Хотын мээр Су.Батболд Ерөнхий сайд Ц.Жигжиджавын байшин дээр байшин бариулж байна гэв үү?!

Чингэлтэй дүүргийн I хорооны нутаг, Хангарьд ордны хойно, МОНЦАМЭ агентлагийн зүүн талд Монгол Улсын найм дахь Ерөнхий сайд Ц.Жигжиджавын амьдарч байсан байшин байдаг. Цэнгэлтийн Жигжиджав бол Монгол Улсын найм дахь Ерөнхий сайд юм. 1928-1930 онд Монголын харилцан туслалцах хоршооны нягтлан бодогч, даргаар ажиллаж байсан. 1930 оны 4 сарын 27-нд Монгол улсын ерөнхий сайдаар томилогдсон. 1932-1933 онд Худалдаа зам тээвэр, харилцан нэвтрэлцэх яамны сайдаар ажиллаж байсан. Тэрээр 1894 оноос Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байгаад 1933 оны тавдугаар сарын 2-нд  гэртээ буу алдаж учир битүүлгээр нас барсан гэж түүхэнд тэмдэглэсэн байдаг юм.

Улаанбаатар хотын үе үеийн удирдлагууд хэвээр нь үлдээгээд ирсэн эд л дээ. Учир нь энэ бол Улаанбаатар хотод маань үлдсэн түүхийн дурсгалт хэдхэн байшингийн нэг юм.

Тэгвэл өнгөрсөн жилээс эхлээд энэ байшин дээр байшин барихаар бэлтгэл ажилдаа ороод байгаа юм. Тухайн үед Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын архитекторч Г.Лхамноржин “Энэ барилга Нийслэлийн өмчийн харилцааны газрын балансад бүртгэлтэй. Монголын нутгийн удирдлагын холбоо ТББ түрээсээр эзэмшдэг. Мөн НИТХ-ийн 2007 оны аравдугаар сарын 24-ний өдрийн 197 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэл, дүүрэг, аж ахуй нэгж, байгууллагын хамгаалалтад байх түүх соёлын дурсгалт зүйлийн жагсаалт”, Монгол Улсын Засгийн газрын 2008 оны тавдугаар сарын 14-ний өдрийн 175 дугаар тогтоолоор батлагдсан “Түүх соёлын үл хөддөх дурсгалын жагсаалт”, нийслэлийн Засаг даргын 2008 оны наймдугаар сарын 4-ний өдрийн 257 дугаар захирамжаар батлагдсан “Түүх соёлын үл хөдлөх дурсгалт газар, барилга байшин, хөшөө дурсгалын нэрийн жагсаалт”-д тус тус бүртгэгдээгүй гэсэн хариу ирсэн.
Нийслэлийн Өмчийн харилцааны газраас ч гэсэн Ерөнхий сайд асан Ц.Жигжиджавын амьдарч байсан байшингийн хийц загварт нь өөрчлөлт оруулахгүйгээр газрыг нь ашиглан дээш өндөрсгөх зөвшөөрөл олгоно уу шэсэн хүсэлтийг ирүүлсэн байгаа. Улмаар журмын дагуу зөвлөлийн хурлаар хэлэлцэж, дэмжсэн юм.
Тиймээс тус газрыг Нийслэлийн өмчийн харилцааны газар конторын зориулалтаар ашиглана. Одоо байгаа барилгыг дөрвөн давхар болгоно. Манайхаар загвараа батлуулаад, төлөвлөлтийн даалгавраа авсан. Харин зөвшөөрлийг Барилга,    байгууламжийн хяналтын хэлтсээс олгодог.
Гадны орны жишгийг харж байхад, хуучны түүхэн барилгыг тусгайлсан байгууламжид оруулж, хамгаалсан байдаг юм. Хэн ч ашиглахгүй, хамгаалахгүй бол модон хийцийн барилга өмхөрч, ялзраад дуусна. Тэр утгаар, арчлалт, хамгаалалт хийе гэж байгаа нь угтаа зөв. ОХУ, Франц зэрэг орнууд хуучин түүхэн барилгаа сүүлийн үеийн шилэн хийц бүхий байгууламж дотор хамгаалсан байдаг юм билээ. Гаднаас нь харахад, өвөрмөц загвартай, орчин үеийн байшин. Дотор нь ороход яг л хуучин хэвээрээ байх жишээтэйу гэж тайлбарласан байдаг юм.

Тэгвэл Улаанбаатар иргэдийн форум ТББ-ын хэлэлцүүлгийн үеэр Ерөнхий сайд Ц.Жигжиджавын амьдарч байсан байшин дээр нэг аймгийн Нутгийн зөвлөл байшин бариулж байгаа гэнэ. Тэр Нутгийн зөвлөлийнх нь ТУЗ-ийн дарга нь өнөөдрийн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Су.Батболд гэсэн мэдээлэл гарч ирэв. Тиймээс Су.Батболд даргаас www.news1.mn “Ерөнхий сайд асан Ц.Жигжиджавын амьдарч байсан байшин дээр байшин барихыг зөвшөөрсөн шийдвэр, тогтоол, зөвшөөрөл өгсөн эрх дархтануудын гарын үсэг, газрын эзэмшлийн гэрчилгээ, барилгын санхүүжилт, захиалагч, гүйцэтгэгч гээд бүх мэдээллийг ил болгоно уу” гэж асууя!

Эх сурвалж: www.news1.mn Н.Маргад

SHARE