Страсбургийн алан хядагч гурван улсад 27 удаа хэрэгт холбогдож байжээ

Францын Страсбург хотын Зул сарын яармаг худалдааны алан хядагч “Аллах Акбар!” хэмээн хашгирч, жирийн иргэд рүү гал нээсний улмаас дөрвөн хүний амь эрсдэж, 10 гаруй хүн шархдсан явдал уржигдар гарсан. Амь үрэгдсэн хүмүүсийн нэг нь Тайландын жуулчин байсан аж.

Харин алан хядагч нь марокко гаралтай, Страсбург хотод 1989 оны хоёрдугаар сарын 4-нд төрсөн Шериф Шекат хэмээх этгээд гэнэ.

Прокурор Реми Эйтсийн мэдэгдснээр бол алан хядагч нь Франц, Герман, Швейцарь улсад нийтдээ 27 удаа хэрэгт холбогдон, хэд хэдэн удаа шоронд хоригдож байсан гэнэ. Мөн Францын Үндэсний аюулгүй байдалд аюул учруулж болзошгүй хүмүүсийн жагсаалтад бичигдсэн байжээ.

Арванхоёрдугаар сарын 11-ний өглөө түүнийг хүн амины хэрэгт холбогдуулан баривчлахаар гэрт нь очсон ч байгаагүй гэдэг. Тэр оройдоо гэмт этгээд Зул сарын яармаг дээр гал нээж, улмаар цагдаа нартай буудалцсныхаа дараагаар зугтаж амжсан юм.

Шериф Шекатыг эрэн сурвалжлах ажилд 350 цагдаа хүчнийхэн дайчлагдан эрчимтэй ажиллаж байгаа гэнэ. Гэмт этгээдийн ойр дотны гэх хүмүүсийг цагдаа нар баривчлан саатуулж, мэдүүлэг авч буй ажээ.

News1.mn Р.Гэгээ

 

SHARE