Оросын нэрт хөлбөмбөгч хуучин эхнэрээ захиалгат аллагад буруутгав

 

Оросын хөлбөмбөгчид сүүлийн үед удаа дараалан ямар нэгэн байдлаар гэмт хэрэгт нэр холбогдон, шуугиан тарих боллоо.

Шигшээ багийн Александр Кокорин, Павел Мамаев нар төрийн албан хаагчийг зодсныхоо төлөө хэдэн сар хоригдож буй бол Денис Глушаковыг эхнэр нь шүүхэд өгч, бүр 10 жилийн ял оноож магадгүй тухай мэдээ тараад амжсан.

Тэгвэл даарин дээр давс гэдэг шиг Оросын шигшээд олон жилийн турш амжилттай тоглосон Александр Кержаков мөн дуулиан дэгдээгээд амжлаа. Гэхдээ тэр өөрөө хэрэг хийсэн биш харин хуучин эхнэрээ хэрэг хийхээр завдсан гэж хуулийн байгууллагад албан ёсоор ханджээ. Кержаковын мэдүүлснээр бол хуучин эхнэр Милана Тюлпанова нь түүнийг хөнөөхөөр захиалга өгсөн ажээ.

“Тийм ээ, би нэхэмжлэл гаргасан гэдгээ баталж байна. Өөрийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах үүднээс хуулийн байгууллагад хандах тодорхой шаардлага надад гарсан” гэж Кержаков мэдэгджээ.

Тэгвэл түүний хуучин эхнэр Малина Тюлпанова “Кержаков намайг шүүхэд өгчээ. Намайг хөлсний алуурчинд захиалга өгсөн гэж тэр мэдүүлэгтээ дурьдсан байна. Гэвч ямар ч баримтгүй, зүгээр л санаанаасаа зохиосон зүйл. Энэ дашрамд түүнд хэлчихье. Саша, битгий ай. Битгий эргэж харж хулмагна. Зүгээр л намайг хүүтэй минь тайван орхичих. Чиний тэр их үнэтэй амь насанд чинь хэн ч халдахгүй” хэмээн Милана өгүүлжээ.

Кержаков өнгөрсөн тавдугаар сард гэр бүлээ цуцлуулсан юм байна. Милана Тюльпанова хар тамхины хамааралтай байснаа хэдэн сарын өмнө хүлээн зөвшөөрсөн байдаг. Гэлээ ч шүүх хурлаас хүүхдээ асран хамгаалах эрхийг Кержаковт бус Тюлпановад өгсөн ажээ.

News1.mn Р.Гэгээ

 

SHARE