Ларри Кингийн 7 эхнэр

Сэтгүүл зүйн салбарт домог болсон хөтлөгч, шоумэн Ларри Кинг өнөөдөр 85 насны босго давж байна. Тэрбээр олон жилийн турш олон зуун зочинтой сонирхолтой ярилцлага хийснээс гадна мөн найман ч удаа гэрлэхдээ нэг эмэгтэйтэй хоёр удаа гэрлэсэн содон намтартай нэгэн. Жинхэнэ нэрийг нь Лоуренс Харви Зейгер хэмээх түүний долоон эхнэрийн талаар товч хүүрнэе.

Фреда Миллер

19 настайдаа Лоуренс Зейгер анх гэрлэжээ. Түүний амьдралын эхний хань нь коллежийн нэг ангийн охин Фреда Миллер байлаа. Гэвч гэр бүлээ бүртгүүлчихээд хуримаа хийх гэтэл хоёр талын эцэг эх нь ихэд дургүйсэн төдийгүй Лоуренсийн ээж нь залуус хосыг салгахын тулд чадах бүхнээ хийжээ.

Аннет Кайе

Фредагаас салснаас хойш есөн жилийн дараагаар Аннет Кайетэй гэрлэлээ. Гэвч энэ харилцаа мөн жилийн нүүр үзсэнгүй. Аннет хөл хүнд байсныг ч Ларри Кинг тоолгүй хаяж одсон байна. Салснаас хойш хүү нь мэндэлж, түүнд Лоуренс гэх нэрийг нь хайрласан ч тоогоогүй гэдэг. Олон жилийн турш Ларри Кинг хүүгээ хүлээн зөвшөөрөхгүй явах болно.

Алин Акинс

Аннетаас салах болсон шалтгаан нь түүний гурав дахь эхнэр, Playboy-гийн модель Алин Акинс гэж таамагладаг. Учир нь Аннетаас салсныхаа дараахан түүнтэй шууд шахуу гэрлэжээ. Алин эхний гэрлэлтээсээ хүүтэй байсан нь ч Ларри Кингийн хувьд асуудал биш байв. Гэвч энэ харилцаа ч жилээс илүү наслаагүй юм.

Микки Сатфин

Дараа нь Ларри Кинг мэргэжил нэгт Микки Сатфинтай гэрлэлээ. Энэ бол түүний дөрөв дэх эхнэр гэдгийг сануулах нь зөв байх. Миккитэй хэдхэн сар амьдарч, салсных нь дараа охин Келли нь орчлонд мэндэлжээ. Микки Сатфинтай хамт байсан хугацаа нь их богино тул мэдээлэл ч бага байдаг.

Алин Акинс

Дахиад Алин Акинс. Эхний гэрлэлтээс төрсөн хүүг нь Ларри Кинг өөрийн болгож авсан шигээ Алин Акинстай дахин гэрлэх зүрх гаргасан байдаг. Ингээд охин Чайя нь мэндэллээ. Анх удаагаа эхнэртэйгээ гурван жил гаруй хамтдаа амьдрав. Гэлээ ч сүүлдээ салж л таарчээ.

Шерон Лепор

Алин Акинсаас хоёр дахиа салсны дараагаар математикийн багш бүсгүй Шерон Лепортой гэрлэжээ. Хэдийгээр математикийн багш ч гэсэн хувцас загварын сонголт, үсний засалтын хувьд олны анхаарлыг гойд татсан бүсгүй байв. Долоон жил тэд хамтдаа амьдраад дараа нь салах болно.

Жули Александер

Шероноос салснаас хойш хэдэн жил Ларри ганц бие эрийн жаргал эдлэхээр шийджээ. Зургаан жил ганцаараа явсны дараагаар бизнес хатагтай Жули Александертай гэрлэв. “Түүнийг би хармагцаа л дурласан. Оюун ухаан, мэдлэг чадвараараа тэр намайг бишрүүлсэн” гэж Ларри Кинг хэвлэлээр зарлаж байлаа.

Шоу Саутуик

Гэвч Кингийн амьдралд Жулигаас хүчтэй, чадварлаг эмэгтэй орж ирсэн нь Шон Саутуик юм. Өөрөөс нь 26 дүү энэ эмэгтэй зөвхөн гоо үзэсгэлэнтэй төдийгүй дуучин, жүжигчин, продюсер юм. Адармаатай эртэй 20 гаруй жил ханилж буй нь Ларригийн хайсан хүн мөн байсных биз.

Лос-Анжелесийн үнэт эдлэлийн дэлгүүрт тэд анх танилцаж, улмаар Беверли-Хиллзд хуримаа хийсэн. Энэ хуримд Аль Пачино, Жейн Фонда, Тэд Тернер нарын зэрэг олон алдартан уригдсан юм.

Шон хоёр хүү төрүүлсэн нь Чан болон Кеннон Эдвардс юм. Одоо Чан 19, Кэннон 18 настай. Отгон хүүгээ  төрөхөд нь 66 настай Ларри Кинг хамт байлцжээ.

Гэхдээ гэм биш зан гэдэг шиг Ларри Кинг салах гэж үзсэн удаатай. 2010 онд тэд гэрлэлтээ цуцлуулах тухайгаа зарласан ч дараа нь эвлэрч өргөдлөө шүүхээс буцаан авсан юм.

News1.mn Р.Гэгээ

SHARE