М.Ганчимэг: Баасандорж даргад хүний хийсэн ажил биш албан тушаал л чухал байсан

Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргаар Б.Баасандорж гэх залуу томилогдоод дөрвөн сар гаруйн хугацаа өнгөрч байна. Тус байгууллагад төрийн ажил гэхээс илүү өнөөг хүртэл бүтэц, томилгооны асуудал “халуун”-аараа байна. УБЕГ шинэ даргатай болсноос хойш ажилтнуудаа албан тушаал бууруулах нэртэй ажлыг нь булаах боловсон луйвар болж хувирсныг “News1.mn” сайт баримттай хүргэсээр байгаа юм.

Албан тушаалаараа хохирсон ажилтнууд шүүхэд хандаж эхэлсэн байна. Тэдний нэг нийслэлийн Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн дарга асан М.Ганчимэг юм. Түүнтэй ярилцсан дэлгэрэнгүй ярилцлагыг хүргэе.

-Юуны өмнө хоёулаа таныг энэ албанд хэзээнээс хэрхэн томилогдож ажиллаж эхэлсэн талаар ярилцлагаа эхэлье. Анх улсын бүртгэгчээр ажиллаж байсан гэл үү?

-Би 2016 онд Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргаар ажиллаж эхэлсэн. Тухайн үед бусад дүүргийн дарга нар томилогдчихсон, ганцхан Чингэлтэй дүүргийн хэлтсийн даргын орон тоо сул байсан дээр намайг томилуулах саналыг дүүргээс явуулснаар миний бие томилогдож ирсэн. Энэ завшааныг ашиглаад буруу, зөрүү ойлголттой явдаг зарим хүмүүст хандан хэлэхэд өмнө ажиллаж байсан дарга нь өөрөө хүсэлтээ гаргаад ажлаа өгсөн байдаг. Тиймээс сул орон тоон дээр миний бие зохих хууль журмын дагуу томилогдож очсон гэдгийг хэлэхийг хүсч байна. Тухайн үед дүүргийн удирдлагууд маань тус дүүргийн хороон дээр олон жил ажилласан, бүртгэлийн ажлын дадлага туршлагатай, ажлаа мэдэх хамгийн боломжтой хүн, Ганчимэг энэ ажлыг хийчихнэ гэж үзэж итгэл үзүүлсэн гэдэг.

Миний бие 2008 оноос Нийслэлийн бүртгэлийн газарт гэрээт ажилтнаас эхлэн анх бүртгэлийн салбарт ажиллаж ирсэн. 2009 оноос хороодод иргэний бүртгэлийн ажилтан томилж ажиллуулах шийдвэр гарч тухайн үед бид дүүргийн Тамгын газар дээр сонгон шалгаруулалтанд орж байлаа. Тэгээд шалгалтанд тэнцэж Чингэлтэй дүүргийн хамгийн олон хүн амтай гэгдэх хороодын нэг 17 дугаар хороон дээр томилогдсон юм. Тэр үед дарга маань явах зам, суух автобусыг зааж өгсөн. Ганцаараа анх удаа огт зүглэж үзээгүй зүг рүүгээ ажил хийхээр цэнхэр өнгийн автобусанд суугаад “Хороо чинь зам дагуу байгаа” гэхээр нь хороогоо хараад л олоод очиж билээ. Өөрийгөө танилцуулаад бүх зүйлийг ёстой л тэгээс нь эхэлсэн. Гэхдээ бусдыгаа бодвол гэрээт ажилтан хийж байсан надад бүх зүйл шинэ байгаагүй. Ингээд өдөр нь иргэнээ авч, зөвлөгөө мэдээлэл өгч үйлчилсээр маш их завгүй өнгөрдөг байлаа. Би эцэж цуцна, шантарна гэж мэддэггүй байж. Гэр маань офицерт байхад автобусаар процессороо тэврээд л гэртээ очоод ажлаа дуусгаад маргааш нь тэвэрч ирээд ажлаа хийдэг байсан.

-Улсын бүртгэгчийн ажлын ачаалал их байх нь ээ?

-Тэгэлгүй яахав. Хүн амын олон төрлийн судалгаа тайлан гаргана. Тэр үед хуулж аваад гэртээ хийнэ ч гэж байдаггүй байж. Процессороо тэврээд ирсэн хүн цагаа ашиглах гээд шөнөжин сууж ажиллана. Хорооны иргэдэд мэдээлэл маш муу байна гээд л мэдээллийн самбар анх удаа хийх гээд эх бэлтгэлээ бэлдэж байлаа. Анхны цалингаараа хорооны нэг талын ханыг дүүрсэн их урт мэдээллийн самбар хийлгээд, хуучин цонхны рам, тавиур шкаф шүүгээг сольж, янзлаад л өөрөө шөнөжин будав. Орой унаагүй болчихоод л өглөө нь хордчихсон будаг үнэртүүлсэн, муухай царайлаад л ажлаа хийгээл сууж билээ.

Мөн иргэний үнэмлэх захиалсан иргэдээ царайг нь шууд л тогтооно, зарим нь үнэмлэхээ ирж авахгүй тохиолдол олон. Тэгээд тэдэнтэйгээ автобусны буудал, хотын төвд хаана ч тааралдана. Тэдэнтэй таарсан дээрээ “Үнэмлэхээ ирж аваарай” гээд хэлэхээр зарим нь бүр гайхна, “Та яаж танив” гээд. Ажлыг аль болох удаалгүй дор бүр нь хийх дуртай. Энэ нь ч амар байдаг. Хаанаас ч хэн ч ирж ажил шалгахад бүх юм байрандаа жин тан байхад сэтгэл амар, бас өөртөө ч итгэлтэй байдаг. Тухайн үед бүртгэлийн талаарх бараг анхных нь самбарыг хийсэн байсан. Бусад хороод бас хийгээд л ажил ёстой эхнээсээ ундарч байсан үе. Эргээд бодоход огт зүгээр сууж үзээгүй үеүүдийг өнгөрөөсөн байна.

17 дугаар хороо хүн амын шилжилт хөдөлгөөн ихтэй, үүнийг дагаад бичиг баримтын зөрчил ч их, ер нь бүртгэлийн ажил багассана гэж байдаггүй. Төвийн хороодыг бодоход ажлын ачаалал 2 дахин илүү ч би хэзээ ч тайлан мэдээ, бусад ажлаа хугацаа хоцроож хэл ам таталж үзээгүй. Хугацаанд нь амжуулахын тулд үргэлж илүү цагаар, ажил дээрээ хонох ч үе зөндөө байв. Энэ болгоныг хамт ажиллаж байсан хорооныхон маань, тэр дундаа одоо ч ажиллаж байгаа хэсгийн ахлагч, ажилтан албан хаагч нар сайн мэднэ. Бүртгэлийн ажлын хамгийн чухал хэсэг анхан шатанд өрнөдөг. Тиймдээ ч бидний гараар үйлдэгдэж байгаа бүх бүртгэл, судалгаа мэдээ, иргэдэд хүргэх мэдээлэл үнэн зөв байх нь л хамгийн их хариуцлагыг илэрхийлнэ гэж би ойлгодог. Бид л үнэн зөв шударга, сэтгэлтэй ажиллах ёстой гэж боддог. Ийм л зарчмаар би өнөөдрийг хүртэл ажиллаж ирсэн. Энэ бүхнийг минь дүүргийн эрхэм удирдлагууд хамт олон нөхөд минь үнэлж өнгөрсөн хугацаанд хоёр ч удаа хөдөлмөрийн аваргаар тодорхойлсон байдаг. Энэ бол миний ажил хэргийн минь нэр хүнд юм аа.

-Одоо өрнөөд байгаа асуудал хэзээнээс эхэлсэн бэ. Өөрөөр хэлбэл, таны албан тушаалыг бууруулах болсон үйл явдал. Тухайн үед юу болсон талаар тайлбарлахгүй юу?

-УБЕГ-ын дарга солигдсон гэсэн мэдээллийг дотроо ажиллаж байгаа хүний хувьд мэдэж байсан. Тодорхой хугацаа өнгөрсөн ч албан ёсоор нийслэл, дүүргийнхээ нэгжийн удирдлагуудтай нүүр тулж ажил үүрэгтэй нь танилцаж, ажил хэргийн яриа өрнөөгүй байсан. Удахгүй нийслэл дүүргээр явна, ажил байдалтай танилцана л гэсэн мэдээлэл өгч байсан. Гэтэл 2018 оны зургадугаар  сарын 6-ны өдөр намайг дарга ажил дээрээ дуудсан. Би бодохдоо ажил үүргээ танилцуулж байгаа юм байна, нэг нэгээр нь дуудаж байгаа юм байлгүй гэж бодож орсон. Гэтэл нэг иргэнд гадаад паспортыг нь олгохдоо тамга дарсан боловч гарын үсэг зурагдаагүй хүчингүй паспорт өгч явуулжээ гэсэн мэдээлэл цахим хуудсанд тавигдсан талаар хэлсэн. “Энэ юу болж байна, та яагаад иргэдийг хохироож, чирэгдэл учруулаад байна.Үүнийг мэдэж байна уу” гэсэн. Би ч огт мэдээгүй, “Одоо л сонсож байна” гэдгээ хэлсэн. Учир нь тэр асуудал амралтын өдөр өрнөсөн байсан. Дарга даваа гаригт энэ асуудлыг ярьсан. Тэгээд “Үүнийг тодруулаад нэг цагийн дараа ирж мэдэгд” гэсэн. Ажил дээрээ ирээд гадаад паспорт хариуцсан ажилтнуудтайгаа уулзаж юу болсон талаар тодруулж, тухайн иргэнтэй холбогдсон. Тэрээр “Танай дээр захиалсан паспортаа аваад мэдээллээ шалгана уу гэж ажилтныг хэлэхэд нь овог нэр, РД дугаараа л зөв эсэхийг шалгаад аваад явсан. Гэтэл хил дээр гарын үсэггүй байна гээд гарч чадаагүй. Нэгэнт замд гарсан хойно Дарханд ахындаа ирээд байж байна. Амралтын өдрүүд таарсан болохоор хот ороод дүүрэг дээр яваад очъё” гэсэн. Ингээд ирэхэд нь тухайн иргэнээс гарсан зардал бусад хохирлыг бүрэн барагдуулахаар болж, иргэн маань ч гомдол гаргаагүй.  Иргэдэд сэрэмжлүүлэг болгох үүднээс л цахим хуудастаа оруулсан. Танай ажилтан мэдээллээ шалгана уу гэхэд нь тамга гарын үсэг бас шалгах ёстой юм байна шүү гэдгийг анхааруулах л үүднээс пост оруулсан гээд ойлголцсон. Энэ талаарх тайлбараа Б.Баасандорж даргад бичгээр гарган танилцуулсан. Тэгэхэд намайг “Тайлбараа үлдээгээд явж бай. Би өөрөө танилцаад эргэж дуудна” гэсэн. Ингээд тухайн өдөр буцаад ажил руугаа ирж явтал ажлаас утасдаж дахин гарын үсэггүй хоёр паспорттай иргэн Дорнодын хилээр гарч чадаагүй байна гэж ярьсан. Ажил дээрээ ирээд Иргэний тасгийн дарга, хяналтын улсын байцаагч, гадаад паспортын бүртгэгч, гэрээт ажилтнуудтай уулзаж юу болоод байгаа талаар асууж тодруулсан. Тэгтэл Дорнодын хилээр гарч чадаагүй иргэдийн паспорт олгогдсон өдөр нь мөн түрүүний /Сэлэнгийн/ хүнтэй нэг өдөр байна. Тэгэхээр тэр өдөр нэг дор олгосон паспорттай иргэд байна гэж иргэний тасгийн дарга маань тайлбарласан. Дахин ийм алдаа гаргасан байх вий, тухайн өдрийн болон өмнөх, дараа өдрийн бүх олгогдсон паспортаа иргэд рүү ярьж шалга, мөн олгоогүй байгаа бүх паспортуудыг нягтлан нэг бүрчлэн дахин шалга, би өөрөө дахин шалгана гээд бид хоёр өдөр шахам хяналт шалгалтыг хийсэн.

-Тэгвэл нэг дор 4 иргэний паспорт гарын үсэггүй олгогдсон байх нь ээ?

-Тухайн 4 иргэний паспорт гарын үсэггүй явсан гэх өдөр нь 2018 оны наймдугаар дугаар сарын 3 ны өдөр. Тэр өдөр ачаалал ихтэй байсан. Дээр нь үйлдвэрийн машин цагаасаа хоцорсон. Үүнээс болж хүмүүс паспортаа авч байж гарна гэхээр цайны цаг таарсан ч паспортыг нь өгөхөөр болсон. Та цайны цагаар цайндаа гарсан байсан. Тэгээд хүргэлтийн машин ирэнгүүт иргэний тасгийн даргаас тамга, гарын үсгийн дардсыг авч ирсэн паспортуудаа маш хурдан тамгалж, дардас дараад баталгаажуулан хоёр хэсэг ялгасан. Бэлэн болсон паспортуудаа шууд цонхруу олгох руу гаргасан. Энэ үеэр нэг бүрчлэн паспортаа шалгаж амжаагүй, шууд иргэнд олгож эхэлсэн. Ингэхдээ нэг бүрчлэн мэдээллээ шалгаж аваарай гэж хэлж байсан” гэж гэрээт ажилтан маань хэлсэн. Мөн эргэн тойронд юуг шалгах зааварчилгаа, анхааруулга, иргэдийн захиалгын хуудсан дээр тод хараар анхааруулга хэсэгт тамга гарын үсэг шалгах гэж тодорхой зааж хүртэл өгсөн байдаг.

Гадаад паспортын үйлчилгээг дүүргүүдэд шилжүүлснээс хойш дүүргийн нэг цэгийн үйлчилгээ маш их ачаалалтай болсон. Үүнд аль ч дүүрэг, орон нутаг харгалзахгүй үйлчилдгээс шалтгаалан манай дүүргийн хувьд төвийн байршилтай учир шууд ирэх иргэд өдрөөс өдөрт нэмэгдсэн. Мэдээж хэн ч алдаа дутагдал гаргана гэж ажиллахгүй. Бид цайндаа ч орох сөхөөгүй ажиллах үе бишгүй олон байдаг. Төрийн албан хаагчдын сахилга хариуцлага нэрийн дор элдвийн гомдол санал дагуулах иргэд ч цөөнгүй байдаг. Тэр бүрт бид шантралгүй зүтгэж ажилладаг, зүтгэх ч үүрэгтэй ажиллана. Гэлээ ч аливаа хариуцлага алдах явцад нөхцөл байдалд дүн шинжилгээ хийнэ. Түүний мөрөөр шат дараалсан арга хэмжээ тооцох ч хувилбарууд бий. Шат дараалахгүй шууд авах ч хариуцлага гэж бий. Энэ бүхэнд учир зүй гэж байх ёстой. Мэдээж огт буруугүй байна гэж байхгүй. Бидэнд гадаад паспортын үйлчилгээг хэрхэн явуулах талаар мөрдөж ажиллах журам бий. Мөн шат шатны арга зүйн зөвлөмж, анхааруулга, чиглэлүүдийг бид дотроо өгч хэрэгжүүлж ажиллаж байдаг. Тухайн өдөр хэт яаран сандарсанаас шат шатны хяналт шалгалтын горим алдагдсан гэж ойлгож дүгнэж байгаа. Яагаад журмандаа заагдсан хяналтуудаа тавилгүй дутуу хийв ээ гэдгийг бид санах ёстой. Тэгээд энэ алдааг дахин хэзээ ч гаргахгүй ажиллах бүрэн боломжтой. Учир нь Гадаад паспортын бүртгэл хөтлөх журмын 5.4-д баталгаажуулсан гадаад паспортыг бүртгэл хөтөлсөн улсын бүртгэгч хүлээн авч, бичилт үнэн зөв хийгдсэн, тамга, гарын үсгээр баталгаажуулсан эсэхийг шалгана. Мөн тус журмын 6.2-т олголт хариуцсан эрх бүхий ажилтан тамга дарж, гарын үсгээр баталгаажуулсан эсэхийг дахин шалгаж, иргэнд олгоно гэж тус тус заасан байдаг юм. Ингээд л би гэдэг хүн нэг өдөр нэгэн зэрэг олгогдчихсон гарын үсэг зурагдаагүй 4 иргэний паспортны хэргээс болж ажлаа өгсөн. Учир нь удаа дараагийн алдаа дутагдал гаргасан гэж Б.Баасандорж дарга үзсэн. Би одоо ч нэг л юмыг ойлгохгүй л байгаан.

Тухайн үед Дорнодын Бүртгэлийн хэлтсийн дарга надруу “Танайхаас ирээд хил дээр саатсан 2 иргэний асуудлыг энд шийдээд гаргахаар болсон. Чи очингуут нь паспортыг нь аваад баталгаажуулаад өгчихвөл болно” гэхээр нь тайвшраад баярлаад хүлээж байтал гэнэт л нөгөө иргэний паспорт маань Б.Баасандорж даргад хүрчихсэн байсан. Нөгөө Дорнодоос надруу шуудангаар ирэх ёстой паспортууд ерөнхий газрын дарга дээр очсон байх талаар хэн санахав. Тэгээд асуудал харин ч иргэдийн хувьд хүндэрсэн. Учир нь тэр паспортуудыг Дорнодын даргаас Ерөнхий газрын Тамгын дарга нэхсээр байгаад авхуулсан байдаг. Тамгын дарга тэрнийг хурааж авлаа ч миний л гарын үсэг зурагдахаас нааш асуудал тэнд шийдэгдэхгүйг сайн мэдэж байгаа гэж байтал иргэн нь ч паспортаа авахаар ирсэн. Тэгэхээр нь Тамгын дарга руу ярьтал “Б.Баасандорж дарга энд шийднэ гээд өөртөө авсан” гэж хэлэхээр нь ерөөсөө очиж уулзъя гэж бодоод л ирсэн. Тухайн өдөр нь наймдугаар сарын 14 болсон байсан. Тэгээд өрөөнд нь ороход шинээр томилогдсон Хүний нөөцийн хэлтсийн дарга, протокол хөтлөх нэг хүнийг давхар дуудаж оруулж ирээд шууд албан тушаал бууруулах тушаал гаргаж байгаагаа хэлсэн.

-Тэдгээр иргэд гомдол гаргаагүй гэсэн шүү дээ. Тийм атал шууд хариуцлага ярьсан хэрэг үү?

-Мэдээж энэ паспортуудын асуудлаас болж ийм шийдвэр гаргаж байгаа гэсэн. Тэгэхээр нь би ч тайлбарлаж хэллээ. “Нэг дор нэг өдөр болсон асуудал байна дарга аа. Тиймээс надад дахин нэг удаа боломж олгоод энэ удаа шийдвэрээ эргэн хараач. Би уг нь ажилдаа алдаа дутагдал олон гаргаж байгаагүй, чамгүй амжилттай ажиллаж яваа. Таны энэ шийдвэр арай хатуудсан шийдвэр байна. Та нэг харж үзээч, уг нь иргэдээс нэг нь ч гомдол өгөөгүй, хохирлыг нь бид бүрэн барагдуулсан. Одоо паспортыг нь таниас аваад гарын үсэг зураад өгчихвөл боллоо. Энэ баримтууд нь байна” гээд холбогдох тайлбарыг өөрт нь өгөөд учирлаж гуйсан.  Гэвч амжилт олоогүй. Ерөөсөө л “Чи алдаа гаргасан, албан тушаалыг чинь бууруулна. Чи Сүхбаатар дүүрэгт очиж ажиллана. Би ийм шийдвэр гаргасан. Чи хүлээн зөвшөөрөх ёстой” гэсэн. Тэгээд “Би зөвшөөрөхгүй ээ дарга аа. Та надад боломж олгоод хугацаатай үүрэг даалгавар өгч болно ш дээ. Намайг ямархуу ажилладаг хүн болохыг та сайх мэдэхгүй байж магадгүй. Манай дүүрэг дээр очоод ажил байдалтай минь танилцаад харвал таны шийдвэр өөрчлөгдөх байх” гэсэн. Миний тайлбарыг сонссоны  дараа дуудаж оруулж ирсэн хоёр хүнийг гаргаж байгаад  “Чи энэ хоёрын дэргэд зөвшөөрч байна гэж хэлж чадахгүй байна уу. Тэгж хэлээд зөвшөөрвөл би чамайг ёс зүйтэй төрийн албан хаагч байна гэж үзэх байлаа. Чи тийм л сайн юм бол Сүхбаатар дүүрэгт дороос нь дахиж ажиллаад л дарга болохгүй юу. Яагаад заавал дарга хийх гээд байгаа юм” гэж байна.  Тэгэхээр нь “Би залуу хүн хийх юм, амжуулах ажил их байна. Төлөвлөсөн дуусаагүй ажлуудынхаа үр дүнг үзэх боломж  та надад олгол доо” гэсэн. Гэтэл эрхэм дарга маань “Би ийм шийдвэр гаргасан. Чи надад одоо ажлаа яриад байх шаардлаггүй. Би ширээний наана цаана сууж байгаад шийдвэрээ өөрчилдөг хүн биш. Чи хүлээн зөвшөөрөх ёстой. Үгүй бол шүүхээрээ яв, би чамайг ажилгүй болгоогүй. Харин ч чамайг юм байна гээд ажилтай байлгаж байна” гэж хэлсэн. Тэгээд би гарахдаа нэг л зүйлд маш их харамссан. Миний асуудлыг аль хэдийнэ шийдчихсэн байж. Хэн нэгэнд миний албан тушаал маш их хэрэгтэй байгаа юм байна. Мөн энэ хүнд ажил сонин биш, албан тушаалд хүн томилох нь чухал юм гэж бодсон.

Үргэлжлэл бий.

Эх сурвалж: news1.mn Б.Заяа

SHARE