Триатлоны УАШТ энэ амралтын өдрүүдэд болно

Монгол Улсад шинэ тулгар хөгжиж байгаа триатлоны спортыг олон нийтэд сурталчлах, “Жакарта-Палембанг-2018” Азийн зуны спортын XVIII наадамд оролцох шигшээ багийг сонгон шалгаруулах зорилготой Триатлоны улсын аварга шалгаруулах тэмцээн энэ амралтын өдрүүдэд Архангай аймгийн Өгийнуур сумын Өгий нуурт болох юм байна.

Монголын Триатлоны холбооноос зохион байгуулж буй тус тэмцээнийг эрэгтэй элит, эмэгтэй элит, хөвгүүд, сонирхогчид гэсэн ангиллаар зохион байгуулж, ангилал тус бүрт эхний гурван байр шалгаруулахаар болжээ.

Триатлон  нь 2000 онд Сидней хотод зохиогдсон олимпоос хойш зуны олимпийн спортын төрөлд багтжээ. Триатлоны спорт харьцангуй шинэ төрөл боловч дэлхийн өнцөг булан бүрт жигд хурдацтай хөгжиж байгаа аж. Ерөнхийдөө усанд сэлэх, дугуй, гүйлтийг нэгтгэсэн төрөл бөгөөд гурван спортыг завсарлагагүйгээр (нэгийг дуусаад нөгөөг эхлэх маягаар) гүйцэтгэдгээрээ онцлогтой юм байна.

Эх сурвалж: Erennews.mn

SHARE