“Цөмийн болон цацрагийн ослын бэлэн байдал” сэдэвт дадлага сургуулийг зохион байгууллаа

ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригад Цөмийн энергийн комиссын ажлын алба болон Япон улсын атомын энергийн агентлаг зэрэг нийт 18 аж ахуйн нэгж байгуулагатай хамтран “Цөмийн болон цацрагийн ослын бэлэн байдал” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.

Тус сургалт нь долоо хоног үргэлжилсэн бөгөөд танхимын сургалт болон дадлага гэсэн хоёр үндсэн чиглэлээр явагдсан юм.

Тухайлбал, Онцгой байдлын ерөнхий газрын мэргэжилтэн, Цөмийн энергийн комиссын ажлын алба, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын мэргэжилтэн болон Япон Улсын атомын энергийн агентлагийн цөмийн салбарын Хүний нөөцийн хөгжлийн төвийн багш нар цацрагийн тунгийн чадлыг хэвийн болон ослын нөхцөлд хэрхэн хэмжих, альфа, бета, гамма цацрагийн хэмжилтийн багажнуудын илрүүлэх хязгаар, хэвийн нөхцөлд ямар төрлийн багаж сонгох, ослын үед авах хариу арга хэмжээний шуурхай төлөвлөгөө, ажиллагааны зургийг боловсруулах зэрэг сэдвээр онолын болон дасгал ажлыг зохион байгуулав. Мөн сургалтад оролцогчид Монгол Улсад ашиглагдаж буй цацрагийн багаж, хамгаалах хувцас, тоног төхөөрөмжтэй танилцах, дадлагажих сургалтыг хийлээ.

Сургалтын төгсгөлд Монгол Улсын цацрагийн ослын үеийн бэлэн байдал, хариу арга хэмжээ авах, аюулгүй байдал хамгаалалтыг сайжруулах, гарч болзошгүй ослоос урьдчилан сэргийлэх арга замууд, энэ жил зохион байгуулагдсан сургалтын онцлог, дараа дараагийн жилүүдэд зохион байгууллагдах сургалтуудад анхаарах зүйлсийн талаар оролцогчдын дунд нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулсан юм.

Энэхүү сургалт нь цацрагийн ослын үед төрийн байгууллагуудын хоорондын уялдаа холбоо, Цөмийн болон цацрагийн ослын бэлэн байдлыг хангуулах чиглэлээр төрийн жинхэнэ, тусгай болон үйлчилгээний алба хаагч нарт мэдлэг, ур чадвар олгож, дадлага туршлагыг дээшлүүлсэн ач холбогдолтой сургалт боллоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

SHARE