Мессиг Марадона гоочилж, харин Марадонаг Кемпес шүүмжлэв

 

Аргентины хөлбөмбөгийн үе үеийн шилдгүүдийн нэрс хөвөрсөн нэгэн зөрчилдөөн сүүлийн хэд хоногт хэвлэлээр цацагдаж байна. 1986 оны дэлхийн аварга Диего Марадона саявтархан өгсөн нэгэн ярилцлагадаа Лионель Мессиг манлайлагчийн сэтгэлзүйгүй гэж тун таагүй үгээр тодорхойлсон юм.

“Месси сайн хөлбөмбөгч. Гэхдээ тэр лидер ямар байх ёстойг мэддэггүй. Тэр дасгалжуулагчтайгаа ярилцахын өмнө PlayStation тоглож байгаад л талбайд гардаг. Тэр багийнхаа лидер байхыг хүсдэг байж болох юм. Роналдо тэр хоёр одоогоор дэлхийн шилдэг нь үнэн.

Гэхдээ тоглолтын өмнө 20 удаа 00-ийн өрөө рүү гүйдэг хүн багийн лидер байж чадахгүй ээ. Одоо Мессигийн өмнө мэхийх хэрэггүй. “Барселона”-гийн Месси, Аргентины шигшээгийн Месси хоёр өөр хүмүүс.

Би хувьдаа бол Мессиг дахиж шигшээд дуудахгүй. Гэхдээ хэзээ ч үгүй гэж хэзээ ч битгий хэл гэдэг билүү. Түүнд өгөх дарамтыг багасгах хэрэгтэй. Тэгж байж л сая лидер болно. Та нар л Мессиг багийнхаа лидер болоосой гэж хүсэх юм. Гэтэл Месси өөрөө видео тоглоом тоглоод явж байхыг илүү хүсч байна” хэмээн Марадона өгүүлсэн юм.

Марадонагийн энэ үгсээр Омар Момани хүртэл зураг зураад амжсан байна лээ. Тэгвэл Диего Марадонагийн энэ үгэнд Аргентины хөлбөмбөгийн өөр нэгэн домог, 1978 оны дэлхийн аварга Марио Кемпес хариулт хэлжээ.

“Марадона амаа ангайх болгондоо л асуудал үүсгэдэг. Өрөөл бусдыг хүндлэхийг огт мэддэггүй. Гэтэл түүнийг хөлбөмбөгч байхад нь бүгд хүндэлж, огт шүүмжилдэггүй байлаа. 1990 оны ДАШТ-ий финалд Аргентины шигшээ хожигдоход ч хэн ч шүүмжлээгүй. Түүний цаг үе нэгэнт улиран одсон. Тэгэхээр одоо хааяа ч гэсэн амаа хамхиж, байгаадаа сэтгэл хангалуун явмаар юм” гэж Марио Кемпес өгүүлжээ.

.

news1.mn Р.Гэгээ

SHARE