М.Ганчимэг: Д.Тогтохсүрэн гишүүнийг эхнэрийг ажилд авах гэж юу хийснийг эрхэм гишүүн сайн мэдэж байгаа

Үргэлжлэл. Түрүүчийг ЭНДЭЭС уншина уу.

Улсын бүртгэлийн ерөнхий газарт өрнөөд буй хууль бус томилгоо, халаа сэлгээний талаар манай сайт цувралаар хүргэж байгаа билээ. Тус газрын даргаар шинээр ирсэн Б.Баасандорж гэх залуугийн хууль бус тушаалаар олон жилийн ажил хөдөлмөр, бүтээсэн зүйлсээ алдахад хүрээд буй нэгэн бүсгүйтэй бид ярилцсаныг өмнө нь нийтэлсэн. Уг ярилцлагын үргэлжлэлийг хүргэж байна. Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн дарга М.Ганчимэгийг бүртгэлийнхэн андахгүй. Хийсэн ажил, хэлэх үгтэй түүнийг албан тушаалаас нь бууруулж, түүний оронд УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэнгийн эхнэрийг томилоод байгаа ажээ.

-Б.Баасандорж дарга таныг албан тушаал бууруулсан үндэслэлээ юу гэж тайлбарласан бэ?

-Гарын үсэг зурагдаагүй паспорт олгосон гээд ажлаас өөрчилсөн. Учир нь би цайны цагаараа гарахгүй л байх байж. Гэхдээ бид чинь дотроо байсан ч хурал шуурхай, бусад гадуур ажилтай үедээ тамга, дардсаа орлогчтоо үлдээнэ. Тэгэхгүй бол өдөрт үйлдвэрээс хоёр удаа ирж байгаа 200 паспортыг хүлээлгэх хэрэг гарна. Хэрэв дарга байхгүй тамгагүй, гарын үсэг зурна гээд хүлээлгэвэл ёстой бөөн хэрэг мандана биз дээ. Өнөөдөр иргэдийн нөхцөл байдал дандаа яарсан тулгамдсан, тулсан ажилтай сандарсан л хүмүүс байдаг. Тэр болгоныг ойлгож аль алинийх нь эвийг олж учрыг нь тунгааж, зохицон ажиллах нь л бидний өдөр тутмын ажил. Гадаад паспортын үйлчилгээг энэ оны дөрөвдүгээр сараас эхлэн дүүргүүдэд олгож эхэлснийг та сайн мэдэж байгаа байх. Ерөнхий газрын хурал дээр чухам ажлын зохион байгуулалт сайн эхлүүлсэн, бэлтгэл ажлыг сайн хангасан гэж ирээд л магтуулж байсан.

-Тухайн иргэн танай байгууллагад гомдол гаргасан уу. Мэдээж паспортаасаа болоод хилээр гарч чадаагүй болохоор гомдолтой байсан байх. Ер нь ийм төрлийн асуудал танай байгууллага дээр өмнө хэр гарч байсан бэ?

-Тэдгээр иргэд манай байгууллага дээр гомдол огт гаргаагүй. Миний мэдэхээр гомдол өгөх нь бүү хэл энэ асуудлаас болоод намайг ажлаа өгсөн гэхэд харамсаж байгаагаа илэрхийж байсан. Нэг иргэн нь өмгөөлөгч хүн гээд туслахад бэлэн гэсэнд их баярласан. Тэр иргэдэд ямар буруу байхав дээ. Туслах гэсэн сэтгэлд нь маш их баярлаж байна.

Ийм төрлийн асуудал бусад дүүрэгт өмнө нь гарч байсан байх. Бүр өмнө нь Ерөнхий газар дээр паспорт олгодог байхад бол нэлээдгүй гардаг байсан. Харин ч одоо дүүргүүд дээр ирээд ачаалал жигд тараад, эрс багассан. Алдаа гаргах нь ховор болсон байх шүү. Гэхдээ үүний цаана хүн л гараараа үйлдэж байгаа учир огт алдаа гарахгүй гэж хэлж чадахгүй байна. Гол нь шат шатны хяналтыг маш сайн хийх ёстой юм.

-Тэгвэл таныхаар энэ асуудлыг үнэн зөвөөр шийдэхийн тулд ямар процесс өрнөх байсан бэ?

-Мэдээж надад сахилгын шийтгэл оногдоно. Гэхдээ хууль журмын дагуу болсон нөхцөл байдлыг эхлээд тогтоох ажиллагаа өрнөнө. Хэн ямар хариуцлага алдсан тухай хяналтын түвшинд тогтоох ёстой. Тэрний дараа хэлэлцэж бүгдийг байлцуулж байж дараа нь шийдвэрийг гаргах учиртай.

Манай дүүргийн удирдлагууд энэ мэдээллийг сонсоод маш их гайхсан. “Дүүргийн удирдлагуудтай зөвшилцөхгүй шууд ингэж шийдвэр гаргаж болдог юм уу. Хийж хэрэгжүүлж дуусаагүй ажлууд байна. Танайх ямар хачин газар вэ. Бид саналаа явуулна”  гээд санал явуулсан байсан. Саналдаа “М.Ганчимэг анхан шатнаас эхлэн ажлыг чанартай хийж ирсэн тул цаашид ажлаа үргэлжлүүлэн хамтран ажилламаар байна”  гэсэн утгатай. Үүнд нь би маш их баярлаж байгаа. Намайг нэг хэсэг нь үнэлдэг байхад нөгөө хэсэг нь жишим ч үгүй өөрчилж байна. Үүнд ямар учир байна гэж бодсон. Уг нь би чинь 2017 оны аварга хүн шүү дээ. Юунаас ч илүү хөдөлмөрийг минь үнэлсэн эрхэм цол гэж боддог юм. Одоо ч тэгээд шинэ дарга ирсэн л бол хэн яаж ажиллах нь  хамаагүй болчихсон бололтой. Гэхдээ энэ үйл явдал улсын бүртгэлийн байгууллага дотор гарч байгаад харамсалтай байна.

-Гэнэтийн ийм үйл явдлаас болж хувь хүн болон гэр бүлийн хувьд ч ихээхэн өөрчлөлт гарсан бололтой?

-Ийм зүйлээс болж нэг айлын амьдрал сайнгүй байх нь лавтай. Эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг юм билээ. Залуу хүн болохоор зарим өөрчлөлтийг тоохгүй, мэдрэхгүй яваад даамжруулсан тал байна. Тэгээд одоогоор эмчилгээ хийлгэж байна. Би нөхөр, охины хамт амьдардаг. Асуусан болохоор чинь хэллээ. Би чинь нэг их амьдралаа яриад байдаг хүн биш л дээ. Бусад төрийн албан хаагчдынхаа адил түрээсийн байр, лизингийн унаатай энгийн амьдралтай хүн. Сүүлийн хоёр сар зээл төлөлт маань бага зэрэг сааталттай, хугацаа хэтрүүлэхгүйг хичээж байна. Зээл төлнө гэдэг чинь бидэн шиг залууст бөөн хариуцлага. Тиймдээ ч алдаа гаргахгүйг хичээж ажлаа алдахгүйн төлөө шөнө өдөргүй ажиллахыг алийг тэр гэхэв дээ. Амьдралдаа хэрэгцээгээ хангахын тулд зээлээ тултал нь аваад амьдарч байна. Тэгэхээр ажил, албан тушаалыг бас хэн дуртай нь эсвэл хөнгөн хандсан шийдвэрээр буулгаад байвал амьдралд нь тэр хэрээр л цав суулгаж байгаа гэж бодох хэрэгтэй. Мэдээж алдаа гаргах тоолонд уучлана гэж хэлээгүй шүү/ инээв/. Хариуцлага ярилгүй яахав. Хамгийн гол нь хүн амьдралдаа зөв сэтгэлтэй, шударга байх ёстой гэж хэлмээр санагддаг юм. Миний амьдрал үргэлж л тийм байсан, алдсан юм алга, болоод л байна.

Гэхдээ гарз хохиролгүй ч гэж бас хэлэхгүй. Учир нь чамгүй хугацаанд ажиллаж хөдөлмөрлөж түүнийхээ үр дүнгээр өдий зэрэгт хүрлээ. Гэтэл нэг л өдөр өөрөө ч байгаагүй асуудлын өмнөөс хэрэг үүрээд бүртгэлийн олон ажилтанд хэрэгтэн гэж хэлүүлэхдээ тулчихлаа. Өчнөөн төлөвлөсөн ажил хэргүүдийнхээ үр дүнг харах цаг хугацаагаа алдчихлаа. Одоо л нэг сайхан болж ирсэн хамт олноо дутуу орхиод, төрийн албан хаагчийн хувийн хэрэгт сахилга хариуцлага алдсан бүхэл бүтэн хоёр шатлал буурсан ноцтой албан хаагч болоод хувь хүний намтартаа нэг нэр, хоёр хоч зүүж хэлэгдэх болсондоо л харамсаж байна.

-Таны ярианаас олон зүйл тодорхой бус үлджээ гэж ойлгогдоод байна. Мэдээж төрийн үйлчилгээний байгууллага иргэдийг хохироох ёсгүй. Үүнд хэн нэгэн хариуцлага хүлээх ёстой. Гэхдээ энэ асуудлыг хариуцаж байсан албан тушаалтнууд тодорхой байна шүү дээ. Таныг орлож байсан хүн, түүнийг дахин нягтлах ёстой хүмүүс гээд. Тэдгээр хүмүүст хариуцлага тооцсон уу?

-Үгүй байх. Би л дуулаагүй байна. Тэд маань ажлаа хэвийн үргэлжлүүлж байгаа. Үүн дээр хэлэхэд тасгийн дарга миний дардсыг авч үлддэг хүн. Би өөр хүнд огт үлдээдэггүй. Би байхгүй үед байгууллагын асуудлыг шийдэх ёстой. Би өвчтэй зовлонтой, ээлжийн амралттай байх үед тэр хүн байгууллага хариуцаж үлддэг итгэлт орлогч. Тэр хүн тэр өдөр тамга, дардас авч үлдэхдээ юу бодож байв, ямар хяналт тавьж ажиллаж байсан юм бол гэж одоог хүртэл бодогддог.

-Б.Баасандорж даргад таны албан тушаал л чухал байсан гэлээ. УБЕГ шинэ даргатай болсноос хойш ажилтнуудын уур амьсгал хэцүүхэн байгаа талаар учир мэдэх хүмүүс ярьж байгаа. Тань шиг ажил амьдралаараа хохирсон хүмүүс ч байгаа юм билээ. Тийм үү?

-Тийм ээ. Нэлээн олон удирдах албан тушаалтан өөрчлөгдсөн. Энэ талаар надаас илүү мэдэх мэдээлэл танай сайт дээр гарсан байна лээ. Тэр бүгд миний дуулж мэдсэнээр үнэнтэй таарч байсан. Угаасаа шинэ дарга ирж байна гээд бүгд л сэтгэлийн дарамттай байсан. Яагаад юм бүү мэд. Ганц би л  бараг тэр дунд тайван нөхөр байсан байх. Зарим нь  өөрийгөө захиж хэлүүлж, яриулах танил тал байвал эртхэн хэлүүрээрэй гэж байсан. Би ойлгоогүй. Алдаа дутагдалгүй ажиллаж байвал, эсвэл асуудал үүслээ гэхэд түүнийг шалгаж тогтоогоод шийдвэр гарах байлгүй дээ. Баасандорж гэдэг хүн чинь залуу хүн гэсэн биздээ гээд л явж байсан. Энэ талаар ч хамтран ажилладаг нөхдөдөө өөрийн бодлоо хэлж байсан.

-Энэ албандаа хийж эхлүүлсэн ажлууд олон байгаа гэсэн. Тэр дундаасаа ингээд зогсчихоор хайран санагдаж байна уу?

-Та энэ ажлыг хийснээр юугаар бахархдаг вэ гэж хүмүүс асуухад би ингэж хариулдаг. Намайг ажил авч байхад маш олон хорооны Засаг дарга нар “Танай улсын бүртэгч ажлаа хийдэггүй, ажилдаа цагтаа ирдэггүй, олон нийтийн ажилд оролцдоггүй, ямар ч хөрвөх чадвар байдаггүй, энэ хүмүүсээ хал, эсвэл өөр тийшээ явуул, шилжүүл” гэж орж ирдэг байлаа. Манай улсын бүртэгч нар хороон дээр сууж ажилладаг. Би өөрөө ийм ажлыг хийж эхэлсэн хүн. Ингээд хэлэхээр энэ асуудлыг надад амархан шийдэхээр санагдсан. Магадгүй өөр хүн бол улсын бүртгэгчдээ хамгийн түрүүнд “Танай Засаг дарга чинь ингээд байна. Чи яаж ажиллаад байгаа юм” гэж зэмлэх л байсан. Харин би тэгэхийг хүсээгүй. Хороо, улсын бүртэгчдээ уялдуулахыг хичээсэн. Улсын бүртгэгчийнхээ төлөвлөгөөг шалгахдаа “Хороотой, иргэдтэй хамтарч ажиллах ажлыг төлөвлөөгүй байна. Төлөвлөгөөгөө зас. Чи иргэд рүү чиглэсэн ажил хий. Яагаад гэвэл чи төрийн байгууллагын, төрийн үйлчилгээний ажилтан. Иргэдэд чиглэсэн сургалт хий, зөвлөгөө мэдээлэл өг” гэх мэтээр ажлуудыг нь чиглүүлж эхэлсэн. Тэгтэл жилийн төгсгөл дээр халаад өг сэлгээд өг гэж байсан ажилтнууд маань аварга болсон, шилдэг ажилтан, хөдөлмөрийн аварга болж эхэлсэн. Хороодын Засаг дарга нар маань ч баярласан сэтгэгдлээ илэрхийлж байсан. Улсын бүртэгч шиг сайн ажилтан байхгүй болсон гэж хэлж байсан. Үүнээс би маш их бахархалтай мэдрэмжийг авч байсан. Үүнд ямар нэгэн мөнгө, хээл хахууль, хуйвалдах шаардлагаггүй. Энэ бол бодит өөрчлөлт. Хүмүүс нэг нэгнийнээ ойлгож, төрийн албан хаагч нар ажлаа ухамсарлаж байна. Үүнийг удирдлагын зүгээс зөв чиглүүлэх л хэрэгтэй. Үүнтэй адил Баасандорж дарга эхний ээлжинд бүх дүүргийн дарга нартай уулзаж болох л байсан. Тиймээс тэднийг маань зөв чиглүүлэх учиртайхан хүн тавиасай даа л гэж санаа зовох юм даа.

-Үлгэр жишээ ажил байна шүү?

-Түүнээс гадна хаягийн ажлыг цэгцэлье гэсэн санаачлагыг манай дүүргээс гаргаж ажлыг эхэлсэн. Үүнийг Баасандорж дарга мэдэхгүй. Уг нь үүнийг мэдээд үргэлжлүүлээд явуулахад дэмжлэг үзүүлэх ёстой хүн.

Сонгууль болохоор хаяг дээрээ байдаг, байхгүй болчихдог иргэдийн асуудал байнга гардаг. Эсвэл хаяган дээр нь гэнэт олон хүн гараад ирдэг. Манай дүүрэг 170 мянган иргэнтэй. Мэдээж нэг жилд хийчих ажил биш. Манайд гэхэд хаяган дээрээ байхгүй хэрнээ сонгууль болохоор нэмэгдээд байдаг 5600 хүн байна. Энэ бүхэн сонгуулийн ирц, бодит сонгогчдын тоо гаргахад нөлөөлж байдаг. Үүнийг бүртгэлийн байгууллага засах ёстой ч дорвитой ажил хийдэггүй. Хорооноос судалгаагаа аваад хэн хаягандаа байгаа, байхгүйг, эсвэл хаягтаа байхгүй байсаар байтал хэн нэгэн удаа дараа гарч ирээд байгаа судалгааг аваад нягтлаад сэдэв болгоод тасдаж аваад хийгээд явахад болохгүй ажил байдаггүй. Тиймээс манай бүртгэлийн хэлтсээс иргэдийн хаягжилтыг цэгцлэх ажлыг хийе гээд 2018 оны оныхоо төлөвлөгөөнд тусгасан. Ингээд төлөвлөгөө гаргаад УБЕГ-ын Иргэний бүртгэлийн газрын дарга Энхцэцэг дээр очиход маш сайхан хүлээж авч,  өөрсдийн төлөвлөгөөнд тусгаад зөвхөн нэг дүүргийн хэмжээнд бус нийтэд нь ажил хэрэг болгохоор дэмжсэн. Ингэхдээ Чингэлтэй дүүргээр жишиг болгоод эхлүүлсэн. Тооцоо судалгааг нь манай ажилтнууд сайн хийгээд эхний шатны ажлаа амжилттай хийгээд өгсөн. Манай тайланг бусад дүүргүүдэд жишиг болгож танилцуулсан. Одоо хоёр дахь шатны ажил хийгдэх ёстой. Ажлаа өгөхөөс өмнө энэ талаар сураглахад  “Юун ажил мантай, бид ч өөрсдөө ажилтай байх үгүйгээ ч мэдэхгүй байна. Энэ жилийн турш бүтэц томилгоо гэсээр дуусах нь” гэж халагласан хүмүүс байсан. Хаягийн ажлыг манайхаас эхлүүлсэн учраас хоёр дахь хэсэг нь яаж үргэлжлүүлэх нь миний толгойнд байгаа. Гэтэл ингээд зогсчихож байгаа учраас үүнийг хэн ч хийхгүй нь тодорхой. Уг нь амжилттай ажиллаж байгааг тодотгох бас нэг жишээ нь 2018 оны дөрөвдүгээр сард хийсэн улсын бүртгэлийн дотоод аудитын өргөтгөсөн шалгалтыг амжилттай дүнгүүлсэн. Уг шалгалтын тайланг жишиг болгож бусад дүүргүүдэд хүртэл хүргүүлсэн байдаг.

Ер нь ямар ч шалгалтанд манай дүүрэг бэлэн байдаг. Би мундагтаа биш. Манайх мөнгө гаргаад хийж чадахгүй, бүртгэлд төсөв байхгүй. Гэсэн ч байхгүй гээд орхиод, юуч хийдэггүй хүн бол би биш л дээ. Үүнийг хаанаас бий болгож болох вэ, хэнтэй холбовол  халамж, хороо, нийгмийн даатгал, бүртгэлийн ажил уялдах вэ гээд бид хоорондоо яриад иргэд рүүгээ чиглэсэн ажлуудыг хийдэг. Манай дүүрэг иргэддээ чиглэсэн ямар ч ажлыг хойш тавьдаггүй. Бусад дүүргээс онцлог бахархах зүйл бол хоорондоо маш сайхан хамтын ажиллагаатай байдаг. Тиймдээ ч Чингэлтэй дүүрэг шилдэг байж чадаж байна. Ингэж ажиллаад л явж байтал гэнэт ийм зүйл болчихлоо. 2018, 2019 он бол маш чухал ажиллах жилүүд. Сонгуулийн цаг хугацаатай уралдаж л ажиллах хэрэгтэй юм шүү дээ.

-Таны ажлыг УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэнгийн эхнэр авсан гэсэн үү?

-Тийм. Өмнө нь Өвөрхангай аймгийн Бүртгэлийн хэлтэст ажиллаж байсан гэсэн. Хот руу шилжин ажиллах хүсэлтийнх нь дагуу Сонгинохайрхан дүүрэг дээр улсын бүртгэгчээр тушаал гаргасан ч өөрөө очоогүй гэж сонссон. Тэгээд одоо миний оронд ажиллаж болмоор байгаа юм байлгүй дээ. Би Д.Тогтохсүрэн гишүүнийг ёс зүйгүй гишүүн байна гэж харж байгаа. Учир нь эхнэрийг нь ажилд авах гэж ямар юм хийснийг сайн мэдэж байгаа. Шударга дуугарч чадахгүй л чимээгүй сууна. Гишүүн хүн дээ уг нь. Түүнээс гадна би түүний эхнэрийн оронд байсан бол ингэн барин ажилтай болохыг хүсэхгүй байсан. Бүртгэлийн орон тоо хаа сайгүй л байна. Ахлахаасаа эхлээд сонголт бол бий. Түүнийг нь хийж байгаад нэр төртэй өрсөлдөөд орж ирж болох байсан. Хэрэв үнэхээр миний буруу үйлдэл байсан бол би ч нэр төртэй буруугаа хүлээх байсан. Аливаа зүйл үнэн зөв, ил тод, шударга байх ёстой. Энэ зүйлийг хэлэх нь зүйтэй.

Одоо бодоход тэр үед тушаалаа гаргах шалтгааныг хайж Тамгын дарга нь хүртэл Нийслэлийн даргаас нэхсээр байгаад л надад арга хэмжээ тооцуулах санал авсан. Тэр санал нь надад бус алдаа гаргасан нийт албан хаагч нарт сануулах арга хэмжээ тооцно гэсэн албан тоот байсан. Тухайн Дорнод дээр саатсан хоёр иргэний паспортыг дарга нар өөрсдөө хурааж аваад ямар учраас байлгаад байсныг бодоход зохион байгуулалттай ажиллаад байсан бололтой. Энэ асуудлыг хууль шүүхийн газар үнэн зөвөөр тогтоох байлгүй.

-Бүртгэлийн байгууллага Монгол Улсын онцгой обьектуудын нэг. 3 сая иргэний бүх мэдээлэл энэ албанд бий. Тэр утгаараа энэ газарт ажилладаг хүмүүс хариуцлагатай. Нөгөө талаар ямар нэгэн ашиг сонирхлоос ангид байх учиртай. Тийм алба өнөөдөр хүн бүрийн амны бай болж байгаа нь харамсалтай санагдаж байна?

-Би яг энэ зүйлд эмзэглэдэг. Бүртгэлээр оролдох эрсдэлтэй. Бүртгэлээр улстөрждөг, ялангуяа сонгуулиар улстөржөөд байгаа зүйлийг засах ёстой. Сонгуулийн бүх процессын үйл ажиллагааг бүртгэл хийж байгаа. Нэг нам гарахаар бөөн томилгоо хийгдээд л, ашиг сонирхлын талаасаа хараад “оролдоод” л байна. Тэр бүр сонгуулийн процессыг мэдээд л гарч байгаа. Ядаж бүртгэлд ажиллаж байсан хүн ажлаас гарахаар бол цааш энэ мэдээллийг задалж болохгүй  гэсэн баталгааг авах ёстой. Өнөөдөр энэ ажлыг хэн ч хийдэггүй. Бүртгэлийн хэлтсийг толгойлж байсан хүн намын дүн бүртгэлийг хариуцаад л явж байна. Хяналт хариуцлага гээч зүйл байхгүй л байгаа. Эцсийн эцэст хүн амьдрах л хэрэгтэй юм чинь хэрэгтэй гэж харсан замаа л сонгоно шүү дээ. Үүнд хэн нэгнийг буруутгамааргүй байна. Бас зөв ч гэмээргүй байна. Энэ бүхний гол буруу нь улсын бүртгэлийн байгууллагын дархлагдсан бодлого алдагдсан явдал шүү дээ.

-Дэлгэрэнгүй ярилцсанд баярлалаа.

-Та бүхэнд ч гэсэн үргэлж шударга үнэний төлөө тууштай эрэлхийлж ажиллахыг чин сэтгэлээсээ хүсье.

Эх сурвалж: news1.mn Б.ЗАЯА

SHARE