Туул голын усан сан байгуулна

Туул голын гольдирол татмын дагуу улсын тусгай хамгаалалтад авах, түүнтэй холбогдуулж авах зарим арга хэмжээний тухай тогтоолын төслийг УИХ-ын гишүүн А.Сүхбатаар ахлуулсан Ажлын хэсгээс боловсруулан холбогдох байгууллагуудаар хэлэлцүүлж эхэлжээ. Тус тогтоолд Туул голыг байгалийн нөөц газрын ангиллаар, Туул голын гольдирол татам болон цэвэр усны хамгаалалтын бүсийг Улсын тусгай хамгаалалтад авахаар заажээ. Мөн үүнтэй холбогдуулан Засгийн газарт тодорхой арга хэмжээг авч ажиллахыг заалгаж байгаа аж.

Тухайлбал, гадаргын болон газрын гүний усны нөөцийг нэмэгдүүлэх, урсацыг сайжруулахаар Туул голын уусан байгуулах, цэвэр усны нөөц ашигласны татвар, усны үйлчилгээний төлбөр, бохирдуулсны төлбөрийг нэмэгдүүлж, Туул гол мөнгөн хөрөнгийн санд төвлөрүүлэх, уг хуримтлалын 70-аас доошгүй хувийг 10-аас доошгүй жил хуримтлуулж зөвхөн Туул голыг хамгаалах ажилд зарцуулах зэрэг 15 арга хэмжээг тусгажээ.

Тогтоолын төслийг байгаль орчны мэргэжлийн холбоод, иргэний нийгмийн байгууллагуудаар хэлэлцүүлж санал авсны дараа УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцүүлэх ажээ.

Эх сурвалж: news1.mn Б.ЗАЯА

SHARE