Ван Дейк шүүгчийг тэвэрч тайтгаруулсныхаа учрыг тайлбарлав

Үндэстнүүдийн лигийн хэсгийн сүүлчийн тоглолтод Герман-Голланд 2:2-оор тэнцэхэд тэнцээний маш чухал гоолыг тоглолтын төгсгөлд Виргил Ван Дейк хийсэн. Дэлхийн хамгийн үнэтэй хамгаалагчийн энэ гоол шигшээ багаа шөвгийн дөрөвт гаргаж, улмаар цааш өрсөлдөх замыг нээж өгсөн юм.

Үүнээс гадна Виргил Ван Дейкийн тоглолтын дараагаар хийсэн үйлдэл олны анхаарлыг их татлаа. Тэрбээр шүүгч Овидиу Хацегантай гар барихдаа тэвэрч, аргадсан юм. Шүүгч Хацеган нулимсаа барьж дийлэхгүй байгаа нь мөн ажиглагдсан. Тоглолтын дараагаар Ван Дейк болсон явдалд тайлбар хийжээ.

“Хэдхэн хоногийн өмнө ээжийгээ алдсан болохоор түүний сэтгэл үймэрч, нүдэндээ нулимстай зогсож байсан. Би түүнд сэтгэлийн хаттай хүчтэй байхыг зөвлөөд тоглолтыг сайн шүүснийг нь хэлсэн. Мэдээж, энэ тоглолт бол түүний зовлонгийн дэргэд жижиг зүйл. Гэхдээ тайтгаруулсан маань тус болсон гэж найдья” гэж Ван Дейк өгүүлжээ.

Харин Германтай тэнцэж, хэсгээ тэргүүлсэн тухайд “Хэсгээ тэргүүлнэ гэдэг үнэхээр сайхан. Бид багаараа бахархаж, сэтгэл хөдлөлдөө бүрэн автлаа. Тоглолт бүрт хичээснийхээ шагналыг хүртлээ. Бид одоо Евро-2020-д шалгаран өрсөлдөхийг хүсч байна. Үндэстнүүдийн лигт түрүүлбэл тун сайн амжилт болно. Гэхдээ бидний хувьд Евро-2020-д өөрсдийгөө харуулах нь хамгийн эрхэм” гэж Ван Дейк өгүүлжээ.

News1.mn Р.Гэгээ

SHARE