Бензема: Намайг тайван орхиод өгөөч!

 

Карим Бензема шигшээ багийнхаа анд Матье Вальбуэнаг секс бичлэгээр дарамталж мөнгө нэхсэн хэрэгт нэр холбогдсоныхоо улмаас Гурван өнгөтүүдийн төлөө тоглох эрхээ хасуулсан. Тухайн хэрэгт холбогдолтой нэгэн этгээдтэй Бензема найз байсан тул Вальбунатай уулзахдаа “Чи тэр нэхээд байгаа мөнгийг нь өгчихвөл дээр юм бишүү дээ. Тэгэхгүй бол цаад хэд чинь яаж ч мэдэх хүмүүс шүү” гэх утгатай үгс хэлсэн юм билээ. Энэ үгс нь түүнийг хэрэгт холбогдох үндэс болж өгсөн. Гэвч хожим нь шүүх Бенземаг буруугүй гэдгийг нотолсон.

Тэгвэл франц довтлогч дахиад хэрэгт холбогджээ. Энэ удаад хүн барьцаалсан хэрэгт сэжиглэгдэж байгаа юм байна. Бенземагийн агент асан Лео Д`Соуза цагдаад гомдол гаргахдаа өөрийг нь барьцаалсан гэж мэдэгджээ. Бензема агент хоёрын хооронд 50 мянган еврогийн маргаан байсан гэнэ. Хэл ам гаргаад байхаар нь Бензема агентыгаа хэдэн найз нарынхаа хамт хүчээр нэг тийш авч очиж, айлгасан байж магадгүй аж.

Гэвч довтлогч үүнийг үгүйсгэж “Түүнийг зодсон л гэнэ, барьцаалсан л гэнэ, намайг фургонд сууж байсан л гэнэ. Энэ ертөнц чинь яачихсан юм бэ? Намайг тайван орхиод өгөөч” гэж Бензема өгүүлжээ.

news1.mn Р.Гэгээ

SHARE