Манлайлахын тулд сайн дурын ажилд оролцох уу, эсвэл…

“Сайн дурынхны хөгжлийн төв” ТББ-аас жил бүрийн 12 дугаар сарын 5-ны өдөр тохиодог Олон улсын сайн дурынхны өдрийг угтан олон нийт болон хүүхэд, залуучуудад сайн дурын үйл ажиллагааг зөв сурталчлан таниулах, сайн дурын ажлын үнэ цэнийг ойлгуулах зорилготой “Манлайлал ба сайн дурын ажил” сэдэвт уулзалт хэлэлцүүлгийг өчигдөр МҮЭ-ийн Соёлын төв ордонд зохион байгуулав. Энэхүү арга хэмжээ нь Монголд анх удаа сайн дурын үйл ажиллагааг сурталчлан таниулсан томоохон үйл ажиллагаа болсон юм.

Манлайлал гэдэг сэдвийг сүүлийн жилүүдэд нэлээдгүй ярьдаг болсон. Тэгвэл манлайлахын тулд сайн дурын ажилд оролцох уу? эсвэл сайн дурын ажил хийхийн тулд манлайлах уу? Мөн сайн дурын ажил, үйл ажиллагааг зөвхөн хандив эсвэл халамжийн үйл ажиллагаагаар ойлгох уу? Бусдад туслая гэсэн сэтгэлээс гадна өөрийгөө эерэгээр өөрчлөх, өөрийгөө илүү таньж мэдэж, өөрийгөө сорьё гэвэл би сайн дурын ажлыг хаанаас, юунаас эхлэх вэ? гэх мэт нийтлэг асуултад хариулах, сайн дурын үйл ажиллагааны онцлог, анхаарах асуудал зэрэгт хариу өгөх зорилгоор зохион байгуулсан энэхүү үйл ажиллагаанд нийгмийн манлайлагч залуучуудаас суралцах, үлгэр дуурайл авах эрч хүчтэй, сайн дурын ажил хийх сонирхолтой 1000 орчим залуус хамрагдав.

Уулзалтаас олсон орлогыг “Өндөр настнуудын төсөл” болон “Зулзага инээмсэглэл” ТББ-ын хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн цэцэрлэгийн барилгад хувь оруулах ажээ.

Эх сурвалж: news1.mn

SHARE