Ерөнхийлөгч Х.Баттулга ШЕЗ-ийн 25 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүлэв

Монгол Улсын Шүүхийн Ерөнхий зөвлөл /ШЕЗ/-ийн 25 жилийн ойд зориулсан “Шүүхийн захиргааны хөгжлийн чиг хандлага: Чиг үүрэг ба загвар” сэдэвт олон улсын онол-практикийн бага хурал өнөөдөр боллоо. Олон улсын онол-практикийн бага хуралд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хүрэлцэн очиж шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудад мэндчилгээ дэвшүүлэн, үг хэлэв.


Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга:

“Эрхэм шүүгчид, шүүхийн захиргааны ажилтнууд аа,

Ахмад шүүхчид ээ,

Хүндэт зочид оо,

Юуны өмнө Та бүхэнд Шүүхийн ерөнхий зөвлөл байгуулагдсаны 25 жилийн ойн мэндийг дэвшүүлж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Монгол Улсын Үндсэн хуулиар шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах үүрэг хүлээсэн Шүүхийн ерөнхий зөвлөл байгуулагдан ажилласан 25 жилийн хугацаандаа дэлхий нийтэд түгээмэл хэрэглэгддэг шүүхийн захиргааны хоёр загварыг туршиж, тэдгээрийн алдаа, онооноос сургамж авсны үндсэн дээр бие даасан шүүхийн захиргааны загварыг хэрэгжүүлж эхлэснээс хойш 5 жил өнгөрчээ.

Ардчилсан нийгмийн үнэт зүйлсийн тулгуур нь болсон хүний эрх, эрх чөлөөг баталгаажуулах үндсэн хэрэгсэл бол шударга шүүх юм. Монгол Улсад шүүхийн нээлттэй, ил тод байдал, шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг бэхжүүлэх болон иргэдийн шударга шүүхээр шүүлгэх эрхийг хангахад шүүх, шүүхийн захиргааны байгууллагын хийх ажил дэндүү их байна.

Шүүх эрх мэдэл нь хараат бус, хариуцлагатай, шударга улс оронд л иргэд амар тайван, эрх чөлөөтэй, сэтгэл хангалуун аж төрдөг. Шүүх эрх мэдлийг шударга ёсонд нийцүүлэн хэрэгжүүлэхийн төлөө шүүхийн захиргааны байгууллага хүний эрхийг дээдэлж, өндөр хариуцлага, ёс зүйтэйгээр бие даан ажиллах ёстой.

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс 25 жилийн ойгоо ажил хэрэгчээр зохион байгуулж хуримтлуулсан туршлага, алдаа оноогоо хэлэлцэн, олон улсын туршлагаас судалж, ирээдүйн чиг хандлага, бодлого зорилтоо тодорхойлох онол – практикийн бага хурал зохион байгуулж байгаад би тун баяртай байна. Туулсан замаа дүгнэж цэгнэх нь ирээдүйн алдаанаас зайлсхийх шалгарсан арга юм. Өнөөдөр монголын ард түмэн шүүх болон шүүгчдээс шударга ёс, тэгш ялгаварлалгүй хандлагыг юу юунаас ч ихээр хүсэж, шаардаж байгаа. Ард түмнийхээ шаардлагад тэнцэж, өндөр ёс зүйтэй ажиллах, гагцхүү хуульд захирагдах тийм шударга шүүгчийг шалгаруулж, сургаж, дадлагажуулах нь Шүүхийн Ерөнхий зөвлөлийн мөнхийн зорилт байх болно.

Шүүх, шүүхийн захиргааны байгууллагын нийт ажилтан, албан хаагч Та бүхэнд дахин баяр хүргэе.

Шударга ёс цэцэглэн, сайн үйлс дэлгэртүгэй!” гэлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын үг хэлж буй бусад зургийг эндээс татаж авна уу.

хуваалцах