Ц.Нямдорж: С.Зоригийг хөнөөсөн хэргийн бүх будилааныг хутгасан хүн нь Г.Эрдэнэбат прокурор

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хурлаар Улсын Дээд шүүхийн шүүгчээр С.Соёмбо-Эрдэнийг томилох асуудлыг хэлэлцэж, дэмжсэн юм. энэ үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж байр сууриа илэрхийлсэн нь анхаарал татав. Тэрээр “Хуулийн салбарт ажилласан 30 гаруй жилийн түүхээ эргэн санахад надад туйлын харамсалтай санагдаж байна. Дээд шүүхийн ажиллагаа, гаргаж байгаа шийдвэр, хүний эрхийн асуудал гэх мэт нь сонин болсон. Би арай ядан байж С.Зориг агсны амь насанд халдсан хэргийн нууцын зэрэглэлээс гаргасан. Гэтэл энэ хэрэг дээр хачин юм болсон. Би хоёрхон зүйл хэлье. Нэгд, эн хэргийн нэг шүүгдэгчийн өмгөөлөгч нь нууц албаны ажилтан байсан. Тэр өмгөөлөгч гээд байгаа нөхөр амьдралдаа ганц удаа хэрэг уншиж үзээгүй, гадуур дагуул хийдэг байсан.  Ийм хүнийг Дээд шүүхэд бүргүүлж, өмгөөлөгчийн эрх аваад ямар ч хэргийг хүлээдэг хүний өмгөөлөгчөөр шүүх хуралд орсон. Ингэж өмгөөлөх эрх гэдэг зүйл байгүй болсон. Хоёрт, энэ хэргийг нууцлаад байгаа нэг гол шалтгаан бол цорын ганц гэрч Б.Булганыг шүүх хуралд оруулаагүй. Арван сар энэ хүнийг хориод, хэрэгсэхгүй болгож сулласан. Дараа нь шүүх хуралд оролцуулаагүй. Гэсэн атал Б.Булганы ам зургаар хүмүүст ял оноож, бүх насаар нь хорьсон. Гэрч нь амьд байсаар байтал үгийг нь сонсолгүй, шүүх хурал хийдэг ёс Монгол Улсад тогтсон. “Энэ хэрэгт нэр холбогдоод байгаа гурван хүн биш” гэдгийг Б.Булган хэлээд байсан учраас л шүүх хуралд оролцуулаагүй. Сүүлд энэ хэргийн бүх будилааныг хутгасан Г.Эрдэнэбат прокурор “Б.Булган хамжигч байсан юм шиг байна лээ. Гэтэл хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэж хэлсэн.  Хамжигч байсан нь үнэн юм бол хөөн хэлэлцэх хугацаа нь одоо мөрдөгдөж байгаа хуулиар хугацаагүй байдаг юм. Хууль зүйн иймэрхүү мэдлэгтэй прокурор энэ хэргийг завхруулсан. Энэ хэргийг шалгах явцад 1937 онд хэрэглэж байсан адал балмад аргыг бүгдийг нь хэрэглэсэн” гэв.

Эх сурвалж: news1.mn

SHARE