УИХ-ын гишүүн Ц.Гарамжав “Монполимет” ХХК-ийг эзэмшдэг, “Монполимет” нь Туул голоос алт олборлодог

УИХ-ын гишүүн Ц.Гарамжав сүүлийн 2-3 хоногт хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр дамжуулан МЭДЭГДЭЛ хийлээ.

Түүний мэдэгдэлд “Миний биеийг УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга болсноос эхлээд урд өмнө нь үүсгэн байгуулж, хийж бүтээсэн ажил бүтээн байгуулалтыг маань үгүйсгэх, мушгин гуйвуулах явдал хэрээс хэтэрлээ. УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны даргын ажлыг ашиг сонирхлын зөрчилтэй хийж байгаа мэтээр дайрч давшлах, эх орноосоо урвасан мэтээр зохион байгуулалттайгаар, захиалгатайгаар гүтгэсэн, доромжилсон мэдээллийг зориудаар тараах боллоо. Өмнө нь тухай бүрт тайлбар өгч, нийгэмд мэдээллэж явсангүй. Гэсэн ч гүтгэгчид улам бүр дайрч доромжлох болов. Өнгөрсөн долоо хоногт гэхэд л “Дэлхийн Монгол” хэмээх Төрийн бус байгууллагын Бээжин, Алтангэрэл зэрэг хүмүүс Туул голыг уйлуулж байна, бохирдуулж байна хэмээн 15 минутын турш мэдээлэл хийхдээ Ц.Гарамжав гэдэг нэрийг  20-30 удаа илтэд гүтгэн доромжлохын тулд хэлж, УИХ-ын гишүүний нэр төрд халдлаа. Иймээс бодит мэдээллийг хариуцлагатай хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр дамжуулан өгөхийг зорилоо.

Анх 1996 онд Засгийн газрын шийдвэрээр тендер зарласны үндсэн дээр Канадын “Заамар гоулд” компани Тосонгийн ордыг ашиглах эрхийг эзэмшсэн. Үүний дараа  “Монполимет” компани 60 хувийг эзэмшихээр болж, хөрөнгө оруулалт хийх, босгох асуудлыг хууль эрхийн дагуу явуулж эхэлсэн. Тосонгийн голын гольдролыг ашиглах төслийг хамтран эзэмшиж, дэлхийн төвшинд олон мянгаараа ажилладаг байгаль орчинд ээлтэй драгийн үйлдвэрлэлийг барьж байгуулж, техник технологийг нэвтрүүлж хөрөнгө оруулалтыг босгосон. Ингэхдээ Монгол Улсын ашигт малтмалын тухай хууль болон цаг үеийн өөрчлөлтүүдийг баримтлан Засгийн газраас олгосон тусгай зөвшөөрлийн дагуу онцгой хамгааллын бүсэд ажиллаж байгаа болно. Драгийн үйлдвэрүүд нь Туул голын ойролцоо нуур байгуулан үйлдвэрлэлийнхээ усны 70 хувийг тогтмол ашиглан, 30 хувиа сэлгэж ажилладаг технолгитой. Шаардлагатай үед уулын ажлын төлөвлөгөөнд тусган тухайн орон нутгийн байцаагч, байгаль орчны хамгаалагч нарын хяналт доор батлуулсан төлөвлөгөөний дагуу голыг хөндлөн гарч, нэг цэгээс нөгөө цэгт шилжин ажиллах технолгитой байдаг. Гол гарч байх үед ямар нэгэн ашигт малтмал олборлодоггүй болно. Энэ талаар үйл ажиллагаа явуулж байгаа холбогдох компани нь дэлгэрэнгүй тайлбар, нотолгоогоо удахгүй хийх байх.

Уул уурхайн үйлдвэрлэл нь байгалийн төрөл бүрийн орчин нөхцөлд үйл ажиллагаа явуулдаг. Устай нөхцөлд ч, хад чулуутай нөхцөлд ч ажиллах шаардлагатай болдог. Хамгийн чухал нь байгаль орчноо аль болохоор байгаагаас нь илүү буюу нийгэмд ач холбогдолтой эдийн засийн эргэлтэд оруулахад боломжтойгоор явуулах байдаг.

2009 онд Урт нэртэй хуулийг УИХ баталсан. Үүний дараа Засгийн газрын 130, 199 дүгээр тогтоолоор хөрөнгө оруулалтаа хийсэн, үйлдвэрүүдээ барьж байгуулсан, ашиглалт, үйл ажиллагаагаа жигд тогтмол явуулдаг үйлдвэр аж ахуйн нэгжүүдийн онцгой хамгаалалтын бүсэд ажиллах зөвшөөрлийг баталгаажуулж өгсөн. Үүний дагуу Усны тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан Онцгой хамгаалалтын бүс буюу 50 метрийн зайг баримтлан “Монросцветмэт”, “Алтандорнод Монгол”, “Монполимет”-ийн драгийн үйлдвэрүүд Туул голын адагт 12-24 дэх жилдээ ажиллаж байна. “Монполимет” компанийн хувьд 12 дахь жилдээ үйлдвэрлэлийн үйл ажиллагаагаа уул уурхайн хууль эрх зүйн орчинд бүрэн нийцүүлэн явуулж байна. Анх Драгийн үйлдвэрлэлийг манай улс 1972 онд Толгойтын Ерөөгийн голын гольдролд улсын үйлдвэрийн газар болох “Монросцветмэт” барьж байгуулж, үйлдвэрлэлээ явуулж ирсэн түүхтэй. Драгийн үйлдвэрлэлийг энгийнээр тайлбарлахад голын татан болон гольдролд үүссэн ашигт малтмалын ордыг ашиглахад зориулсан баяжуулах үйлдвэр юм.

Драгийн үйлдвэрлэл нь байгаль орчны нөхөн сэргээлтийнхээ 60 хувийг өөрөө хийдэг, цахилгаан хөдөлгүүртэй бүрэн автомажсан үйлдвэр юм. Миний үүсгэн байгуулсан “Монполимет” компани нь Монгол Улсын хууль тогтоол, дүрэм журмыг бүрэн дүүрэн мөрдөж жил бүр Мэргэжлийн хяналт болон холбогдох яамдаар үйлдвэрлэлийн ажил явуулах талбайн төлөвлөгөө норм, гүйцэтгэлийн ажлаа батлуулж, хэрэгжүүлэн тайлагнадаг. “Монполимет” компани Монгол Улсдаа анхны жишиг загвар болох байгаль орчны нөхөн сэргээлтийг бий болгож, улс орон нутгийн хэмжээнд  хэмжээний нөхөн сэргээлтийн сургалтуудыг явуулж, их дээд сургууль, шинжлэх ухааны байгууллагуудтай хамтран ажиллаж, мэргэжлийн уул уурхайн компани гэдгээ батлан ажиллаж явна. Ашигт малтмалын тухай хууль, Байгаль орчны багц хуулийг нэг бүрчлэн хэрэгжүүлж Монгол Улсын уул уурхайн салбарт тулгараад байгаа байгаль орчныг нөхөн сэргээх үйл ажиллагааны жишиг загварыг тогтоон ажиллаж байна.

Гэтэл цахим сүлжээгээр мэдээллийг хяналтгүйгээр цацдаг болсныг буруугаар ашиглаж, бодит бус гүтгэлгийн шинжтэй мэдээллийг зориуд санаатайгаар олон давтамжтайгаар цацах гэмт хэргийн шинж чанартай үйлдэл газар авах боллоо. Энэ нь хүний эрх болон УИХ-ын гишүүний эрхийг зөрчиж байна гэдгийг мэдэгдье.  Энэ хэргийг мэргэжлийн байгууллага хууль, хяналтын байгууллагууд шалган хариуг олон нийтэд мэдээлэхийг хүсье” гэжээ.

Эрхэм гишүүн энэ мэдэгдлийг гаргасан учир нь 2018 оны наймдугаар сарын 16-нд Байгаль орчныг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Дэлхийн Монгол Ногоон Нэгдэл” Төрийн бус байгууллага Төв аймгийн Заамар болон Булган аймгийн Бүрэгхангай суманд ажиллаж, Туул голын гольдрилд алт олборлож, хууль зөрчиж байгаа гурван компанийн үйл ажиллагаатай танилцсан талаараа мэдээлэл хийсэн.

Тэд эдгээр компанийн нэг болох УИХ-ын гишүүн Ц Гарамжавын “Монполимет” ХХК нь удаа дараа хууль зөрчиж голын гольдрол дагуу алт олборлон байгаль орчныг сүйтгэсээр байгаа. УИХ-ын гишүүн хүн өөрөө ийнхүү хууль зөрчиж, байгаль орчинд хохирол учруулсаар байгаа нь ёс зүйтэй үйлдэл биш гэж мэдэгдсэн юм.

Мөн Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбатад Төв аймгийн Заамар, Булган аймгийн Бүрэгхангай суманд хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа дээрх компаниудын үйл ажиллагааг нэн даруй зогсоолгож, байгаль орчинд учруулсан хохирлыг барагдуулах талаар шаардлага хүргүүлж “Цаашид байгаль орчныг хамгаалах чиглэлд манай “Дэлхийн Монгол Ногоон Нэгдэл” ТББ Байгапь орчны сайд Н.Цэрэнбаттай хамтран ажиллахад бэлэн байгаагаа үүгээр илэрхийлж байна” гэв.

Энэ бол шүүмжлэл. Магадгүй, хуулиар хориглосон “сэдэв”-ээр эрхэм гишүүний нэр хүнд рүү дайрсан бол ийм сүржин мэдэгдэл хийж болох юм. Гэтэл энэ нь УИХ-ын гишүүн Ц.Гарамжавт ёс зүйтэй байхыг сануулсан хэвлэлийн бага хурал байна. Зөвхөн энэ хүмүүс ч бус олон нийт ингэж л үзнэ.

Ер нь тэгээд УИХ-ын гишүүн Ц.Гарамжав сонгогдсоноосоо хойш хааяа хааяа иймэрхүү, хувийн бизнестэйгээ холбоотой асуудалд нэр холбогдоод байдаг нь нууц биш.

2016 оны өвөл, арванхоёрдугаар сард Хөгжлийн банкны зээлийн асуудал нь босч ирж байв. Арванхоёрдугаар сарын 23-ны УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаанаар Хөгжлийн банкны талаар авах арга хэмжээний тухай тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжсэн юм.  Тэр үеэр УИХ-ын гишүүн З.Нарантуяа “Хөгжлийн банкны эх үүсвэрийг нэг их наяд биш 500 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх саналтай байна. Энэ тооцоонуудыг хийж үзсэн. Өөрийн хөрөнгийг нь дутагдуулаад байгаа 17 компанийн асуудал байгаа юм. Үүний 6 нь төрийн, 11 нь хувийн компани байна. Хэрвээ энэ компаниуд зээлээ төлчихвөл бид сан байгуулж, нэг их наяд төгрөгийг гаргах шаардлагагүй юм. “Монполимет” компанийн Ц.Гарамжав захирал “би бол хугацаанд нь зээлээ төлөөд байгаа” гэж ярьсан. Харамсалтай нь ажлын хэсгийн дүгнэлт дээр зээлийн эргэн төлөлтийн хугацааг хойшлуулсан, хоёр удаа хугацаа сунгажээ. Зээлийн хорооны дүгнэлтгүй зээл авсан шүү. Судалгаагүй зээл олгосны төлөө Хөгжлийн банкны залуучууд шалгагдаж байгаа шүү. Судалгаагүй зээл авсны төлөө та бас хариуцлагаа хүлээгээд энэ зээлээ хугацаанд нь төлөх юм бол 111 тэрбум төгрөг чинь хорогдох гээд байна.  Харин УИХ-ын гишүүн Ц.Гарамжав “Хөгжлийн банкнаас цөөхөн аж ахуй нэгжүүдэд зээл олгосон. Үүний нэг нь миний удирдаж байсан “Монполимет” компани. Энэ компанийн авсан зээлийн эргэн төлөлт ямар байгааг мэдээлэх хэрэгтэй” гэхэд Хөгжлийн банкны захирал  Б.Батбаяр “Монполимет компанийн авсан зээл хугацаандаа төлөгдөөд явж байгаа гэсэн хариулт өгч байсан юм.

УИХ-ын гишүүн Ц.Гарамжав “Монполимет” ХХК нь Туул голын гольдролын дагуу алт ухаж байгаа гэсэн шүүмжлэлд ихэд эмзэглэж ханджээ. Мэдэгдэлдээ ““Дэлхийн Монгол” хэмээх Төрийн бус байгууллагын Бээжин, Алтангэрэл зэрэг хүмүүс Туул голыг уйлуулж байна, бохирдуулж байна хэмээн 15 минутын турш мэдээлэл хийхдээ Ц.Гарамжав гэдэг нэрийг  20-30 удаа илтэд гүтгэн доромжлохын тулд хэлж, УИХ-ын гишүүний нэр төрд халдлаа” гээд л…

Ц.Гарамжав гишүүний нэрийг дурдахгүй яах юм бэ. Энэ хүн 1992-2012 оны хооронд, бүхэл бүтэн 20 жил “Монполимет” ХХК-ийн ерөнхий захирлаар ажилласан байна. Үүнийхээ буянд 2012.02-2012.09 сард Эрдэс баялаг, эрчим хүчний яамны дэд сайдаар ажилласан. Бас 2009 онд Аж үйлдвэрийн гавьяат ажилтан, 2003 онд Монгол Улсын Уул Уурхайн Тэргүүний Ажилтан болсон байгаа юм.

Үүнээс гадна УИХ-ын гишүүн Ц.Гарамжав АТГ-т 2017 оны хөрөнгө орлогоо мэдүүлэхдээ “Монполимет” ХХК-ийн 25 хувь буюу 100000 ширхэг хувьцааг эзэмшдэг гэсэн байна.

Эдгээрийн учир УИХ-ын гишүүн Ц.Гарамжавыг “Монполимет” компаниас,  “Монполимет” компанийг УИХ-ын гишүүн Ц.Гарамжаваас салгаж ойлгох аргагүй юм. Эцэст нь УИХ-ын гишүүн Ц.Гарамжав “Монполимет” ХХК-ийг эзэмшдэг, “Монполимет” нь Туул голоос алт олборлодог нь үнэн болж таараад байна. Нөгөөтэйгүүр Их хурлын индэр бол өмчөө хамгаалдаг талбар биш гэдгийг эрхэм гишүүн санах хэрэгтэй юм шиг байна.

 

Эх сурвалж: news1.mn Д.Бат-Очир

SHARE