Де Хеаг “ПСЖ” дэлхийн хамгийн өндөр цалинтай хаалгач болгоход бэлэн

Испанийн шигшээ болон Английн “Манчестер Юнайтед”-ын хаалгач Давид Де Хеаг Францын “Парис Сен-Жермейн” ихэд сонирхож, авахыг хичээж буй ажээ. Гэвч тэдэнтэй Италийн “Ювентус” мөн ана мана өрсөлдөж буй сурагтай.

Парисын баг Де Хеад дөрвөн жилийн 67 сая еврогийн цалин амлахад бэлэн байгаа гэнэ. Өөрөөр хэлбэл, долоо хоногийн 338 мянган еврогийн цалин өгөх юм байна. Хөлбөмбөгийн түүхэнд хаалгач ийм өндөр цалин авч байсан удаагүй юм.

Давид Де Хеагийн “Манчестер Юнайтед”-тай байгуулсан гэрээ ирэх зун дуусгавар болно. Гэхдээ гэрээний дагуу нэг жил шууд сунгах боломж бас бий. “Улаан чөтгөрүүд” үндсэн хаалгачтайгаа гэрээ сунгахыг хичээж буй ч цалин болон багийн бүрэлдэхүүний чанарын тал дээр санал нийлэхгүй байгаа ажээ.

news1.mn Р.Гэгээ

SHARE