УИХ ээлжит бусаар хуралдаж 60 тэрбумын болоод АТГ-т дарагдсан дуулиант хэргүүдийг нийтэд ил болгоно

Нэр бүхий 19 гишүүн 60 тэрбумын асуудлаар Нээлттэй сонсгол зохион байгуулахаар УИХ-ын даргад өргөн бариад бүтээгүй.

Тэгвэл тэд УИХ-ын ээлжит бус чуулганыг хуралдуулахаар гарын үсгээ цуглуулж эхэлсэн байна. Хуулиараа 25 гишүүн гарын үсэг зурахад Ээлжит бус чуулган хуралдах учиртай. Тиймээс эрхэм гишүүд тун удахгүй эргэж цуглах болж байгаа юм.

Түүнчлэн энэхүү Ээлжит бус чуулганаар 60 тэрбумын асуудлаас гадна АТГ-т дарагдаастай байгаа дуулиант хэргүүдийн талаар мэдээлэл сонсч, олон нийтэд ил болгохыг гишүүд хүсч байгаа ажээ. Үүнд өмнөх Ерөнхий сайдуудын нэр холбогдсон Оюутолгой, Эрдэнэт, мөн Бондын хэрэг зэрэг сураг нь алдарсан хэргүүд багтаж байна. Ингэснээр Монголын улс төрд олон жил хаанчилсан МАНАН бүлэглэлийг “сарниулна” гэж тэд үзэж байгаа юм байна.

Ер нь бол УИХ-ын гишүүн Х.Болорчулуунаас эхлээд олон гишүүн С.Баяр, Ч.Сайханбилэг, С.Баярцогт нарыг яагаад сулласан бэ. Тэдэнтэй холбогдох хэрэг юу болоод сураг алдарчихав. АТГ-ын дарга гэмт хэрэгт холбогдсон этгээдийг өрөөндөө дуудаж хооллодог хууль хаана байна вэ зэрэг жижиг юм шиг атлаа хуулиас гадуур, учир битүүлэг явдлуудыг ил болгох сонирхолтой байгаа аж.

Харин Ээлжит бус чуулганыг хуралдуулахгүй байх сонирхол УИХ-ын гишүүдийн заримд байхыг үгүйсгэхгүй. Учир нь УИХ-ын даргын нэр холбогдсон 60 тэрбумын асуудлаас гадна нэр бүхий таван гишүүнд холбогдох хэрэг АТГ-т дарагдаастай байгаа гэх мэдээлэл бий. Тэд бүхий л аргаар хаалт хийж таарна гэсэн үг.

Гэхдээ тэдний хэн нь дийлэхийг цаг хугацаа харуулах биз ээ. Өнөөгийн УИХ-ын гишүүдийн нэг хэсэг нь хуульд, нөгөө хэсэг нь МАНАН-д найддаг гэсэн яриа хүртэл олны дунд гараад удаж байгааг энд дурдъя.

Эх сурвалж: www.news1.mn Д.Бат-Очир

 

SHARE