Орос, Хятад хоёр Монголд нуруугаа харуулахгүй 

Гурван улсын “Тинк Танк” холбоо   Улаанбаатар хотноо хоёр дахь өдрөө хуралдаж байна. Тус  холбоо нь ОХУ, БНХАУ, Монгол Улсын  эдийн засаг, дэд бүтэц, бүс нутгийн асуудалд зөвлөн туслагчаар оролцдог. Энэ удаа гурван улсын хооронд байгуулах  эдийн засгийн коридорын асуудлыг хэлэлцүүлж   буй юм. Эрдэмтдийн тооцоо, судалгаа  улс орнуудын бодлогод чухал нөлөөтэй  гэж тэд үзжээ.

Хурлын үеэр хөршүүд маань манай улс руу нуруугаа харуулахгүй гэдгээ батлан хэлсэн байна. Тухайлбал,   “Тинк Танк” холбооны ОХУ талын удирдагч, академич Б.В.Базаров хэлэхдээ “Эдийн засгийн коридор байгуулах нь Оросын талаас  Монгол руу хандсан хандлага, мөн Хятадын талаас Монгол руу хандсан хандлагаас хамаарах учир  нарийн төвөгтэй асуудал  юм. Орос,Хятад хоёр бол дэлхийн том гүрэн. Тэд Монгол руу хандсан бодлого явуулахад хамгийн гол нь Монгол Улс  ямар нэгэн  хохирол амсахгүй, эрсдэл үүрэхгүй байх ёстой. Эдийн засгийн коридороор холбогдож буй гурван орны ашиг сонирхол эрх тэгш байх учиртай” гэсэн байна. Мөн түүний тус форумд тавьсан илтгэл оролцогчдын сонирхолыг ихээхэн татсан.  Тэрээр “Орос улс Алс Дорнодыг цэргийн бааз болгосноор эдийн засгийн асуудлыг орхигдуулсан. Түүнчлэн Сибир рүү нуруугаа харуулсан бодлого явуулж байгаагаа өөрчлөх ёстой. Сибирээр дамжуулан Монгол, БНХАУ-тай харилцаа, хамтын ажиллагаа хөгжүүлэх өргөн боломжийг ашиглах хэрэгтэй. 1990-ээд оноос хойш Монголтой тийм ч сайн харилцаа, хамтын ажиллагаа явуулсангүй.  Одоо Монгол руу харсан бодлого баримтлах хэрэгтэй” гээд мөн БНХАУ-ыг  цаашаа хараад далайн гарц, зам ярьж байхаар наашаа Монгол руу харах хэрэгтэй хэмээн илтгэлдээ онцлон тэмдэглэсэн юм.

Тик Танк холбооны БНХАУ-ын  талын удирдагч, ӨМӨЗО-ны Хөгжлийн төвийн захирал Ян Чэн Хуаны хувьд   “Бид  “Нэг бүс-Нэг зам” санаачилгыг хэрэгжүүлэхэд түлхэц өгөх эдийн засгийн коридор байгуулах тал дээр анхаарч байгаа. Хайлаар, Чита, Дорнод аймгийн Чойбалсанг холбосон аялал жуулчлалын коридор байгуулахад ч мөн анхаарч   байна” гэсэн байна. Мөн тэрээр  гурван улсын  эдийн засгийн коридор байгуулах харилцаа, хамтын ажиллагаанд БНХАУ-ын зүгээс   Монголыг  дэмжинэ” гэжээ.

 

Эх сурвалж: news1.mn Ч.Ариунганга

SHARE