Икарди шигшээ багийнхаа өмнөх тоглогчдыг шүүмжлэв

 

Аргентины шигшээ баг нөхөрсөг тоглолтод  Мексикийг хоёр дараалан тус бүр 2:0-ээр хожлоо. Сүүлчийн тоглолтод 25 настай довтлогч Мауро Икарди Аргентины шигшээ багийнхаа төлөө анхны гоолоо орууллаа. Тэрбээр өмнө нь шигшээдээ долоон удаа тоглоод байсан юм. Хожлынхоо дараагаар Икарди шигшээ багт өмнө нь тоглож хөлбөмбөгчдийг шүүмжлэх аястай үг хэлжээ.

“Шигшээ багийнхаа төлөө гоол оруулж эхлэхийг би их хүсч байлаа. Азаар өнөөдөр гоол хийлээ. Үнэхээр жаргалтай байна. Довтлогч хүнд гоолгүй удах маш хэцүү. Цаашид олон гоол оруулна гэдэгтээ би эргэлзэхгүй.

Багийн дотоод уур амьсгал их сайхан байлаа. Өмнөх циклд би шигшээд дуудагдаж байсан болохоор уур амьсгал ямархуу байсныг мэднэ. Тэнд найз нөхөрлөлийн гэмээр эвтэй сайхан харилцаа байгаагүй. Харин одоо шигшээд дуудагдсан залуус хоорондоо найз болцгоож, сайхан харилцаж буй нь хадгалагдан үлдэнэ гэж найдья. Бид одоо бүхнийг шинээр эхэлж, шинэ баг босч ирж байна.

Мессигийн тухайд бол тэр дэлхийн шилдэг хөлбөмбөгч. Түүнийг шигшээдээ дахин тоглоосой гэж хүсдэг. Шинэ оноос шигшээдээ буцан ирж, бидэнд тусална гэж найдаж байгаа” хэмээн Икарди өгүүлжээ.

News1.mn Р.Гэгээ

 

 

 

SHARE