Чингэлтэй дүүргийн УБХ-ийн даргыг “явуулаад”, оронд нь УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэнгийн эхнэрийг томилжээ

 

Улсын бүртгэлийн байгууллага гэдэг бол Монгол улсын үндэсний аюулгүй байдал дайтай харах, хүн амын нууц санг эрхлэн гардан гүйцэтгэж байдаг онцгой объект. Энэ утгаараа ямар ч үед, аль ч улс төр нам хүчний нөлөөгөөр ганхах ёсгүй ганцхан газар юм.

 

Гэтэл дөрвөн сарын өмнө тэндхийн дарга болж очсон Б.Баасандорж гэдэг залуу багаа бүрдүүлнэ гээд баллаж өгч байна. Энэ талаар бид өчигдөр /2018.10.23./ мэдээлсэн.

 

Б.Баасандорж ажлаа аваад хэдхэн хоноод л Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн дарга М.Ганчимэгийг дууджээ. Түүнийг өрөөнд нь яваад ороход “Чиний яаж ажиллах хамаагүй. Надад ажлаа яриад байх шаардлагaгүй. Би чиний ажлыг өгүүлэх шийдвэр гаргасан. Чи хүлээн зөвшөөрөх ёстой. Ажлаа өг” гэж хэлээд гаргажээ.

 

Б.Баасандорж хэлснээрээ ажлыг нь авсан байна. Ингэхдээ түүний оронд УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэнгийн эхнэр Д.Оюунбилэгийг Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргаар томилсон байна.

 

Бид удахгүй Б.Баасандоржийн шахалтаар албан тушаалаа хүчээр булаалгасан Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн дарга асан М.Ганчимэгтэй хийсэн ярилцлагыг хүргэх болно.

 

Ер нь бол Монгол төрийн бүрэн бүтэн, ганхашгүй бат бөх байх үндэс нь төрийн албаны тогтвортой байдал юм. Олон улсад үүнийг мерит зарчим гэдэг бөгөөд улс гүрнүүд энэ зарчмыг төрийн бодлогоо болгосон байдаг. Тиймээс УБЕГ-ын даргаар томилогдсон Б.Баасандорж мэтийн хурган дарга нарын хууль бус үйлдлийг таслан зогсоох ёстой юм.

 

Эх сурвалж: www.news1.mn Д.Бат-Очир

 

SHARE