оноохоор төлөвлөөд байгаа юм. Керчийн хоолой дахь мөргөлдөөний үеэр Оросын хилийн хамгаалалтын гурван цэрэг шархдсан тухай мөн мэдээлсэн.

Харин Украины талаас Оросыг хэт түрэмгий үйл ажиллагаа явуулж, хоёр улсын хоорондын гэрээ хэлэлцээрийг зөрчсөн хэмээн буруутгаж байгаа юм. Үүнээс үндэслэн АНУ-ын зүгээс Хар тэнгист өөрийн десантын хөлөг онгоцоо байршуулж, үүсээд буй нөхцөл байдлыг хяналтандаа авах, НАТО-гийн холбоотнуудаа хамгаалах үүрэг гүйцэтгэж байна гэж мэдэгдлээ.

Гэхдээ 1936 оны Монтрёгийн конвенцийн дагуу Хар тэнгистэй хиллэдэггүй улсын усан онгоц тухайн бүс нутагт 21-ээс илүү хоног байрлахыг хориглодог ажээ.

news1.mn Р.Гэгээ

SHARE