Макелелегийн түүх: Гурван жил галзуу юм шиг ажиллалаа, цалинг нь нэм!

Гайхалтай чамин гоёмсог биш ч гэсэн Макелеле багийнхаа хамаг хар ажлыг хийж, бөмбөгөөр хангаж, үргэлж бөмбөгтэй тоглогчийнхоо ойр гүйнэ. Хэзээ л бол хэзээ бөмбөг авч дамжуулахад бэлэн явдаг тэр хар залууг хараад биширмээр… Макелеле өчигдөр 45 нас хүрчээ. Түүний тухай өгүүлье.

Макелеле “Реал Мадрид”-аас явсанаар галактикосын задралын эхлэлийг тавьсан гэж мэргэжилтнүүд үздэг. Хар ажил хийдэг хар залуу “Челси” рүү 16.8 сая паундаар явсанаар Мадридын багийн тэнцвэрийг алдуулсан юм билээ. Хятадууд өмнөх зууны эхэнд манжуудыг “Та дээшээ суу, дээшээ суу” гэсээр байгаад энгийн ажил ч хийж чаддаггүй болгож, эцэст нь эзлэн суусан гэдэг. Түүн шиг л Макелеле хамаг хар ажлыг нь хийж, тэнцвэрийг нь хангадаг байсныг Мадридын романтик галактикос анзаараагүй хэрэг. Ингээд түүнийг явсаны дараагаар тэнцвэрээ алдсан баг тэмцэх чадваргүй болж, задрахад хүрчээ.

Мадридад Макелелег анх “Сельта”-гаас ирэхэд “Тэр ийм өндөр түвшний багт гологдохоор хөлбөмбөгч” гэж хэвлэлүүд бичиж байж. Гэвч Макелеле өөрийгөө удалгүй харуулж чадсан юм. Мадридад гурван жил болсон ч цалинг нь нэмсэнгүй.

“Би Фигу, Зидан хоёроос гурав дахин илүү гүйж байгаа хэрнээ хоолны үлдэгдлийг нь л хамах юм” гэх мэтчлэнгээр Макелеле цалингаа голж эрс үг хэлэх болжээ. 2003 оны зун бүр ажил хаялт зарлаж хүртэл үзэв. Шинэ дасгалжуулагч Карлуш Кейруш бэлтгэл хийлгэх гэтэл франц хөлбөмбөгч татгалзав. Хэрхэхээ мэдэхээ больсон Кейруш спортын захирал Хорхе Вальдано руу утасдаж, хэрэг явдлыг дуулгажээ. Вальдано Макелелед “Клубт мөнгө бага байна” гэсэн тайлбар хэлтэл “Тэгээд юугаараа Бекхэмийг авсан хэрэг вэ?” гэж адарч.

“Хүү минь сүүлийн гурван жил галзуу хүн шиг л ажиллалаа. Цалинг нь нэмнэ гэсэн хаана байна? Хэлсэн амандаа хүр л дээ” гэж эцэг нь ч уурлажээ. Яг энэ үед Роман Абрамович Английн “Челси”-г худалдан авч, хөлбөмбөгийн түүхэнд дуулдаагүй шахам их мөнгөөр шинэ тоглогчдыг энд тэндээс үнэ цохин авч байлаа. Тэдний нэг нь Клод Макелеле болсон юм.

Клод Макелеле “цэвэрлэгч”-ийн албанд зүтгэдэг тул гоол оруулах нь тэмээн тоотой. 2004/05 оны улиралд Макелеле багийнхаа төлөө илжиг шиг зүтгэсээр “Челси” ойрын өрсөлдөгчдөөсөө тасарч аварга боллоо. Премьер лигийн сүүлчийн тойрогт “Чарльтон”-той тоглоход пенальти цохих болоход багийнхан нь бүгд Клод Макелелег дууджээ. Улирлын турш гэрийн ажил хийх шиг хамаг хар ажлыг нь нуруун дээрээ үүрч гарсан Макелелегийн хөдөлмөрийг үнэлсэн нь энэ.

Макелеле пенальти цохьсныг хаалгач хаасан ч нэмээд гоол болгож чадсан юм. Хөлбөмбөгийн ертөнц, багийнхан нь түүнийг ингэж л үнэлж байлаа.

Одоо Макелелегийн намтрыг эхнээс нь жаахан дурьдая.

Өвөө нь Заиртаа алдартай жааз хөгжимчин. Найман хүүхдэээ ажрахгүй тэжээчихдэг энэ хөгжимчний нэг охин нь Клодын ээж юм. Харин Клодын эцэг Андре-Жозеф ядуу тарчиг айлын хүү. Тэгээд ч эхээсээ 12-уулаа. Андре Жозеф эцэг эхээсээ нуун хөлбөмбөгч тоглосоор 16 настайдаа Заирын шигшээ багтаа дуудагджээ. Шигшээд дуудагдсан хөьгүүн цаашид хөлбөмбөгч болсноо нуух аргагүй болох нь тэр. Эцэг нь хүүгээ зөвхөн ном эрдэмд л шимтэх ёстой гэсэн хатуу үзэлтэй тул дахиад хөлбөмбөг тоглуулахгүй гэж. Ингээд тус улсын Спортын сайд нь өөрөө эцгээс нь гуйж, “Ном эрдмийг нь таслуулахгүй” гэж байж сая шигшээд үргэлжлүүлэн тоглуулахаар болж байв.

Ийм ядуу тарчиг айлын хүү алдартай жааз хөгжимчний охинтой гэрлэнэ гэдэг дэндүү тэнцвэргүй зүйл. Гэлээ ч дурласан хос эцгээсээ нуун гэрлэлтээ бүртгүүлж, гэрэл цахилгаангүй, гаднаа жорлонтой оромжид хамт амьдарч эхэлжээ. Энэ гэр бүлийн хоёр дахь хүү нь Клод.

“Манай гэрт халбага сэрээ гэж байхгүй болохоор загас тахианы махыг будаатай гараараа холиод л идчихдэг байж билээ. Ер нь Африкийн ихэнх айл тийм байсан” гэж Клод Макелеле хожим дурссан удаатай.

Заирт амьдрал хүнд тул эх нутгаасаа гарч, Европ тивийн аль нэгэн улсад цагаачлахыг хүн бүр шахуу хүснэ. Хөлбөмбөгчдөө алдахгүйн тулд Заирын Ерөнхийлөгч зарлиг гаргаж, хатуу хорино. Гэвч Андре-Жозеф Европ руу гарах аргыг олж ядна. Ингээд эхнэртэйгээ энэ асуудлаас болж түр тар хийжээ. Андре –Жозеф Европ руу цагаачлана гэж, харин эхнэр нь эндээ үлдэнэ гэсэн юм биз дээ. Хэрүүлийн эцэст эхнэр нь хүүхдүүдээ аваад аавынх руугаа явсанаар дуусав. Андре-Жозефт одоо өөр зам үлдсэнгүй. Тэр Бельги рүү шууд зугтан гарчээ. Заир нь Бельгийн колони байсан юм.

Андре-Жозеф гурван жилийн дараагаар гэр бүл рүүгээ захидал бичлээ. Тэр Бельгиэс Францад ирж сууршьжээ. “Амьдрал дажгүй юм. Хүрээд ир” гэж бичиж. Ингээд 1981 онд Клод дүү охин болон авга ахынхаа хамт Францыг зорилоо. Харин эх нь хүү Аленийнхаа хамт нутагтаа үлджээ.

Францад очтол Клодыг эцгийнх нь шинэ бүсгүй Беатрис угтан авсаны зэрэгцээ мөн зургаан сартай дүү Эрик нь мөлхөж сурч байв.

Францад эцэг нь хөлбөмбөгч биш харин заводын жирийн нэгэн ажилчин болсон байлаа. Гэлээ ч хөлбөмбөгийн удамтай хүүгийн хөл загатнаад яаж тэсэх вэ. Байсхийгээд л хөлбөмбөг тоглоно. Тухайн дүүргийн баг Клодыг сонирховч эцэг нь их дургүй. Эрээн бөмбөг хөөснөөс эрдэмд шамдсан нь дээр гэж үзнэ. Гэлээ ч дүүргийн багийн эзэн хүүгийнх нь хөлбөмбөгийн зардлыг бүрэн даана гэсний дараагаар сая эцэг нь зөвшөөрчээ.

Хэдэн жилийн дараагаар хөрш айлынх нь эр Тьерри Наварро Клодыг хөтлөн “Мелун” багт аваачжээ. Тэнд Клод довтлох чиглэлийн хагас хамгаалагчаар тоглоно. Мөн Францын өсвөрийн шигшээд дуудагджээ. 2003 онд түүнийг “Челси” худалдан авахад наймааны мөнгөнөөс 360 мянган еврог “Мелун” баг хүртсэн байдаг. Энэ нь тухайн клубын гурван жилийн төсөв юм билээ. Ингэж ирээдүйтэй хөлбөмбөгчийг бэлдсэнийхээ буянг тэд эдэлжээ.

1991 онд Клод Макелелег “Нант” авлаа. Клод хүүхний тэнгэртэй эр. Багийнхаа тэр олон залуусаас ганцаараа дасгалжуулагчийнхаа охиныг эргүүлж дөнгөжээ. Жил гаруй амрагийн харилцаагаа нуусан ч эцэстээ урт хэлтэй Эдди Капрон гэх залуу “алтан хошуу” хүргэсэн байна. “Нант”-ын дасгалжуулагч хэрэг явдлыг дуулаад ихэд уурласан тул Клод өөр баг руу зарахыг шаарджээ. Харин охин нь “Клод хаашаа би тийшээ” гэсэн юм байх. Ингээд сайн тоглогч, сайхан охиноо зэрэг алдахгүйн тулд дасгалжуулагч хэрэг явдалтай эвлэрэхэд хүрчээ.

1995 онд “Нант” Францын аварга болсон юм. Үүнд мэдээж Клод Макелелегийн хувь нэмэр их. “Нант” аварга болсон ч гэсэн жижиг клуб тул Клод илүү том клубт очихыг хүсэв. Гэлээ ч клубын удирдлага зарахгүй гэж гүрийжээ. Тэр цагт эцэг нь Заираас оргосон шиг энэ удаад Клод нууцаар “Марсель”-тай ярилцаж гэрээ тохирсон байна. Уг нь “Нант”-тай дахиад хоёр жилийн гэрээ байсан юм билээ.

“Тийм ээ, гэрээг ноцтой зөрчсөн явдал. Гэхдээ тэр цагт хөлбөмбөгч бүр л ингэдэг байсан шүү дээ” гэж Макелеле өөрийгөө зөвтгөсөн нь бий.

“Нант”-тай байгуулсан гэрээг нь “Марсель” таван сая франкаар худалдан авч болох байж. Гэтэл Испанийн “Сарагоса” 12 сая франк амласнаар хэрэг явдал бишджээ. “Марсель” эцэстээ энэ үнийг давуулж байж л авахаас аргагүйд хүрчээ.

“Сюодо намайг үлдээх гэж их ятгасан. “Марсель” бол уур амьсгал тааруутай баг гэх мэтээр их олон зүйл хэлсэн. Гэхдээ би явсан. Учир нь “Марсель”-ийн дасгалжуулагч надад нэг чухал зүйл хэлсэн юм. 1998 оны ДАШТ-д манай багаас заавал хоёр тоглогч шигшээд багтан оролцох болно. Энэ бол улс төрийн шийдвэр гэж. Үүнд л би тэмүүлсэн” хэмээн Макелеле хожим тэмдэглэсэн байдаг.

“Марсель”-д очсоноор найз бүсгүйгээсээ харилцаагаа таслахад хүрлээ. Шинэ багт очоод 3-5-2 хувилбараар тоглоход яг л Кафу шиг баруун жигүүрийг бүхэлд нь хариуцах маш хэцүү даалгавар Клод Макелелед оногдох болжээ. Гэлээ ч тэр Лоран Бланы хамт шигшээд багтан эх орондоо болох ДАШТ-д оролцоно гэж найдан хүлээв. Гэтэл Кристоф Дюгарриг “Нант” авсанаар Лоран Бланы хамт тэр ДАШТ-д оролцохоор болж, Клод шигшээгийн гадна үлдлээ. Удалгүй “Марсель”-д ч хэрэггүй болсныг нь өнөөх урьж дуудаад байсан дасгалжуулагч Ролан Курбисын хүү авто зогсоол дээр хэлсэн байна.

Клод Макелелегийн үнэ унаж, үнэлэгчид ч цөөрчээ. Түүнд ганцхан сонголт үлдсэн нь Испанийн “Сельта”. 900 мянган еврогоор түүнийг “Сельта” авахад Клод Макелеле “Марсель”-д авч байсан цалингаа бууруулахыг зөвшөөрөн байж тийш очихоос аргагүйд хүрсэн юм.

“Би Европын алдартай багуудын нэгээс одож, Испанийн сайн мэдэхгүй дундаж багт очиж байлаа. Энэ бол амиа хорлосонтой ялгаагүй явдал” хэмээн Клод дурсчээ. Гэвч “Сельта” түүний “Реал Мадрид”-д очих шатны гишгүүр болж өгсөн юм. “Сельта”-д Мазиньогийн хамтаар хамгаалах чиглэлийн хагас хамгаалагчийн үүргийг гүйцэтгэнэ. Мазиньо нь одоогийн Тиаго болон Рафинья Алькантарагийн аав, Бразилын шигшээгийн хөлбөмбөгч гэдгийг та бүхэн мэдэх биз.

“Сельта”-д нэг улирал тоглосны дараагаар “Валенсиа”-д очихоор тус клубын ерөнхийлөгч Педро Кортестой тохирчихсон байжээ. Гэтэл гэнэт “Реал Мадрид” санал тавив. Уг нь “Сарьсан багваахайнууд”-тай гар барьчихсан ч гэсэн “Реал Мадрид”-аас татгалзах тэнхэл түүнд байсангүй. Ингээд Кортестой уулзаж, үнэнээ өчжээ. Кортес ч сүр болголгүй, сайн сайхныг хүсээд салсан юм билээ.

Фернандо Редондог “Милан” руу явуулаад оронд нь Клодыг Мадридын баг авсан юм. Эхний тоглолтдоо гартал “Сантьяго Бернабеу” даяар “Редондо, Редондо!” хэмээн цуурайтах нь Макелелег үл тоомсорлон гоочлох мэт санагджээ. Гэвч удалгүй түүнд фанатууд дурлах болно.

Мадридын багт ирсэний дараагаар Александра Шовель хэмээх бүсгүйтэй найзалж, охинтой боллоо. Харин ажлын хувьд бол Фигу, Зидан, Рауль нарын ард тоглож, арыг нь даах ёстой.

“Реал Мадрид”-д очсоноор түүнийг Дэлхийн хамгийн шилдэг хамгаалах чиглэлийн хагас хамгаалагч гэж олон нийт хүлээн зөвшөөрөв. Гэлээ ч цалин нь жилийн ердөө 300 мянган евро. Агент нь цалинг нэмүүлэхээр клубын удирдлагад хандсан ч татгалзжээ. Ингээд эхэнд өгүүлсэнчлэн үйл явдал өрнөж, Клод Макелеле “Челси”-д очсон юм.

Францын шигшээ багийн тухайд бол Клод Макелеле “Челси”-д очсоныхоо дараагаар шигшээдээ тоглохоос татгалзсан нь цөөнгүй. “2006 оны ДАШТ-ий манай багийн түлхүүр тоглогч тэр байлаа. Гэвч тэр байсхийгээд л шигшээд дахин тоглохгүй гэнэ. Байсхийгээд л тоглоно, тоглохгүй гээд байхаар сүүлдээ бүр тоглоом наргиа шиг болчихдог юм билээ” хэмээн “Гурван өнгөт”-ийн дасгалжуулагч Раймон Доменек өгүүлжээ.

2007 онд Жозе Моуриньог “Челси”-гээс явах гэнэ гэсэн бор шувуу энд тэндгүй нисэх болжээ. “Челси”-г алдрын тавцанд гаргасан залуухан португал мэргэжилтэн явж, түүний оронд еврей эр Авраам Грант томилогдов. Ингэхэд тоглогч бүр түүнд эргэлзэж байж.

“Грантын бэлтгэл, тактик тааруухан гэж туслах дасгалжуулагч Стив Кларк хүртэл ил цагаан хэлж байсан” хэмээн Клод Макелеле дурссан байна.

Моуриньо явсанаар Дидье Дрогба их харамсах болжээ. “Зүгээр ээ, түүнд хангалттай нөхөн төлбөр төлсөн гэнэ билээ. Өөр багт очоод чамайг цаадахь чинь дуудах байлгүй” гэж хүртэл ивуар довтлогчийг Клод аргадаж суусан удаатай гэдэг.

Клод ч удалгүй Францын “ПСЖ”-д очиж, тэнд гурван улирлыг өнгөрүүлсэн. Эхлээд ахлагчаар тоглож байснаа дараа нь замналаа өндөрлүүлж, туслах дасгалжуулагчаар ажиллаж үзсэн. Хожим “Бастиа”-г бие даан удирдаад амжилт олсонгүй.

Нийтлэлийн төгсгөлд түүний нэгэн ярилцлагаас товчлон шигтгэе.

– Таны бага насны шүтээн хэн бэ?

– Пеле. Аав минь хөлбөмбөг тоглодог байлаа. Пелегийн бичлэг аавд олон. Байнга л үзнэ.

– Таны эсрэг тоглосон хөлбөмбөгчдөөс 10 дээр хэн хамгийн шилдэг байсан бэ?

– Мазиньог нэрлэнэ. Мазиньогийн эсрэг тоглох маш хэцүү байдагсан. Хөвгүүд нь сайн л хөлбөмбөгчид юм. Гэхдээ эцгийнхээ хэмжээнд хүрэхгүй. Мөн Валдо байна. Валдо зүүн тийш дамжуулах гэж байгаа юм шиг харагдсан ч баруун руу өгчихнө. Тэгснээ баруун руу өгөх гэж байгаа шиг байснаа зүүн рүү хаячихна. Ер нь таахад их хэцүү тоглолттой. Одоо цагт Иньеста түүнтэй төстэй тоглолттой.

– Орчин цагийн хөлбөмбөгчдөөс хэн таны байрлалд сайн тоглож байна вэ?

– Энэ байрлалд тоглох их хэцүү. Багийнхаа манлайлагч байх ёстой. Тэгж байж л багийнхандаа хэлж, зааж, ойлголцож тоглоно. Нголо Канте дажгүй. Гэхдээ тэр миний хэмжээнд хэзээ нэгэн цагт хүрэх эсэх нь юу л бол.

– Зидан, Роналдо хоёр хоёулаа агуу тоглогч. Танд хэн нь илүү санагддаг вэ?

– Энэ хоёрыг харьцуулж болохгүй л дээ. Учир нь өөр байрлалынхан. Хоёулаа багийнхаа манлайлагчид. Заримдаа бэлтгэлийн дараагаар Зизутай үлдэж, нэгийн эсрэг нэг тоглодог байлаа.

– Тэгвэл таньтай хамт тоглосон хөлбөмбөгчдөөс хамгийн шилдэг нь хэн бэ?

– Зидан. Учир нь тэр миний найз. Тэгээд ч би түүний тухай ярих дуртай. Мөн Иван Эльгера их сайн тоглогч байсан. Хоёулаа хамтдаа хооллож, мөр зэрэгцэн талбайд гардаг байж билээ. Түүнийг талбайн хаана гарах, яаж тоглохыг би мэднэ. Тэр намайг бас андахгүй мэднэ. Хоорондоо үг ч дуугарахгүй хэрнээ харцаараа ойлголцож тоглож чаддаг байсан.

… Клод Макелеле бол цуцашгүй зогсошгүй хөдөлгүүртэй, тоглолтыг урьдчилан уншиж чаддаг тун ховор чадвартай, хөлбөмбөгийн ертөнцөд нэн цөөн мэндэлсэн суут тоглогч гэж хувьдаа боддог.

Р.Гэгээ

SHARE