Өсвөр насны охин болж хөвгүүдийн бичлэгийг цуглуулж, сүрдүүлдэг этгээдийг баривчилжээ

Норвегийн түүхэнд байгаагүй хүчин, бэлгийн дарамтын хэрэг гарч, хэвлэлүүд шуугиж байгаа ажээ. 26 настай нэгэн эр олон нийтийн сүлжээнд өөрийгөө өсвөр насны охин болгон Сандра гэх нэртэйгээр хуурамч хаяг нээжээ. Ингээд тус хаягаараа дамжуулан 13-16 насны хөвгүүдтэй танилцсанаар бичлэгийг нь хуулбарлан авч, түүгээрээ сүрдүүлж байсан нь илэрчээ.

2011-2016 оны хооронд тэрбээр өсвөр насны хөвгүүд рүү хуурамч зураг явуулж, виртуал секс хийхийг санал болгон бичлэгийг нь хадгалан авч байж. Ингээд түүгээрээ сүрдүүлж мөнгө нэхэхийн зэрэгцээ заримтай нь уулзаж, хүчиндсэн нь тогтоогджээ. Хэдийгээр маш олон хөвгүүд хохирогч болсон ч ердөө хоёр нь л үнэнээ хэлж, илчилч чадсан гэнэ.

“Нэг хөвгүүн эцэг эхдээ болсон явдлыг өөрөө хэлсэн. Харин нэг ээж хүүд нь асуудал тулгараад байгааг өөрөө олж мэдсэн. Өөр олон хөвгүүд хохирогч болсон ч юу ч хэлэлгүй дуугүй өнгөрөхийг илүүд үзжээ. Энэ бол өсвөр насны хөвгүүдэд энэ асуудал маш хүнд тусдгийн нотолгоо юм” хэмээн прокурор Гуро Ханссон өгүүлжээ.

Гэмт этгээдийн гэрт нэгжлэг хийхэд нийтдээ 16463 бичлэгийг хадгалсан байжээ. Эдгээр бичлэгүүдийг Норвегоос гадна Швед, Данийн хөвгүүд илгээжээ. Цагдаа нарын олж тогтоосноор нийтдээ 300 гаруй өсвөр насны хөвгүүдийг гэмт этгээд бичлэгээр сүрдүүлж, дарамталж байсан нь илэрчээ.

News1.mn Р.Гэгээ

SHARE