Гамшгийн үеийн анагаах ухааны чиглэлээр харилцан туршлага солилцов

Төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын эмч-сэтгэлзүйчдийн гамшгийн аюул, ослын үед нэрвэгдэгчдэд эмнэлгийн анхны тусламжийг цаг алдалгүй үзүүлэх, алба хаагчдад эрүүл мэндийн боловсрол олгох, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах мэдлэг, ур чадвар, дадлага туршлагыг дээшлүүлэх зорилгоор “Гамшгийн үеийн эмнэлгийн яаралтай тусламж” сэдэвт сургалтыг энэ сарын 24-27-ны өдрүүдэд Давтан сургалт, сэргээн заслын төвд  зохион байгууллаа.

Онцгой байдлын ерөнхий газраас Монгол Улс дахь Франц Улсын Элчин сайдын яам, тус улсын Гамшгийн анагаах ухааны нийгэмлэгтэй хамтран зохион байгуулсан тус сургалтад төв, орон нутгийн Онцгой байдлын газрын 30 гаруй эмч-сэтгэлзүйч хамрагдсан юм.

Сургалтыг Франц Улсын Гамшгийн анагаах ухааны нийгэмлэгийн сургагч багш нар удирдан явуулсан бөгөөд  орон нутгаас алслагдсан гамшгийн үед эмнэлгийн яаралтай тусламжийг хэрхэн үзүүлэх, хүнд гэмтлийн үеийн эмнэлгийн үзлэг,үйлчилгээний онцлог, гамшгийн үеийн анагаах ухааны чиглэлээр олон улсын эмч нарын мэдлэг, туршлагаас хуваалцлаа.

Мөн гамшгийн үед нэрвэгдэгсдийн эмзэг байдал, сэтгэл санааны хямралыг тайлах, гамшгийн голомтод эмч нар шийдвэр гаргах, шийдвэрийн схем бүдүүвчийг боловсруулж, харилцан туршлагаа солилцсон юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

SHARE